Золбин нохдоос халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй

193
 
 

Золбин нохдоос халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй

 

  • Жил бүр 7-8 мянган хүн нохойд хазуулсны улмаас галзуу өвчний вакцин хийлгэдэг. Тэдний 73.2 хувь нь эзэнтэй нохойнд уруулсан байдаг аж
  • Манай улс жил бүр 100 мянган нохой буудаж устгадаг ч тоо толгой нь буураагүйгээр үл барам өссөөр байна
  • Нохой, муур нь галзуу, бэтэг, бруцеллёз, лептоспироз, токсоплазмоз, хламид, гэдэсний халдвар зэрэг олон өвчний тээгч болж байдаг. Манай орны хувьд нохой, муурнаас элдэв  өвчний халдвар авах эрсдэл нэн өндөр
  • Нохдын сэг зэмийг булах нь халдвар тархаах өндөр эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй
Шинэ төрлийн корона­вирусийн халдвараар өвчлөгс­дийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Хэдийгээр өвчний дэгдэлт геометр прогрессоор өсөж байгаа ч тодорхой хугацааны дараа дэгдэлт буурч, хяналтдаа авах л байх. Гэхдээ зэрлэг ан амьтад, золбин ноход, харх зэрэг амьтны тоо толгойг хязгаарлаж, хатуу хараа хяналт тавихгүй бол энэ мэт халдварт өвчин дэгдсээр байх болно хэмээн BBC.com-д гарсан нийтлэлд дурджээ. Ялангуяа сүүлийн 50 жилийн хугацаанд амьтнаас хүнд халдварласан өвчний тохиолдол эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, хүмүүс одоо болтол ялан дийлж чадаагүй ДОХ өвчин анх сармагчингаас хүнд халдсан бол 2004-­2007 онд олон зуун хүний амийг авч одсон вирус шувуунаас гаралтай байв. 2009 онд гахайн мялзан өвчин олон нийтийг айлгасан бол эбола вирус сарьсан багваахайнаас гаралтай гээд амьтнаас хүнд халдварласан элдэв өвчнийг тоочоод байвал барагдахгүй. "Хүмүүсийн амьдралын хэв маяг хурдтай өөрчлөгдөж байна. 50 жилийн өмнө нийт хүн амын 35 хувь нь хотод амьдарч байсан бол одоо энэ тоо 50 хувь болсон. Хүмүүс нэг дор бөөгнөрөн амьдрах тусам халдварт өвчин дэгдэх эрсдэл нэмэгдэж байна. Эдгээр том хотуудад харх, хулгана, илбэнх, хэрэм, үнэг, шувуу, нохой, муур зэрэг янз бүрийн амьтан суурьшиж, хүмүүст халдвар тараасаар байна. Ялангуяа ядуу, бохир заваан хотын оршин суугчид вируст нэрвэгдэх магадлал илүү өндөр” хэмээн Лидсийн их сургуулийн профессор Тим Бентон бичжээ. Энд бичсэнийг уншихаар манай Улаанбаатарыг хэлээд байгаа мэт санагдана. Манай нийслэлд харх байхгүй ч золбин ноход бол хэдэн мянгаараа бий. Нийслэл хотын хэмжээнд жил бүр 100 мянган нохой устгадаг ч тоо толгой нь буураагүйгээр үл барам өсөх хандлагатай болжээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн (ЗӨСҮТ) статистикаас харвал жил бүр 7­8 мянган хүн нохойд хазуулсны улмаас галзуу өвчний вакцин хийлгэдэг байна. Тэдний 73.2 хувь нь эзэнтэй нохойд уруулсан байдаг аж. Мал, амьтнаас хүнд халдварласан халдварт өвчний тохиолдол 2015 онд 276, 2016 онд 391, 2017 онд 538, 2018 онд 318, 2019 онд 183 бүртгэгджээ. Сүүлийн таван жилийн дунджийг авч үзвэл 341.2 болж байгаа юм. "Нохой, муур нь галзуу, бэтэг, бруцеллёз, лептоспироз, токсоплазмоз, хламид, гэдэсний халдвар зэрэг олон өвчний тээгч болж байдаг. Манай орны хувьд нохой, муурнаас элдэв өвчний халдвар авах эрсдэл нэн өндөр. Нохой устгал нь ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Гэхдээ устгал хийгээд байхад золбин нохойн тоо буурахгүй байгаа нь иргэд тэжээж буй нохойндоо тавих хяналт сул байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, нохойн тоо толгой, үржил төрөлт ямар ч хяналтгүй байна” хэмээн ЗӨСҮТ­ийн тархвар судлагч эмч Ц.