БНСУ: ОХУ, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарна

342

БНСУ "Умардыг чиглэсэн шинэ бодлого” дипломат санаачилгынхаа хүрээнд Солонгосын хойгоос хойш оршдог ОХУ, Монгол зэрэг орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхааран ажиллана гэж БНСУ-ын Сангийн сайд Хонг Нам Ки даваа гарагт мэдэгджээ.

Хонг Нам Ки даваа гарагийн өглөө эдийн засгийн салбартай хамаарал бүхий сайд нартай уулзсаны дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Тэрбээр уг уулзалтын үеэр хэлэхдээ, БНСУ "Умардыг чиглэсэн шинэ бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тэдгээр оронтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2017 оны тавдугаар сард умард бүс нутгийн /Еврази багтсан/ орнуудтай эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой кампанит ажлыг удирдан явуулах Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан ерөнхийлөгчийн хороог байгуулсан байна.

2020 онд БНСУ-ОХУ, БНСУ-Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа юм. Дээрх санаачилгын хүрээнд ОХУ-тай төмөр зам, цахилгаан, хий, хөдөө аж ахуй, загасны аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж Сангийн сайд хэлжээ.

Мөн БНСУ Солонгосын хойгоос хойш оршдог орнуудтай хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байна гэж Сангийн яам мэдээлжээ. Хонг Нам Кигийн хэлснээр, БНСУ энэ онд Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоотой /АСЕАН/ харилцаагаа бэхжүүлэх замаар Ази-Номхон далайн худалдааны мега гэрээг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажээ.

АСЕАН-ы гишүүд болон түнш БНСУ, Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд өнгөрсөн оны 11 дүгээр сард Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн тухай хэлэлцээрийг байгуулахаар зөвшилцөж, энэ онд багтаан гарын үсэг зурахаар тохиролцсон юм.

Дэлхийн хүн амын тэн хагасыг хамарсан, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүрдүүлж буй мега эдийн засгийн холбоог байгуулах талаарх хэлэлцээг оролцогч талууд 2013 оноос эхлүүлсэн байна. Уг гэрээг 2020 онд байгуулах эсэхийг хэлэлцээрт нэгдээгүй Энэтхэг улс шийдвэрлэх ажээ.

Хэдийгээр АНУ, БНАСАУ-ын цөмийн хэлэлцээр зогсонги байдалд орсон хэдий ч Пёньяны засаг захиргаа ахиц дэвшил гаргасан тохиолдолд БНАСАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бүх бэлтгэлийг хангана гэж Хонг Нам Ки хэлжээ. 

Э.Хулан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>