Д.Жаргалсайхан: Хариуцлагад хүлэгдсэн он жилүүдийг туулж дээ, гэхдээ буцах зам байхгүй

488

“Чингис хаан” хамтлагийн дуучин, МУГЖ Д.Жаргалсайханыг зочин хоймортоо урьж ярилцлаа. Түүний нэрийг дурдах төдийд л “Нууцхан хайр”, “Шувууд нутаг буцаагүй”, “Тамирчны алдар”, “Эрхүүгийн хавар” зэрэг дуу нь сэтгэлд тань эгшиглэж буй биз ээ.
Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлийн олз омог арвин уу?
-Танай сонины нийт унчшигчдад ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Өдийд манай хамтлагийн хувьд ид завгүй байдаг үе л дээ. Тоглолтоос тоглолтын хооронд гүйсээр 12 дугаар сар өнгөрч оны босгон дээр тулчихдаг.
Урлагийнхан маань нэг газраа удаан тогтдоггүй онцлогтой юм шиг. Байсхийгээд л энд тэнд аялан тоглолт хийж яваа сураг дуулдана. Таныг ч тэр чанараараа байлдан дагуулдаг гэлцэх юм ...
-Машин, онгоц, галт тэргээр нэгээс нөгөө рүү аян хийсээр залуу нас минь өнгөрчээ. Ер нь амьдралын минь тэн хагасаас илүү нь тэгж л явж ирсэн. Нэг газраа удаан тогтож чаддаггүй хүн гэвэл тэр нь яг би.
Бас урлагт зүрх, сэтгэлээ зориулж хоолоо олж иддэг хүмүүсийн нэг нь би. Гол нь үүндээ туйлын сэтгэл хангалуун байдаг. Монголчууд урлагийг бие сэтгэлээрээ мэдэрч, түүндээ хөглөгддөг ард түмэн. 
Тиймдээ ч урлагийнхандаа үнэн голоосоо хайртай. Хилийн дээс алхах бүртээ элэг нэгтнүүдээсээ нэг тийм дулаан зүйлийг мэдэрдэг. Тоглолт бүрийг тэдний хүсэл эрмэлзэл, Монголоо гэсэн чин сэтгэл хүч оруулдаг юм шиг санагддаг.
Үеийн нөхдөө манлайлж хугацаат цэргийн албанаас ахлах түрүүч цолтой халагдсан таны хувьд сонин сайхан түүх хуучлах байх ...
-Цэргийн албыг дан ганц бахархал, сэтгэл хөөрлөөр төсөөлөхгүй. Цэргийн эрдэмд боловсрох гэж мундаг "сургууль" бий. Бас олон хүний зан чанарыг таньж мэднэ. Надад цэргийн амьдрал “Чи бол олны л нэг“ гэдэг ойлголтыг хамгийн түрүүнд өгсөн. Олны нэг байж чадна гэдэг, түүнийгээ ухаарна гэдэг сайхан. Тушаал ирвэл нөхөдтэйгөө юу ч бодохгүй, мөр мөрөө түшилцэн гал, ус руу ороход ч бэлэн үе. Сэтгэл санаа цэргийн албанд ийнхүү бэлтгэгдэн цэнэглэгддэг юм билээ. Хамгийн энгийнээр бол эх орны төлөө шаардлагатай үед нь хэрэгтэй газар нь байх иргэний үүрэг гэж цэргийн албыг би ойлгодог. 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Тавантолгой дахь цэргийн дамжингаас бүхээгтэй ногоонд ачигдан 1000 цэргийн карантин дээр ирж байсан аадар ширүүн бороотой шөнийг би яаж мартах вэ. Биднийг угтаж авсан бага дарга, цэргүүд бүгд майхан ногоон цув өмссөн нь тэрхүү усархаг бороотой шөнийг бүр ч сүртэй харагдуулж байсан сан. Ингэж “Соёл эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Д.Жаргалсайхан цэрэгт очсон юм. Цэрэгт ирсэн анхны шөнөөс эхлэн сонирхож, сонжиж харах олноор хүрээлүүлсэн. Намайг ямар цэрэг болсныг харах гэж дуг нойрондоо дугжирч байсан бага дарга, офицерууд хүртэл ирсэн байж билээ.
Хугацаат цэргийн албанаас шууд л ногоон гэрлээр “Оч” хамтлагийн бүрэлдэхүүнд багтсан гэдэг юм билээ ...
