Микки Рурк: Нохойтой ярилцах нь зарим хүмүүстэй ярилцахаас дээр

125

Микки Рурк: Нохойтой ярилцах нь зарим хүмүүстэй ярилцахаас дээр

 

Холливудын хамгийн хачин сонирхол, зан араншинтай оддын нэг нь яахын аргагүй Микки Рурк мөн. Вестерн киноны од тэрээр 60 насандаа "Бөх” хэмээх кинонд тоглож урлагтаа эргэн ирсэн. Түүнээс хойш жилд ганц нэг кинонд тоглож байснаа 2018 онд зургаан кинонд дүр бүтээгээд амжсан байдаг.

Тэрээр 12 наснаасаа боксоор хичээллэж, мэргэжлийн рингэд 1990-1994 оны хооронд найман удаа тулалдаж, зургаа ялж хоёр тэнцсэн. Ингээд зодог тайлсан гэж бодож байтал хөгширсөн хойноо дахин мэргэжлийн бокст орж, Эллиот Сэймуртай тулалдсан билээ. Хачирхалтай нь, Москвад, "Лужники” цэнгэлдэхэд Микки Руркэд нам цохиулсан 29 настай энэ боксчин орон гэргүй нэгэн байсан нь хожим ил болж байв. Түүний хачирхалтай үйлдэл үүгээр дуусахгүй. Орост Андрей Фишкин гэгчтэй тулалдах ёстой байсан ч тулаан болохоос хэдхэн хоногийн өмнө нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэн, тулаанаа цуцалж байсан. Түүний хувийн амьдрал ч сонин шийдлээр дүүрэн. Энэ эрхмийн нэгэн ярилцлагыг хүргэж байна.

-Саяхан даа, та өмнө нь сууж байсан эхнэр Кэрри Отистоо одоо болтол хайртай гэж ярьж байсан. Гэтэл анхны эхнэр Дэбра Фойер чинь таныг "Өөрийнхөөрөө, олон эхнэртэй байхыг хүссэн эр хүн” гэж тодорхойлсон. Тэр ер нь таны талаар дандаа сайнаар ярих юм аа?

-Бид найз нөхөд юм чинь яах юм бэ. Нөхөртэйгөө суучихаад тэр надаас зөв сонголт хийсэн эсэхээ асуусан. Нөгөөх нь дажгүй эр байсан учраас хүлээн зөвшөөрч байгаагаа хэлсэн. Тэдний охинд нь би хайртай. Одоо хамт байгаа бүсгүйдээ энэ тухайгаа нуудаггүй. Гэхдээ анхны амьдралаа санагалзаад суудаг гэсэн үг биш шүү. Ингэх нь өөрийнхөө махыг зулгааж байгаагаас ялгаа юун. Одоо би Локи гэдэг нохойгоо л юу юунаас илүү санадаг. 2008 оны, миний Оскар авсан тэр ёслолын ажиллагаанаас хэдхэн хоногийн өмнө үхчихсэн юм. Гартаа алтан баримал атгаад зогсч байхад "Оскар авснаас Локи амьд байсан бол илүү дээр байж дээ” гэж бодогдож байж билээ. Би бүх нохойдоо хайртай, гэхдээ Локи онцгой байсан юм. Түүнийг хэн ч орлож чадахгүй.

-Тэгэхээр, хүмүүсээс хангалттай анхаарал, хайр халамж хүртэж чадахгүй байгаа хүн түүнийгээ амьтан, тухайлбал нохой тэжээх байдлаар нөхдөг гэдэг яриа бий... Таныг тэгсэн гэж ойлгож болох уу...?

-Мэдэхгүй ээ..., магадгүй. Ямар ч байсан, нохойтой ярилцах нь зарим хүмүүстэй ярилцахаас дээр гэж боддог. Эхнэрээсээ салж, карьераа алдаж, орон гэргүй болж, царай төрхөө хүртэл алдчихаад байх хүнд үед ноход маань л надад амьдрах итгэл өгсөн. Тэр үед бүгд л надаас нүүр буруулцгаасан, харин ноход надтай хамт үлдсэн. Тийм ч учраас би өнөөдөр Чингис хааны тухай кино хийхийг мөрөөдөөд байж байна шүү дээ. Чингис хааны тухай уншиж байхад юу нь надад хамгийн их таалагдсан гээч. Тэр нохойндоо үнэхээр хайртай байсан. Яг л над шиг.

Микки Рурк: Нохойтой ярилцах нь зарим хүмүүстэй ярилцахаас дээр

-Хүүхэд өсгөх талаар бодож байсангүй юу?

