Бурууг буцаах аргагүй

55

1992 оны шинэ Үндсэн хуулийг эх барьж авсан Б.Чимид багш “Үндсэн хуульд амь оруулж болохгүй ганц заалт бий. Хэрэв түүнийг амилуулбал Монгол Улс бүрэн дамуурна шүү” гэж захисан юм гэнэ билээ. Тэр нь Үндсэн хуулийн тавьдугаар зүйл буюу “Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн” гэх заалт.

Учир нь Улсын дээд шүүх гэдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээд шат /сүүлийн гэсэн үг/ болохоос биш шүүхийн дээд эрх мэдэл эдэлдэг байгууллага биш. Хэрвээ Дээд шүүх дээд эрх мэдлийг эдэлнэ гэвэл доод шатны шүүхүүд байхын ч хэрэггүй болж байгаа юм. Нөгөө их хүсэмжлээд байдаг шударга ёсны тогтолцоо маань нуран унаж, шүүх эрх мэдэл ганцхан хүний гарт орно гэсэн үг. Тиймээс Б.Чимид агсан ийнхүү чандлан захиж үлдээсэн аж.

Харин сая манай УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа “амилуулж болохгүй” заалтыг амилуулаад зогсохгүй шүүхийн хараат бус байдлыг хангуулахын тулд байгуулсан ШЕЗ-өө хүртэл Дээд шүүхийн хяналтанд аваачаад өгчихсөн. Шүүхийн хараат бус байдлаас гадна шүүгчийн хараат бус байдал үгүй болсон гэсэн үг.

Сая баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Б.Чимид багшийн хэлсэнчлэн “амилуулж болохгүй” бас нэг заалт орсон нь “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэдэг заалт. Хэрвээ энэ заалтыг “амь оруулаад” хууль батлаад эхэлбэл Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ сүйрнэ.

Дийлэнх гэдэг нь хамгийн багадаа 66 хувийг илэрхийлдэг. Тэгэхээр “стратегийн” гэсэн хаягтай уул уурхайн бүх ордуудын /хэн хайгуул хийсэн, нөөцийг тогтоосныг үл харгалзан/ 66 хувийг төр авна гэж ярих бололцоог Үндсэн хуулиараа хийгээд өгчихлөө гэсэн үг. Энэ тохиолдолд нөгөө гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын сэргэлтийн тухай мөрөөдөх ч аргагүй болно. Ийм нөхцөлтэйгээр Монголд хөрөнгө оруулах нэг ч компани, нэг ч улс байхгүй. Харин ингэж ярих зориг зүрхтэй монгол бол захаас аван олдоно. “Ухаанд хязгаар бий ч тэнэглэлд хязгаар үгүй. Ядаж бидэнд тэнэглэх шаанс мундахгүй” гэж Да.Ганболд хэлдэг. Оны өмнө ҮАБЗ-өөс гаргасан нөгөө шийдвэр, тэтгэврийн зээлийн тэглэлт түүний нэг нь болж магадгүй.

Уг нь бол тэтгэврийн зээл гэдэг зүйл ахмадуудыг “сохор зоосны” мэдэлгүй болгож байгаа нь үнэний хувьтай. Өөрсдөө хэрэглэх гэж биш, үр хүүхэддээ тал засч хамаг тэтгэврээ зээлж өгчихөөд бүтэн жилээр бусдын гар харахад хүрдэг ахмад настнууд нийгмийн эмзэг бүлэг мөн үү гэвэл мөн. Тэднийг нэг удаа зээлээс нь чөлөөлөх шийдвэр гаргасанд буруутгах “шаанс” мэдээж алга. Гэхдээ асуудлыг шийдвэрлэж байгаа арга барил нь их муухай л даа. ҮАБЗ-ийн гурван гишүүн ханцуй дотроо яриад нэг өдөр шийдчихсэн. Энэ гурван хүн нийлээд суухад юуг ч юу болгож мэдэх нь гэдэг эргэлзээ, болгоомжлолыг бий болгосон гэсэн үг.

Хоёрдугаарт тэтгэврийн зээлийг тэглэхдээ “байгалийн байлгийг ард түмэнд тэгш хүртээх үндсэн хуулийн зарчимд үндэслэж” гэдэг нэг “балай” үгийг гаргаж ирсэн нь монголчуудыг нийтээр нь талцуулсан зүйл болсон билээ.

Нэгэнт “тэгш хуваарилалт” яриад эхлэхээр нэг ч хүн хоцрохгүйг хичээх нь зүй. Түүн дээр дөрөөлөөд “поп тав”-аас авахуулаад “баялгийн хувь” амалсан эдийн засгийн алуурчид захаас аван. Бурууг буцаах аргагүй гэдэг энэ. Сонгууль хаяанд ирж байгаа үед энэ галзуурлыг хэн, хэрхэн зогсоож чадах вэ?

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.