-Би чинь 1000 цэргийн карантинд долоо ч хонолгүй анги руу буюу “Оч“ хамтлагийн бүрэлдэхүүнд дуудагдан орсон хүн шүү дээ. Наадмын концертын бэлтгэл, дараа нь дивизийн 60 жилийн ойн концерт гээд их ажил ар араасаа ундарсан. Манай "онжав"-ууд 1000 цэргийн карантинд 45 хоног болчихоод божийсон бор нөхдүүд ангидаа ирэхэд, би аль хэдийнээ хуучин цэрэг болчихсон, тайзан дээр парад хувцастай дуулж байлаа шүү дээ.
Өндөр босготой урлагийн тогоонд чанагдсан хүний хувьд магтаал, зэмлэлийн аль алийг нь олонтоо сонссон байх. Таныг гонсойлгож эсвэл уран бүтээлд тань ташуур өгөхүйц үнэ цэнтэй үгийг хэн хэлж байсан бэ?
-“Төрсөн өдрийн халуун мэндийг” цааш нь үргэлжлүүлээрэй, их сонин түүх ярьж өгье.
Төө зайгүй чамдаа хүргэе гэдэг байх аа. Энэ дуу төрсөн түүхийг сөхөх гэж байна уу?
-“Төрсөн өдрийн дуу”-г зохиосны дараахан 1981 онд Соёлын яамны уран сайхны зөвлөлөөр ор гэлээ. Миний дууг хэлэлцүүлэх юм гэнэ. Яваад ортол “Төө зайгүй найзууд гэж ор дэрний асуудалтай хүмүүсийг хэлээд байгаа юм биш үү?” гээд цээжин дээрээ гараараа төөлж үзүүлэн, хурцаар шүүмжилсэн яамны дунд зэргийн түшмэлийн үг санаанаас ердөө гардаггүй юм. Бас нэг нөхөр түүнийг дэмжин “Төрсөн өдрийн дуу байхгүй гээд орчлон хорвоо хоосорчихгүй ээ. Энэ хувийн шинж чанартай дуу хэрэг байна уу” хэмээн дайран дээр давс нэмсэн нь мөн мартагддаггүй. Гэвч эдгээр хорон гэмээр шүүмж намайг харин ч хурцалж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч С.Гончигсумлаа дуу, хөгжимд мэдрэмжтэй хүн тулдаа “Манай залуучуудад төрсөн өдрийн дуу яагаад байж болохгүй гэж, сайхан л дуу байна шүү дээ” гэж хэлсэн ганц өгүүлбэр дууны минь хувь заяаг эерэг тал руу шийдэж билээ. Зэмлэл, шүүмжлэл хэзээ ч мартагддаггүй. Харин хоосон магтаалын үгс төдхөн ор үгүй болдгийг өнгөрсөн он жилүүдэд би олон зүйл дээр анзаарсан юм.
Таны хүүхэд насны үед нийтийн биеийн тамир идэвхтэй хөгжиж байсан. Дуулахаас өөр спортын ямар авьяастай хүүхэд байсан бэ?
-Би хөл бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй, багын л энэ спортод их сонирхолтой хүүхэд байлаа. Одоо ч хорхойсдог.
Таны аав уран барималчаас гадна харснаа алдахгүй авладаг анчин хүн байсан гэсэн. Манай сонины уншигчдад аавыгаа товчхон танилцуулахгүй юу?
-Миний аав Чимидийн Дашзэвэг нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт уран барималч, зураач хүн байлаа. Мөн Монголын ангийн нийгэмлэгийн ахмад гишүүн, ганзага хоосон ирж үзээгүй улсын сайн анчин байсан юм. 1960-аад оны үед гадаадад гаргаж ганц доллар олдог зүйл нь буга, зэрлэг гахайн хөлдөөж гулуузалсан мах байсан юм билээ. Европын улсууд руу вагон вагоноор гаргадаг байж.
Аав маань БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор, БНМАУ-ын Гавьяат жүжигчин Л.Лувсан нартай ангийн нэг бригад болон Хан Хэнтий, Минжийн хангайн уулсын нутгаар олон жил улсын ангийн мах бэлтгэлд явж, олон зуун мянган долларын ажил хийж өгсөн буянтан. 1960-аад оноос эхлэн өөрийн гаргасан эх загвараар эрэлхэг хилчин, БНМАУ-ын баатар Б.Тэгшээгийн гэрэлт хөшөөг Ховд аймгийн Зэрэг суманд сүндэрлүүлж байсан түүхтэй.
