УИХ-ын Сонгуулийн “газрын зураг”
УИХ-ын ээлжит сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. Эрх баригч нам өөрсдийн тоглоомын дүрэм буюу хүссэн хувилбараа хуульд тусгаад баталчихсан. Тэд энэ удаа 2008, 2012 оны сонгуулийн хувилбар буюу 26 тойрогтой, томсгосон можаритар тогтолцоог сонгосон билээ. Одоо ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө аймаг, дүүргүүдэд хэдэн мандаттай байхыг УИХ-аар хэлэлцэн батлах хуулийн заалттай. Тиймээс МАН дотор нэр дэвшигчдийг дагасан мандат хуваарилалт ид яригдаж байна.
Мандат хуваарилахтай зэрэгцэн МАН-аас нэр дэвшигчдийн зарим нэрс тодорч эхлээд байна. Зарчмын хувьд мандатаа баталчихаад дараа нь нэр дэвшигчдээ тодруулна. Харин МАН зарим хүмүүст тусгайлан зориулж, мандат өгч байгаа сурагтай. Тухайлбал, Говь-Алтай аймагт МАН-ын генсек Д.Амарбаясгалан өрсөлдөхөөр яригдаж байна. Тэнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй нэг тойрогт багтаж ядаад байв. Харин намаас нэг мандат өгснөөр намын гишүүнтэйгээ түлхэлцэх шаардлагагүй, өөрийн гэсэн тойрогтой болчихлоо. Мөн Дундговийн тойрог байна. Өмнө нь нэг мандаттай байсан бол хоёр болгохоор яригдаж байна. Энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир явна гэсэн мэдээлэл бий. Д.Дамба-Очир гишүүний аавынх нь нутаг бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн тус аймаг руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Тэгэхээр Д.Дамба-Очир бараг тийшээ явах болов уу. Түүнээс гадна "Чагдаржав сан”-ийн тэргүүн Б.Амарсанаа тус тойрогт дэвшинэ гэсэн мэдээлэл байна.