Энхбаяр хэлсэн юм. Өдгөө нийслэлийн гэр хороололд 200 мянга гаруй айл амьдарч байна. Ихэнх нь хашаандаа нохойтой. Гэвч нохойгоо орой үдшийн цагаар сул тавьчихдаг айл олон. Үүний улмаас ноход жилд 2-3 удаа үржилд орж, тоо толгой нь гэрлийн хурдаар нэмэгдсээр байна. Цовоо сэргэлэн эр гөлөг нь эзэнтэй болж, бусад нь гудманд хаягдана. Энэ хэрээр гудамжны буюу золбин нохдын тоо замбараагүй өссөөр байгаа юм. 
\Уг нь холбогдох албаныхан гэр хорооллын нохдыг бүртгэлжүүлэх ажлыг шат дараатай хийж буй. Бүртгэлд хамрагдсан бол туулга, вакцин үнэгүй хийлгэх эрхтэй гээд улс янз бүрийн боломжоор хангаж байгаа. Гэвч олдсон боломжийг шүүрээд авахын оронд хэнэггүй зангаараа хойш сууж, үл ойшоох нь элбэг. Харин энэ хооронд тэжээж буй ноход нь хүнд ноцож, гэмтээхээс гадна галзуу зэрэг халдварт өвчин тараасаар байна. Нөгөөтэйгүүр нохдыг хэдий болтол харгис хэрцгий буюу буудах аргаар устгах вэ гэдэг асуудал сүүлийн үед хурцаар тавигдах болсон. Зарим төрийн бус байгууллагын зүгээс нохойн үржлийг хязгаарлах жижиг мэс ажилбарыг санал болгодог. Энэ санаачилгын үр дүнд нийслэлийн зүгээс сүүлийн гурван жилд 5,000 нохойнд үржил хязгаарлах мэс ажилбар хийжээ. Өөрөөр хэлбэл, 5,000 нохой хамгийн багадаа 50,000 болж нэмэгдэх эрсдэлийг үгүй болгосон байна. Уг нь илүү хүнлэг энэ ажилд дорвитой мөнгө төсөвлөж, өргөн цар хүрээнд хийвэл буудаад барагдахгүй байгаа золбин нохдын тоог хязгаарлах боломжтой гэж үздэг юм билээ. Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун "Бид гэр хороолын нохдыг бүртгэлжүүлэх ажлын хүрээнд үржил хязгаарлах ажлыг давхар хийж байгаа. Үүнд эр нохойны үрийн сувгийг хаах мэс ажилбар, эм нохойны сав, өндгөвчийг боох мэс ажилбар багтана. Иргэдийн хүсэлтийн дагуу жилд 2000­-2500 орчим нохойнд спэй буюу үржил хязгаарлах ажлыг үнэ төлбөргүй хийж байна. Ингэснээр нохой хашаанаасаа гарсан ч үржилд орох эрсдэлгүй гэсэн үг. Бид мэдээж гэр хороолын бүх нохойнд спэй хийх боломж байхгүй. Тийм төсөв нь ч алга. хамгийн гол нь энэ тогтолцоог бий болгох нь чухал юм. Мөн иргэдэд энэ ажлын үр дүнг зөвөөр ойлгуулах нь чухал байна” хэмээн ярилаа. Дэлхийн ихэнх том хотод халдвар тараах гол аюул нь харх байдаг. Муу усны нүх, орон байрны хонгил гээд хаа сайгүй үүрлэсэн энэ жижиг мэрэгч хаанаас хаана, ямар өвчин тараачих бол гэж хүн бүр санаа зовж буй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хархны тоо толгойг устгах ажилд их мөнгө зарцуулдаг ч үр дүнд хүрээгүй хэвээр. Харин манай улсад энэхүү дийлдэшгүй мэрэгч хараахан орж ирээгүй.  Харин үүний оронд золбин ноход өвчний голомт болжээ. Уг нь гэр хорооллын нохдын тоог хязгаарлаж, замбараагаа алдсан үржлийг нь зогсоох боломж бүрэн байна. Энэ ажлыг зөвхөн нийслэлд даатгаад орхих бус, иргэд өөрсдөө идэвх санаачилгатай байж, улсаас үнэгүй хийж өгөөд байгаа туулга, вакцин, спэйд нь хамрагдвал бүх зүйл аяндаа цэгцэрнэ. Бид хэдий болтол нохдоо буудаж устгах вэ. Үүний оронд үржлийг хязгаарлах нь илүү хүнлэг хийгээд үр дүнтэй арга байх нь гарцаагүй.
С.Аригуун: Нохдоо буудаж устгадаг улс Монголоос өөр байхгүй

