​Туркууд дотооддоо зуун хувь үйлдвэрлэсэн анхны автомашинаа танилцууллаа

628

Турк улс шинэ оны босгон дээр өөрсдөө зуун хувь дотооддоо үйлдвэрлэсэн анхны “TOGG” автомашиныг өнгөрөгч баасан гаригт танилцуулсан юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр тус улс 13 жил үргэлжилж, жил бүр 175000 цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэх энэхүү төсөлд нийт 3.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Уг төсөл нь Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган болон түүний тэргүүлдэг, эрх баригч “AK” намын хувьд улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, хүчирхэгжилтийг харуулах урт хугацааны зорилго байсаар ирсэн юм. Тэрээр уг автомашиныг танилцуулах арга хэмжээний үеэр цаашид уг автамашиныг зөвхөн дотооддоо худалдаалаад зогсохгүй Европын зах зээлд гаргах ажилд эрчимтай анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдээд “Бид Турк улсын 60 жилийн мөрөөдөл өнөөдөр биеллээ олж байгааг хамтдаа гэрчилж байна. Гэсэн ч энэ машин дэлхийн өнцөг булан бүрд, улс орон болгоны замын хөдөлгөөнд оролцож байгааг харах үед бид жинхэнэ зорилгодоо хүрэх юм” гэжээ. Мөн тэрээр улс даяар цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийн асуудлыг 2022 он гэхэд бүрэн шийдвэрлэхээ мэдэгдсэн.
Тус улс нь “Ford”, “Fiat”, “Chrysler”, “Renault”, “Toyota” болон “Hyundai” зэрэг томоохон компаниудын автомашиныг дотооддоо үйлдвэрлэж Европын зах зээлд гаргадаг томоохон экспортлогч орон юм. Засгийн газрын зүгээс зуун хувь дотоодын “TOGG” автомашины борлуулалтыг дэмжих үүднээс ирэх аравдугаар сараас эхлэн татварын бодлого хэрэгжүүлэх замаар төрийн дэмжлэг үзүүлэх аж. Мөн 2035 он гэхэд Туркийн Засгийн газар төрийн болон цагдаа, эмнэлгийн хэрэгцээнд 30000 ширхэг “TOGG” автомашин худалдан авах ажлыг баталгаатай болгожээ.
Туркийн Ерөнхийлөгч  Реджеп Тайеп Эрдоган 2017 онд дотоодын автомашинтай болох санаагаа анх танилцуулсан байдаг. Тэгвэл 2018 онд тус улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэл эрхлэгч “Anadolu Group”,  автомашин үйлдвэрлэгч “BMC”, эрчим хүч, барилга, автомашин үйлдвэрлэл, технологийн “Kok Group”, эрчим хүч, нэхмэл эдлэл, хэвлэл, цахилгаан бараа үйлдвэрлэгч “Zorlu Holding” болон харилцаа холбооны “Turkcell” гэх таван том компани нэгдэж Turkey’s Automobile Initiative Group буюу “TOGG”-ыг үүсгэн байгуулсан байна. “TOGG” компанийн гүйцэтгэх захирлаар Германы “Bosch” компанийн гүйцэтгэх захирал асан Гуржан Каракас, үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар “General Motors”-ын гүйцэтгэх захирал асан Сэрхио Роча нар ажиллаж байгаа аж. Тэд 2022 оноос эхлэн хэрэглэгчдийн гарт жолоодоход тухтай, хамгийн гол нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан “SUV” загварын “TOGG” автомашинуудыг хүлээлгэн өгнө гэж амлажээ.
О.Мөнхбат
Эх сурвалж: Reuters

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>