Амлалтаа хэн нь биелүүлэх болж байна вэ

168

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу хуулийн төсөл санаачлан, УИХ-ын гишүүд энэ сарын 10-нд хууль баталсан. Ингэснээр шинэ сар гармагц ахмадууд тэтгэврийн өрийг нь төр тэглэчихсэн хэмээн сэтгэл тэнэгэр байхаар болсон. Хэдийгээр иргэд зээл авсан эсэхээр ялгаварлалаа, төр хөрөнгөө хэрхэн босгох вэ хэмээн маргалдаж байсан ч улстөрчид олонхоороо шийдвэрлэсэн. 

Мэдээж хуульд Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх тухай заасан. Тухайн үед буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын сангаас 422.9 мянган иргэн тэтгэвэр авдаг. Тэдний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэсэн тооцоо ч байсан.

Гэтэл түүнээс хойш Засгийн газрын гишүүд нь биес рүүгээ чихэн бултаж эхэллээ. Дөнгөж өчигдөрхөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч хоёроос асуугаарай. Энэ бол төсөвт ямар ч хамааралгүй. Сангийн яам ямар ч оролцоогүй” гэх тайлбарыг өгч байна билээ.

Мөн энэ сарын 22-нд Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс “Зээлээ тэглүүлсэн ахмадууд ирэх сарын 1-нээс тэтгэврээ авах боломж бүрдэх үү” гэхэд мань хүн “Үүнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас тодруулах нь зүйтэй. Нэгэнт шийдвэр гаргачихсан учраас аль болох хугацаа алдалгүйгээр энэ асуудлыг нэг талд нь гаргах талаар бид хамтран ажиллаж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд олон байгууллага хамтран ажиллаж байгаа учраас шууд тайлбар хийх боломжгүй. Бид нэгдсэн байдлаар мэдээлэл солилцсоны дараа эцсийн шийдвэрийг гаргана” хэмээж байсан.

Түүнээс өмнө тэтгэвэр тэглэх болсонтой холбогдуулан ОУВС-гаас манай улсыг гэрээгээ зөрчлөө гэх асуудал үүсэх үед Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд /01 сарын 13-нд/ “Олон улсын валютын сантай гэрээ байгуулсан Ч.Хүрэлбаатар л хариуцлагаа хүлээнэ биз. Ерөнхийлөгч Олон улсын валютын сантай гэрээ хийгээгүй” гэх тайлбарыг өгч байсан билээ.

Ийнхүү ингэж хэрүүлийн алим болгон шидэлцэх зуурт цаг хугацааг явсаар, урссаар... Өчигдөр Засгийн газрын хуралдаанд ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс бонд” гаргах арга хэмжээний талаар танилцуулна гэж жагсаалтад дурдсан байсан ч мэдээлэл өгсөнгүй.

Өмнө нь С.Чинзориг сайдын хувьд энэ жил хоёрдугаар сарын 1-н хагас сайнд тохиож байгаа учраас 3-нд тэтгэвэр олгоно гэж ярьж байсан. Юутай ч шинэ сарын эхнээс ахмадуудын тэтгэврийг хэрхсэн нь тодорхой болж, улстөрчдийн үг, эдийн засгийн чадамж зэргээ харах л үлдэж байна даа.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.