Улстөрчид ном бүтээх бус хуулийн төсөл санаачлах ёстой

43

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Шийдэмгий нүүдэл” гэх номоо хэвлүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Зарчим” гэдэг номоо “өлгийдөн” авсан байх юм. Уг нь их бичгийн хүмүүс, уран бүтээлч, зохиолч, яруу найрагчдын хувьд ном бүтээж, хэвлүүлнэ гэдэг амаргүй ажил гэдгийг бүгд мэднэ. Харин улстөрчдийн хувьд хамгийн амар хийгээд, өөрийнхөө ажлыг тайлагнах хялбар арга гэж ойлгосон бололтой. Мэдээж хүн бүр хэвлэн, нийтлүүлэх эрхтэй. Гэхдээ улстөрчдийн хувьд сонгуулийн өмнө өөрсдийн ажлаа тайлагнах нэрээр шоу хийж байгаа нь жинхэнэ жүжиглэлт гэхээс аргагүй.

УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь хуулийн төсөл санаачлах. Тэд олон нийтийг төлөөлж төрд сонгогдохдоо та бүхний өмнөөс хууль санаачилна гэсэн зарчим барьдаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд саналаа өгсөн сонгогчдын төлөө бус нэр дэвших квот олгож, эрх өгсөн намынхаа төлөө л ажилладаг болсон. Бүр зарим нь гэр бүлийнхээ төлөө явж байгаа нь илэрхий. Тэдний нэг нь дээр нэр дурдагдсан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Тэр нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон. Гэвч түүнийг тойргийнхон нь бараг мартчихжээ. Иргэд эмэгтэй гишүүдийг аливаа нийгмийн асуудалд нэлээд нухацтай орж, шийдвэрлүүлэхэд нөлөө үзүүлж, гуйвахгүй, шарвахгүй ажиллах боломж гэж сонгодог. Гэтэл эрхэм хатагтайн хувьд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга асан, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн эгч. Бянзүрхчүүдийг төлөөлдөг түүний хувьд тойрогтоо яг ямар ажил хийж байна вэ гэхэд “Бид улс орны эдийн засаг ямар хүнд байгааг дотор нь орж, илүү их мэдээлэл аваад сайтар ойлгосон. Иймд өөрийн чадах хэмжээнд тойрогтоо нэлээд ажил хийж байгаа” гэхээс өөрийг хэлж байсан нь тун ховор.

Хамгийн ихээр олны анхаарлыг татсан нь Өвөл, хавар морь уралдуулах тухай хууль буюу Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан. Эмэгтэй гишүүн өвөл хүүхдээр морь унуулахыг дэмжсэн төсөл санаачилсан гэхээр хэнбугайн ч сэтгэл өвдөх нь гарцаагүй. Гэвч түүний хувьд сэтгэл нь өвдөх байтугай дүүгийнхээ буюу УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн сонирхол, дуртай ажлыг дэмжсэн хэлбэр гэхээс өөр тайлбар олдохгүй л болов уу. Олон нийтээс нэлээд шүүмжлэл дагуулмагц мань хүн шалавхан нэрээ татаад авчихна билээ.

Үндсэндээ Б.Саранчимэг гишүүн бусдад таалагдахын тулд л ажил хийж байгаа гэдэг нь энэ зэргээс батлагдана. Хэрвээ тэр хийсэн ажил, хэлэх үгтэй байсан бол тойрогтоо ажиллахдаа нүүр бардам байхсан. Гэтэл ном бүтээсэн нэрээр үүнийгээ тахалж, тэгэхдээ бүр сонгуулийн жилийг угтаж, мөнгө зарцуулсан нь сонгогчдын хувьд өөрийгөө үнэлүүлэх сайхан боломж гэж харсных болов уу. Харамсалтай нь баянзүрхчүүд Б.Саранчимэгийг дүр эсгэсэн эмэгтэй хэмээн өгсөн саналаа энэ удаа бататгахгүй хэмээн ярилцах болжээ.

Түүнчлэн СӨХ-ны дэд зөвлөлийн ерөнхийлөгч болоод эрх зүйн хувьд асуудлыг шийдвэрлэх нь гэж СӨХ-ны тэргүүлэгчид хандсан ч өнөөг хүртэл дорвитой ажил хийгдэхгүй байгаа аж. Тиймээс СӨХ-ийнхөн ч дэмий л амаа барихаас хэтрэхээ байжээ. Учир нь эрхэмсэг дүр бүтээсэн гишүүн энэ удаа сонгогдсон ганц удаагийн боломжоо тойрогтоо бус өөрийн карьертаа зориулсаар өнөөг хүрэв бололтой.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.