-Би хүүхдэд хайртай. Үнэн шүү. Гэхдээ өөрөө эцэггүй, хүнд хэцүү хүүхэд нас туулсан болохоор эрсдэл гаргахыг хүсээгүй юм. Тиймээс өөртөө бүрэн итгэлтэй болсон цагтаа л хүүхэдтэй болно гээд аль дээр үед өөртөө амлачихсан юм. Учир юу вэ гэхээр, хүүхдүүд үргэлж ч эцгийнхээ алдааг давтдаг. Үнэнийг хэлэхэд, би заналт дайснаа ч миний алдааг давтаасай гэж хүсэхгүй. Тэгэхээр өөрийнхөө хүүхдийг бол бүр ч үгүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ.

-Тийм байдаг байж... гэхдээ та одоо өөрийгөө дахиад супер од болсон гэж мэдэрч, сэтгэл хангалуун байгаа байлгүй дээ. Алдар нэрээ дахин олж авах нь анх олж авахаас хэцүү байх юм уу?

-Анх бол юу болох нь мэдэгдэхгүй байсан учраас надад хөгжилтэй байсан. Одоо бол бүтэлгүйтвэл яахаа мэдэж байгаа учир бүх зүйлийг гартаа барьж байхыг хичээж байна гэж л хэлье дээ. Ганцаардсан, аймшигтай тэр цаг үедээ буцаж очихыг хүсэхгүй л байна шүү. Энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна. Хүмүүс надаас "9 1/2 долоо хоног” гэж тэр нэг тэнэг киноны талаар одоо болтол асуудаг юм. Би үүнийг үнэхээр тэвчиж чаддаггүй. Тэр кино надад алдар нэр, сайхан залуу гэсэн имиж авчирсан. Гэвч одоо би тэр үеийн талаар юу ч санадаггүй. Тэр чинь өөр амьдрал. Тэр кинонд хамт тоглож байсан Ким Бесинжерээс саяхан маш сэтгэл хөдөлгөсөн захиа хүлээж авсан. Надад амжилт, сайн сайхан бүхнийг хүссэн байна лээ. Би саяхан түүнтэй нэг кинонд хамт тоглосон. Бараг төсөвгүй шахуу, маш сонин бүтээл. Зураг авалт нь дандаа тусдаа байсан учраас нэг ч удаа тааралдаагүй гээд бод доо. Гэсэн ч тэр надад бичсэн байсан. 

Микки Рурк: Нохойтой ярилцах нь зарим хүмүүстэй ярилцахаас дээр

-Та энэ киног дандаа л харааж зүхэх юм даа...

-Гэхдээ Кимийг биш ээ. Би өөрийн эдэлж байгаа гай зовлондоо үргэлж л бусдыг хараан зүхдэг байлаа. Өөрөөсөө бусдыг шүү дээ. Дүү Жой, бид хоёрыг үзэн ядаж хөөрхий эхийг минь зоддог байсан харгис эцгээс өгсүүлээд. Холливудад ирээд ч бусдыг болгож өгөх, хариугаа авах хүсэлдээ автагддаг байсан. Тэд бүгд л ямар нэг байдлаараа миний харгис дээрэнгүй эцгийг санагдуулдаг байсан хэрэг. Бокс тоглох болсон нь ч үүнтэй л холбоотой юм шүү дээ. Намайг зодолдоно гэхээр танхим дүүрэн үзэгч ирж үзэж байна. Яагаад вэ. Яагаад гэвэл би үхэж болно, гэхдээ хэзээ ч бууж өгөхгүй гэдгийг мэдэж байгаа хэрэг. Эмч "Дахиад нэг л удаа дэвжээнд гарвал чи үхнэ” гэж хэлэх хүртэл би зодолдсон. 40-тэй байхдаа 20-той залуустай нүдэлцдэг байв. Нэг удаа нүүрээ хавтгай болтол нүдүүлсний дараа эмч нар нүүрний арьснаас алийг нь зүсч авахаа хүртэл мэдэхгүй байсан гэдэг. Гэвч өнгөрсөн жилүүдэд сэтгэл заслын эмчилгээнд багагүй цаг зарцуулсны хүчинд арай дээрдээд байна.

-Гэхдээ та дахин од болсон гээд дээрэнгүй зангаа тавихгүй яваа юм биш үү. "Төмөр хүн 2”-т хамт тоглосон Гвинет Пэлтроу таныг тэгж ярьсан байсан?

-Худлаа. Би түүнтэй хүндэтгэлтэй харьцдаг байсан. Надад шинээр гялалзаж байгаа од бүсгүйчүүдээс Кайра Найтли таалагддаг юм. Тэр үнэхээр супер жүжигчин. Меган Фокс ч бас. Меган бол үнэхээр ирээдүйтэй, чадварлаг жүжигчин.

-Эрэгтэй жүжигчид нас ахисан хойноо ч эмэгтэй жүжигчдээс илүү алдартай, анхаарлын төвд байж чаддаг нь юуных юм бол?

-Бүхнийг зохион байгуулдагтаа л байх даа.

Eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.