Мөн эрэлхэг хилчин, БНМАУ-ын баатар Хоролын Дамбын хөшөөг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд, эрэлхэг хилчин, БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны гэрэлт хөшөөг Увс аймгийн төв Улаангом хотод, эрэлхэг хилчин, БНМАУ-ын баатар Л.Даваадоржийн сүрлэг хөшөөг Хөвсгөл аймгийн төвд, эрэлхэг хилчин, БНМАУ-ын баатар С.Лхагвадоржийн морьт хөшөөг Булган аймгийн төвд гэх мэт олон хөшөөг босгосон алдартан юм шүү дээ. Би ааваараа бахархаж амьдардаг.
Эр цэрэг гэсэн ойлголт шууд л эх орон гэдэг үгтэй холбогддог. Нэг гэрийн хоёр багана шиг л ялгаж салгах аргагүй зүйл шиг санагддаг юм. Энэ талаар таны бодол ...
-Дэггүй насныхаа дурсамжийг сөхөхөд, эдгээр баатруудын хөшөөг босгох, эх загварыг нь гаргах гэж аав гэртээ жинхэнэ буу, сэлэм, дуран зэргийг авчирч, нарийн хэмжилт хийж дүрсэлдэг байсан. Тэдгээрийг би юу гэж зүгээр хараад сууж байх вэ. Би тоглоомон буугаар биш жинхэнэ буу атгаж, замаг гохтой нь зууралдаж өссөн хүүхэд. Тэгээд ч улсын анчин аав маань хувийн хэд хэдэн буутай байсан юм. Жинхэнэ буугаар байлдаж тоглох биш харин барьж, мэдэрч үзсэнээр ийм зэвсгээр эх орноо хамгаалдаг юм байна гэж ойлгосон. Дурангаар нь харж эх орноо гаднын халдлагаас сэргийлж, сэлэм атган толгой дээрээ эргүүлж, морин дээр "Ура, ура" хэмээн хашхиран дайсныг үлдэн хөөдөг байж хэмээн төсөөлж, мэдэрч өссөн. Эх орон, эр цэрэг угтаа нэг бүхэл гэсэн үг.
Аавынхаа ямар авьяасыг та өвлөж авсан гэж боддог вэ?
-Өөрийгөө монголын орчин цагийн сэхээтэн, урлагийн гэр бүлд мэндэлсэн гэж боддог. Бас түүгээрээ их бахархдаг. Ээж маань Хөгжим бүжгийн коллежид багшилдаг Г.Бадам гэж хүн байлаа. Мөн л гавьяат цолтой. Үзэгч олон надаас бага ч атугай авьяас олж харсан бол тэр нь аав, ээжийн минь надад өгсөн бэлэг. Намайг бага байхад манайхаар дуучид, хөгжимчид, зураач, барималчид байнга орж гардаг байлаа. Тухайн үед барималчид бусдыгаа бодвол цалин арай илүү авдаг байсан байх. Нэг хөшөө босгочихоод гэртээ цайллага хийж найзуудаа урьдаг уламжлалтай. Их сонин содон зочид ирдэг байлаа шүү дээ.
Тухайн үед Ленинградын оюутан зориг гаргаж, том толгойлоогүй бол урлагийн гал тогоонд, энэ салбарт тоглогч биш харин сайн хөгжөөн дэмжигч болох байсан болов уу?
-Би гэдэг хүн уг нь Ленинградад Барилга архитектурын дээд сургуульд сурч байсан юм. Гэхдээ тэр мэргэжлийг сонирхоогүйн дээр урлагт л гүн дурласан байлаа. Сургуулиа төгсчих л юм бол барилгачин болчих гээд байдаг, тун хэцүү. Тэгээд хоёрдугаар курсэд байхдаа аавынхаа найз Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин агсан Г.Хайдав агсан руу захидал бичсэн юм. “Энэ сургуульд сурах хүсэл алга. Би урлагаар л хоолоо олж идмээр байна” гээд л үнэнээ биччихсэн. Хөгжмийн зохиолчдын холбооны дарга байсан С.Гончигсумлаа гуай руу ч бас. Энэ хоёр хүний юу гэж хэлэх нь их сонин байлаа. Нааштай хариу ирвэл аавд хэл хүргэх гээд тэр шүү дээ. Тэгтэл сар орчмын дараа хариу ирж, “Үнэхээр сэтгэл зүрх чинь урлаг руу зүтгэж байгаа бол тэрийгээ дага. Бид ч гэсэн өөр мэргэжилтэй байсан. Болохгүй бол хүрээд ир” гэж намайг дэмжсэн. С.Гончигсумлаа гуай малын эмч, Г.Хайдав ах хэвлэлийн чиглэлийн мэргэжилтэй байсан юм билээ. Тэр захиаг аваад л нутаг буцсан даа.
