Улс төрийн намууд авлигыг “усалж” байна

53

 

Улс төрийн намууд авлигыг “усалж” байна

 

Дэлхийн улс орнуудын Авлигын индексийг "Transparense international” байгууллагаас жил бүр гаргадаг. Монгол Улсын авлигын үзүүлэлтийг тус байгууллага хэрхэн үнэлсэн талаар өнөөдөр "Transparense international Mongolia” байгууллагаас танилцуулсан юм. Энэ үеэр зарим судлаачдын байр суурийг сонирхсон юм.

 "Авлига бол ардчиллын хорт хавдар”

МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од

-Ардчиллын судалгаан дээр Монгол Улс маш хурдацтай ухарч байгаа. Монголын ардчиллыг доош нь татаж байгаа нэг үзүүлэлт нь оролцооны асуудал юм.Өөрөөр хэлбэл, хуулийг иргэд, олон нийттэй хамтарч, харилцаж гаргадаггүй. Мөн Монголыг сонгуулийн ардчиллын үзүүлэлт доош нь татдаг. Энэ нь дотроо нэгдүгээрт, иргэдийн эвлэлдэн нэгдэх, хоёрдугаарт, сонгууль нь шударга болж байгаа эсэх, гуравдугаарт, иргэд нь үзэл бодлоо илэрхийлдэг эсэх. Манай улс бол сонгууль нь цэвэр, шударга болж байна уу гэдэг үзүүлэлтээрээ маш муу байдаг. Сүүлийн жилүүдэд Монголд сонгууль, сонгуультай холбоотой асуудлууд шударга бус, далд хэлбэртэй, авлигын хамгийн гол  үүр болж байна. Авлига Монголд сонгууль болон улс төрийн намаар дамжиж үүрэлж байгаа. Энэ нь Монголын ардчиллыг сулруулж байна. Монголын ардчиллын хорт хавдар нь авлига байна. Үүнийг олон улсын байгууллагууд, судлаачид ч дүгнээд хэлсэн. Монгол Улсад авлигаас ангижрахын тулд үйлдэл хийх ёстой. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд Монгол Улс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Энэ шинэчлэлийн хүрээнд улс төрийн намтай холбоотой гурван заалт бий. Үүний нэг нь улс төрийн намын хөрөнгө, орлого, санхүүжилтийнт тухай асуудлыг заасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг заавал өөрчлөх шаардлага үүссэн. Ялангуяа улс төрийн санхүүжилттэй холбоотой зүйлийг хуульчлах ёстой. Энэ бол зайлшгүй хууль зүйн шахалт юм. Өнгөрсөн 10 жилийн турш Монгол Улс улс төрийн санхүүжилтийг ил тод байлгахын төлөө хуулийг нь өөрчилье гэсэн боловч улс төрийн хүсэл зориг байсангүй. Бид бүгд мэднэ. Сонгууль бол санал худалдаж авах болон бусад олон хууль бус үйлдлийэ уурхай. Үүнийгээ бид бараг хэвийн үзэгдэл мэт ойлгодог болсон. Шударга бусаар өрсөлддөг. Тэгснээ үр дүнгээ хүлээн зөвшөөрөөд эрхээ шилжүүлчихдэг. Ийм өнгөрсөн дүр зургийг өөрчлөх ёстой. Сонгуулиар дамжиж Монголын ардчилал улам их авлигажиж байна. 2020 оны сонгууль дээр бол Сонгууулийн тухай хуульд ахиц гарахааргүй болсон. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиа баталсан. Одоо орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиуд хэлэлцэж байна. Үүнээс харахад, ахиц гарахгүй нь тодорхой. Гагцхүү Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх яриа бол байгаа. Сүүлийн гурван жил ярьсан. Намрын болон хаврын чуулганы хэлэлцэх жагсаалтад байнга явж байгаа. Гэхдээ бодит байдал дээрээ хуулийн төсөл нь цэгцрээгүй байгаа. Дахин хэлье. Монголын ардчиллыг авлига сулруулж байна. Үүнийг улс төрийн намын санхүүжилт усалж байна. Үүнийг шийдэж байж Монгол авлигаас ангижирна. Тэгэхийн тулд Улс төрийн намын тухай хуулиа яаралтай шинэчлэх хэрэгтэй.

Эрх ашгийнхаа төлөө хуулийг уландаа гишгэж байна

Эдийн засагч Д.Жаргалсайхан

-Хуулийн засаглал бол зөвхөн хуулийн асуудал биш. Энэ бол бүх иргэний асуудал. Авлигын индексээр Монгол Улсын хуулийн засаглалыг үнэлэхдээ дөрвөн үндсэн бүлгээр үнэлсэн. Нэгдүгээрт, төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо ашигладаг эсэх. Хоёрдугаарт, цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх, гуравдугаарт, хуулийг хэрэгжүүлэх мөрдүүлэх албан хаагчид хувийн ашиг сонирхлын зорилгоор шийдвэр гаргадаг эсэх, дөрөвдүгээрт, мэдээллийг хуульчид, олон нийт, хуульч, судлаачдаас цуглуулдаг эсэхийг хянасан. Гэтэл нөхцөл байдал угаасаа тодорхой байгаа. Ийм болохоор Монголд ядуурал, өвчлөл газар авч байна. Хуулийн засаглал байхгүй учраас Монголд ардчилал  шалан дээр байна. Хуулийн засаглалыг бий болгох ёстой хүмүүс нь өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хуулийг уландаа гишгэсэн. Үүнийг сүүлийн үед Монголд болсон үйл явдал харуулаад байна.

 
Eagle.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.