Саудын Арабын шүүх сэтгүүлчийн аллагатай холбоотой таван хүнд цаазын ял оноожээ

156

 

Саудын Арабын шүүх сэтгүүлчийн аллагатай холбоотой таван хүнд цаазын ял оноожээ

 

Даваа гарагт Саудын Арабын шүүх сэтгүүлч Жамал Хашоггийн аллагатай холбоотой таван хүнд цаазын ял, гурван хүнд олон жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ. Саудын Арабын эрх баригчдыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлчийн амийг өнгөрсөн оны аравдугаар сард Туркийн Истанбул хот дахь тус улсын консулын газарт хөнөөсөн юм.

Прокурорууд нийт 11 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаснаас гурван хүнийг буруугүй гэж дүгнэжээ. Шүүхийн дүгнэлтэд Хашоггийн аллагыг урьдчилан төлөвлөөгүй, тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэлтэй гэнэтийн үйлдэл байсан гэж тайлбарласан байна.

2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Саудын Арабын консулын газарт бичиг баримт хөөцөлдөхөөр очсон Жамал Хашогги буцаж гарч ирээгүй юм. Түүний цогцсыг мөчилж, консулын байрнаас гаргаж устгасан гэж үздэг бөгөөд одоо болтол олдоогүй ажээ.

Сэтгүүлчийн аллагыг дэлхий нийтээр шүүмжилж, Саудын Арабын эрх баригчдын нэр хүндийг нэлээд унагасан юм. Өрнөдийн орнууд уг аллагыг Саудын угсаа залгамжлах ханхүү, тус улсын дефакто удирдагч Мохаммед Бин Салман захиалсан гэж үздэг.

НҮБ-ын хуулиас гадуур цаазын асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Агнес Калламард энэхүү шүүхийн шийдвэрийг жинхэнэ гэмт этгээдийг нуун далдлах гэсэн оролдлого гэж шүүмжилжээ. "Алуурчдыг буруутгаж, цаазын ял оноолоо. Захиалагчийг нь огт мөрдөж, шалгалгүй орхисон нь харамсалтай” гэж тэр твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

Хоёрдугаар сард НҮБ-ын гаргасан шалгалтын тайланд Хашоггийн аллагыг Саудын Арабын албаныхан урьдаас төлөвлөж, гүйцэтгэсэн гэж дүгнэсэн юм. Нутаг дэвсгэрт нь уг гэмт хэрэг гарсан Турк улсын засгийн газар шүүхийн шийдвэрийг шударга бус гэж дүгнээд Саудын Арабын эрх баригчдад хандан шүүхийн системээ сайжруулахыг уриалжээ.

Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллага хаалттай хаалганы цаана болсон шүүх хурлын шийдвэрийг шүүмжилж, Саудын Арабын эрх баригчдыг аллагаас нэрээ цэвэрлэх алхам хийлээ гэж буруутгасан байна.

Эх сурвалж: Reuters, ikon.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.