Та Хэнтий нутгийн ууган хүү. Тэр ч утгаараа хамтлагаа “Чингис хаан” гэж нэрлэсэн үү?
-Солонгост тоглолт зохион байгуулах хүн урилга явуулахдаа “Чингисийн баатрууд” хамтлаг гээд биччихсэн байсан. “Чингис хаан” гэдэг дуу дуулдаг байсан болохоос биш, хамтлагийн нэр байгаагүй. Гэхдээ тэр дуу маань олон улсын олон ч уралдаанаас цом, мөнгөн шагнал хүртэж, байр эзэлдэг байлаа. 5000 ам.доллар гэдэг чинь тухайн үед их мөнгө шүү дээ. “Чингис хаан” дууг зохиосны дараа Ж.Бадраа гуай “Дүү минь, чи овоо уран бүтээл хийжээ. Монгол залуусын үндэсний бахархлыг улам дүрэлзүүлээрэй” гээд баяр хүргэж байлаа. Хэзээ ч мартахгүй. Нэг л мэдэхэд энэ дуу маань хамтлагийн нэр болсон нь ийм учиртай. Үнэндээ эргээд харахад хамтлагтаа маш том нэр өгч, тэр хэрээрээ их үүрэг хариуцлага үүрч явжээ. Хариуцлагад хүлэгдсэн он жилүүдийг туулж дээ. Гэхдээ буцах зам байхгүй.
Пионерын үнэн сонинд нууц нэрээр шүлгээ хэвлүүлдэг байсан нь ямар шалтгаантай вэ?
-Жигтэйхэн ичдэг байж билээ. Тэгээд л өөр хүний нэрээр шүлгээ хэвлүүлдэг байсан юм. Тэгсэн хэрнээ сонинд хэвлэгдэж үү, үгүй юү гээд л хүлээдэг байсныг яана. Анхны шүлэг маань “Тагтаа” бил үү, юу билээ. Нэг тийм шүлэг байсан шиг санагдана. Сүүлд “Залуучуудын үнэн” сонинд “Хөшигний цаана” гээд булан хөтөлдөг байлаа. Дэлхийн рок поп хөгжмийн тухай л даа. “Нисванис”-ын Л.Энх-Амгалан дүү маань “Би тэр сонины хайчилбарыг цуглуулдаг байсан. Тэрийг уншиж л мэдээлэл авдаг байлаа” гэж нэг удаа дурсамж сөхөж билээ.
Таны хүү Ж.Замилан 1990-ээд оны эхээр “Сүнс” хамтлагийг анх байгуулсан. Харин одоо тус хамтлаг уран бүтээлээс огцом хөндийрсөн. Юу болсон талаар тодруулахгүй юу?
-“Сүнс” хамтлаг Эрдэнэтээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн шүү дээ. Хүүг маань уран бүтээлээ хийхээр хотод ирэхэд хөдөөгийн хамтлаг гэж гадуурхдаг л байсан. Анхны дуунуудаа бичүүлэхэд нь хөгжмийг нь манай хамтлагийн хөгжимчид тоглож байлаа. Хүүгээ дэмждэг байсан. Хүүхдийнхээ хувийн амьдрал, дотоод ертөнцөд халдах их дургүй. Ж.Тэнгэр хүү маань ч Хөгжим бүжгийн коллежид 12 жил хийл хөгжмөөр сурчихаад гэнэтхэн л олон улсын харилцаагаар сурна гээд Польш улс руу явсан. Тэгэхэд би юу ч хэлээгүй. Хүүхдийнхээ алхах гишгэх болгоныг заах утгагүй. Би тийм аав биш. Өөрсдийнхөө л сонгосон замаар яваг. Би өөрөө тэгж өссөн болохоор л тэр байх.
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
Ц.Энх-Оргил
Эх сурвалж: "Соёмбо" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>