Засгийн газар: Эрсдлийн сан байгуулж, шатахууны үнийг тогтвортой байлгана

44

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Эрсдлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээг байгуулах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт олголоо.

Саудын Араб улсад болсон дэлбэрэлт, АНУ-Иран болон томоохон үйлдвэрлэгч орнуудын эдийн засаг, худалдааны хурцадмал байдал нь шатахууны үнийн өсөлтийн гол шалтгаан байхыг судалгааны байгууллагууд онцолсон байна.

Дэлхийн импортлогч орнууд эрсдлийн сан үүсгэн газрын тосны бүтээгдэхүүний бирж дээр санхүүгийн үүсмэл хэрэгсэл арилжаалах буюу урт болон богино хугацааны гэрээ хийж, үнэ болон нийлүүлэлтээ тогтмол хэмжээнд барьдаг байна.

Би Ди Өү Интернэшнл компаниас дэлхийн зах зээл дээр санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжаа хийдэг хөрөнгө оруулагчтай хамтран эрсдлийн хуримтлал үүсгэх боломжтой байгаа бөгөөд тодорхой хугацаанд АИ-92 шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах боломжтой гэсэн саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд тавьсан байна.

Манай улс эрсдлийн сан байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн боловч дэлхийн зах зээл дээр арилжаа хийх туршлагагүйн дээр хөрөнгө оруулагч ховор бөгөөд Засгийн газраас батлан даалт гаргах боломжгүй зэргээс хамааран энэ тогтолцоо өнөөдрийн байдлаар бүрэн нэвтрээгүйг Д.Сумъяабазар сайд Засгийн газрын хуралдаан дээр танилцуулжээ.

Эрсдлийн сан байгуулах үнэ тогтворжуулах боломжийг бүрдүүлэх нь:

1. Хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах нь эдийн засагт эерэг нөлөөтэй бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох ач холбогдолтой.

2. Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж импортын шатахууны үнээ тогтворжуулах механизмыг нэвтрүүлэх ач холбогдолтой.

3. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.17-г хэрэгжүүлж үнийн дарамтыг бууруулах нөхцөл бүрдэх ач холбогдолтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.