Тоймч Ш.Гантулга: Монголын төрийг удирдаж байгаа хулгайч нарыг цаг нь ирэхээр шийтгэх болно

323

БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ, БҮЛЭЭН УСААР УГААВАЛ ХИРГҮЙ 
Настангуудын тэтгэврийг тэглэх тухай ерөнхийлөгчийн шийдвэрийн талаар өөрийн санаа бодлыг олон нийттэй хуваалцлаа. Сэтгэгдлээ хуваалцаж байгаа иргэдийн маань дийлэнх олонх нь дэмжиж, талархаж байгаагаа илэрхийлсэн нь надад урам өгөхийн сацуу монгол хүний сэтгэлгээний хэв маяг үнэн худлыг дэнслэхдээ ямар гарамгай болохыг давхар батлах шиг болов. Цөөн тооны хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь түр зуурын төөрөгдөл болов уу. Цагийн явцад монголчууд бид нэг талдаа гарна гэдэгт би гүнээ итгэж байна. 
Эерэг сайныг нь дурьдаад яахав. Харин эсэргүүцлээ илэрхийлж буй сөрөг сэтгэгдлүүдийг нэгтгэж базан хэд хэд ангилж болохоор байна. 
• Хулгайч луйварчдынхаа идэж уусан зүйл дээр дугараагүй байж, ядарсан хэдэн хөгшчүүдийн асуудал дээр дуугарав гэх
• Ахмадуудын тэтгэврийг тэглэх гэж байгаа мөнгө энэ хулгайч, луйварчдын идэж уусан мөнгөтэй харьцуулшгүй бага гэх 
• Бид өөрсдийнхөө насаараа улсад ажилласан мөнгөө эргүүлэн авч байна гэсэн үндсэн агуулгуудад хуваагдаж байна. Эдгээр сэтгэгдлүүдэд товч хариулт өгье. 
• Хулгайч, луйварчдын идэж уусан зүйл дээр хүн бүр л дуугарч  байгаа. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн тогтолцоо маань өөрөө хулгайч, луйварчдын тогтолцоо. Монголын төрийг гэмт хэрэгтнүүд удирдаж яваа. Одоохондоо эдгээр гэмт хэрэгтнүүдийн өмнө бид хүч мөхөсдөнө. Гэсэн ч хулгай хийсэн бол ялтай. Энэ бол хууль. Цаг нь ирэхээр энэ хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, төлбөрийг нь барагдуулж, ялыг нь эдлүүлнэ. Үүнийг хэн хийх вэ? Шударга иргэд нь нэг талдаа гарч төрөө авсны дараа л хийх боломжтой. Нөгөө талаар, яагаад ядарсан иргэдийнхээ асуудал дээр дөрөөлөн дугараад байна гэв үү? Сохрыг дагасан сохор хоёул нүхэнд унана гэж нэг үг бий. Нүхэнд уначих вий дээ гэж сануулснаас цаашгүй, уг нь. Тэтгэвэр тэглэх асуудал бол угаадас. Угаадаснаас татгалзах ухаан болон эр зориг монголын ард түмэнд бий гэдэгт миний  хувьд бүрэн итгэлтэй байдаг.
• Ахмадуудын тэтгэврийг тэглэх гэж байгаа мөнгө хулгайч, луйварчдын идэж уусантай харьцуулшгүй гэв үү! Том эрх ашгаар бамбай хийж, жижиг эрх ашгаа зөвтгөмөөр байна уу? Хулгай бол хулгай. Яагаад хулгай гэж үү? Яагаад гэвэл энэ өрийг өр тавьж тэглэнэ. Харин үлдсэн өр нь хойч үеийнхэнд маань өвлөгдөнө. Хулгайд том жижиг гэж байдаггүй. Хулгайчтай үгсэн хуйвалдаад байвал энэ цөөн тооны хулгайч нараасаа юугаараа дээрдэх юм. Харин ч ард түмэн энэ хулгайгаас татгалзсанаар тэдний ов мэхнээс салж, нэг талдаа гарч, нэг цөм болж чадна.
• Өнөөгийн тэтгэврийн зээлийн тогтолцоо бизнесийн харилцаагаар зохицуулагддаг. Ийм нөхцөлийг төр нь өөрөө хийгээд өгчихсөн. Нэгэнт ийм нөхцөлийг зөвшөөрөөд зээл авчихсан хүмүүс өөрсдөө л өр төлбөрийнхөө асуудлыг шийдвэрлэх нь зөв. Төр үүнд нь хутгалдах шаардлага байхгүй. 
Төрийн үүрэг бол тэтгэврийн оновчтой бодлого явуулах. Төрийн бодлогын алдаанаас хямралт нөхцөл үүссэн гэж үзэж байгаа бол тэтгэврийн насны бүх иргэдээ алагчлалгүйгээр хамруулсан халамжийн бодлогыг шаардах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Харин энэхүү бүх төрлийн өр тэглэх бодлого нь халамжийн бодлого огт биш. Хулгайч нарын байр сууриа хадгалж үлдэх гэсэн эцсийн оролдлогоос цаашгүй, хорлохо бодлого гэдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүй сэтгэлийнхээ гүнд мэдэрч байгаа.
Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлынхны гаргасан энэ хариуцлагагүй шийдвэрээс үүссэн нөхцөлийг одоо яах вэ? Гарц, шийдэл нь юу байж болох вэ? Нэгэнт ард иргэдийг талцуулж, хямралт нөхцөл үүсгэсэн учраас төр засаг ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. 
Нэгд, бүх тэтгэврийн насны иргэддээ тодорхой хэмжээний  буцалтгүй тусламжийг нэг удаа, яаралтай олгох нь зөв байх
Хоёрт, хүмүүс тэтгэврийн реформын тухай их ярьж байна. Үүнийг хийх нь зөв боловч өнөөгийн төр засагт ийм чадамж бий юү? Учир нь, манай төр засгийн бодлогыг өрөөр нь барьцаалан гадныхан удирдаж байгаа (ОУВС, Дэлхийн банк гэх мэт). Мөн бусад салбартаа реформ хийхгүйгээр зөвхөн тэтгэврийн реформ хийх боломжгүй. Учир нь, бүх салбар хоорондоо уялдаа холбоотой. Харин манай бүх салбар уначихсан. Эндээс бид ганц л зөв гарц байгааг харж байгаа байх. 
Нийтээрээ сайхан амьдрахыг хүсэж байгаа бол шударга олонх нь нэг талдаа гарах хэрэгтэй. Дундаасаа шигшмэл хүмүүсээ төрд гаргаж, төрөө авах нь эхний алхам. Дараа нь, хоёр том реформоос өөрчлөлт эхлэх болов уу? Нэгд, тогтолцооны реформ. Хоёрт, газрын реформ. Өөрөөр хэлбэл, ямар төртэй байхыг бид хүсээд байна вэ? Мөн өөрийн газар нутагтаа эзэн байх алдагдсан эзэн эрхээ яаж буцааж авах вэ? гэдгээс эхлэх болов уу? Энэ хоёр реформыг хийж чадсан цагт нийгмийн бусад салбарууд аяндаа цэгцрэх болов уу? Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Эвт шаазгай буга барина гэж үг бий. Үүний тулд бид дор бүрнээ шударга байх хэрэгтэй. Шударга байвал бид хүчтэй байж чадна. Хүчтэй ард түмэн хүчтэй төрийг босгож чадах нь дамжиггүй. 
Улс төрийн тоймч Ш. Гантулга

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>