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Золбин нохой, муурыг устгах нь коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын нэг. Манай орны хувьд энэ ажил ямархуу явагдаж байна вэ?­

Улаанбаатар хотын захираг­чийн ажлын алба хотын золбин нохой, муур устгах ажлыг хариуцдаг. Одоо хотын хэмжээнд мэргэжлийн гурван компани ажиллаж байна. Бараг 2000 оноос хойш устгал хийсэн анчид эдгээр компанид ажилладаг. Бид жилдээ 100 мянга орчим нохой устгадаг. Мөн өсөлтийг зогсоох ажлын хүрээнд 2017 оноос эхлэн гэр хорооллын айл өрхийн нохдыг бүртгэлжүүлж байгаа. Айл өрхүүд нохойгоо хашаанаас нь гаргахгүй байхыг сануулж, туулга, вакцинд хамруулж байгаа. Гэхдээ бид устгаад байгаа ч нөгөө талдаа өсөөд л байна. Тоо толгой нь өсөөд буй нь гэр хорооллын нохдын замбараагүй тэжээлттэй холбоотой. 

-Иргэд шаардлагыг хүлээн авч, хэрэгжүүлэх тал дээр хойрго байдаг шүү дээ. Шаардлага биелүүлэхгүй бол яах вэ?­

Уг нь хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэх эрх зүйн орчин байх ёстой. 2002 онд НИТХ­-ын Тэргүүлэгчдийн 222-­р тогтоолоор нохой, муур тэжээх журам батлагдсан. Энэ журманд хариуцлагын асуудал огт тусгагдаагүй. Тиймээс 2017 онд Захирагчийн ажлын албанаас золбин, нохой муур устгах журмыг шинэчилж, илүү өргөн агуулгатай болгоод нийслэлийн НИТХ­-ын тэргүүлэгчдээр батлуулсан. Гэвч Хууль зүйн яам бүртгээгүй. Шалтгаан нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарим хуультай давхцаж байна гэж үзсэн. Нөгөөтэйгүүр ийм журам батлах эрхийг НИТХ­-д ол­гоогүй байна гэсэн. Уг нь гэр хороо­лол, орон сууцны алинд ч амьтан тэжээж байгаа бол эрх зүйн тодорхой зохицуулалт байх ёстой. Тогтсон хүрээнээс хальж гарвал хариуцлага хүлээдэг тогтолцоог л бий болгомоор байгаа юм. Бид зарим засварыг хийж, журмаа эргэн барихаар төлөвлөж байна. 

-Он гарснаас хойш хэчнээн нохой устгалд оруулаад байна вэ?

­Бид жилд 100 мянган нохой устгана гэж тооцож төсвөө баталдаг. Тиймээс сар сарын үзүүлэлт ерөнхийдөө ойролцоо байдаг. Нэгдүгээр сард ойролцоогоор 11 мянган нохой устгасан. Хоёрдугаар сард нэлээд шахах төлөвлөгөөтэй. Цагаан сараар иргэд золголт хийх гэж гадуур их явдаг учраас нохойд уруулах эрсдэл өндөр. Оны эхний хоёр сард 15 мянга орчим нохой устгах төлөвлөгөөтэй байна. 

-Ер нь золбин нохдын тоог бууруулах хамгийн үр дүнтэй арга нь таны бодлоор юу вэ?­

Спэй бол яах аргагүй үр дүн­тэй арга. Хамгийн гол нь нийгэмд зөвөөр ойлгуулж, иргэдийн дэмжлэгийг авах нь чухал.

-Устгасан нохойгоо яадаг вэ?

Нийслэлийн хот тохижилтын газар устгасан нохой, муурыг булах, шатаах аж­лыг Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хийж байгаа. Нохой шатаах бага оврын зуухтай. Тэндээ шатаахыг нь шатаагаад, үлд­сэнийг нь булж байна. 

-Нохой шатаах зуухыг өндөр үнээр барьсан ч ажилладаггүй гэх шүүмжлэл бий. Үнэхээр ажиллахгүй байгаа юм уу?

-Ажиллахын хувьд ажиллаж байгаа. Хамгийн гол нь их хэмжээгээр устгаж чаддаггүй. Нэг удаад 20­-30 нохой шатаана. Шатаах үйл явц 4­5 цаг үргэл­жилдэг. Бүтэн өдөржин ажил­луулахад дээд тал нь 60­-70 нохой устгаж чадна. Гэтэл өдөрт 100, 200­-гаараа нохой устгаж байна шүү дээ. Үлдсэнийг нь булахаас өөр аргагүй.

-Тэр олон мянган нохойг булахаар янз бүрийн халдвар дэгдэхгүй байх баталгаа байна уу?

­Байхгүй. Халдвар тархах өн­дөр эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Халд­вартай мал, золбин нохдыг уст­гах, сэг зэмийг нь устгалд оруу­лах байгууламж улсын хэмжээнд нэг ч байхгүй. Тиймээс бид булахаас өөр арга алга. 

-Золбин нохдыг буудаж устгадаг улс хэр олон байдаг юм бэ?­

-Монголоос өөр байхгүй. Ер нь улс орнууд цус асгаруулж бууддаг харгис аргаас татгалзаж байгаа. Төсөв санхүү сайн улсууд тариа хийж унтуулдаг. Тэр ч байтугай хөгжилтэй орнуудад золбин нохой гэдэг ойлголт байхгүй болохоор нохойг буудаж устгана гэхээр санаанд нь багтдаггүй. Харин манайд иргэд өөрсдөө нохойгоо замбараагүй үржилд оруулж, тоо толгойг нь хэт их өсгөөд байгаа учраас устгалд оруулахаас өөр аргагүй.

Засгийн газрын мэдээ
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.