Коронавирусийн улмаас энэ улиралд БНХАУ-ын эдийн засаг 60 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ

556

Коронавирусийн улмаас энэ улиралд БНХАУ-ын эдийн засаг 60 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ

 

Коронавирус Хятадын  олон зуун иргэдийн амь насанд хүрээд зогсохгүй тус улсын эдийн засаг тун сөрөг үр дагаврыг бий болгоод байгааг судлаачид онцолжээ. 2020 оны 1-р сараас 3-р сар хүртэл буюу эхний улиралд Хятадын эдийн засаг 60 тэрбум ам.долларын алдагдлыг хүлээхээр байна.

Коронавирусийн тархалт аль хэдийн эрч нь саараад байгаа Хятадын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх үүднээс Бээжин хэд хэдэн алхмыг авч хэрэгжүүлэх магадлалтай талаар шинжээчид онцолжээ. Үүн дотор татварыг бууруулах, төрийн зардлыг нэмэгдүүлэх болон хүүгийн хэмжээг бууруулах алхмууд орж байгаа юм. Одоогийн байдлаар коронавирусын халдвараас үүдэн Хятад улс хэр их хэмжээний эдийн засгийн хохирлыг амсахыг бүрэн тодорхойлох боломжгүй байгаа хэдий ч зарим эдийн засагчид энэ улиралд Хятадын эдийн засгийн өсөлт 2 хувиар унах магадлалтай гэж үзэж байна.

Коронавирусийн тархалтын улмаас Хятадын төвийн хотуудад хөл хорио тогтоож, томоохон үйлдвэр, хоол, хүнсний дэлгүүрүүд үүд хаалга бариад байгаа.  Үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарт хамгийн  хүндээр тусч байна.  Үүнээс  үүдэн энэ улиралд л гэхэд Хятад улс 62 тэрбум ам.долларыг алдагдлыг хүлээхэд хүргэнэ гэж тооцоолжээ.

Коронавирусд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудад зориулсан тусгай бодлогыг Хятадын томоохон банк, санхүүгийн байгууллагууд үзүүлж эхэлсэн байна. Тухайлбал, дээрх бүс нутгийн жижиг дунд бизнес эрхлэгч болон иргэдэд зориулан зээлийн хүүг бууруулахаар болсон байна. Тус улсын төв банкны зүгээс коронвирусын улмаас зээлээ төлөх боломжгүй болсон иргэдийн нөхцөл байдлыг харж үзэн, зээлээ эргэн төлөх хугацааг хойшлуулна гэдгээ мэдээлсэн юм.  Ер нь сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлт саармагжаад байгаа. 2019 онд тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгаагүй доод түвшинд хүрсэн юм. Хятадын өрийн түвшин нэмэгдэж, АНУ-тай өрнүүлсэн худалдааны дайнаас үүдэн эдийн засгийн өсөлт нь саармагжиж байна.

Ухань хотоос эхэлсэн коронавирусийн тархалт 2003 оны САРС  вирусээс ч илүү олон хүнд халдварлаад байна. Хятадын төвийн болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд коронавирусийн эсрэг эмчилгээ болон эмнэлгийн тоног төхөөрөмжид зориулж 12 тэрбум ам.долларыг хуримтлуулаад байна.

Сонирхуулахад, коронавирусийн тархалт хөрөнгө оруулагчдыг болгоомжлолд оруулж, Азийн томоохон хөрөнгийн биржийн хувьцаанууд ч унаж эхлээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>