Вирус ба Бурхад
Хүн буруу амьдарч байгааг коронавирус нотоллоо.Эртний Хятадын их бясалгагч Луузын Дао Де-цзын судар "хүмүүс хэзээ ч нэг нэгэндээ зорчихгүй,хилийн наана цаанаас тосгодынх нь бараа харагдаад, нохой нь хуцалдаад, тахиа нь гуагчаад л нам гүм ажин түжин амьдарвал таарна” гэсэн өгүүлбэрээр төгсдөг. Мөхөс би буруу ойлгосон байж болно.Юуны тулд энэ их хурд холхилт нисэлт шумбалт дүүлэлт ачаа бараа өрсөлдөөн солилцоог хийнэ вэ? Байгалийн жам хүн төрөлхтнийг байранд нь тавилаа. Тансаг зэрэглэлийн гэх тодотголтой хэдэн мянган хүнтэй усан онгоцыг далай дунд зогсоолоо.Ингэтлээ их холхих шаардлагагүйг хил хаасан явдал нотоллоо.Ямар ч оюуны хөгжилгүй байр байрандаа бай гэж байгаа ч юм биш. Гэхдээ өвчин гарлаа гэж "лантуун дохио” өгсөөр байхад нэг иргэн голомт хавиас халуурч орж ирэв. Та хаана яваад ирэв гэж асуусан чинь "туршлага судлаад ирлээ” гэж хариулсан гэнэ. Тахал маягийн өвчин хоёрхон сарын дотор хэдэн сая мянган бээрийг туулан тив,бүс,бүслүүр улс улсад нэвтэрч хурд солилцооны идийг алмайртал үзүүлэв.Шинжлэх ухааныг хөгжүүлснээрээ хүн төрөлхтөн бахархдаг. Шинжлэх ухаан дэлхийн хамгийн хүнд хөдөлмөр гэдгийг мэднэ. Гэвч хамгийн хүчтэй лаборатори институт,баг,бүрэлдэхүүн арми ажиллаад ч вакцин гаргаад автал саатна, гаргаад авсны дараа туршаад практикт нэвтрүүлтэл жил, хагас жил.Хүн байгалиас асар их холдсон нь нотлогдлоо.Дархлаа тун сул болж. Дархлаа байгаа л даа. Гэхдээ жам бус амьдралын хэв маягаас болоод муу зүйлийн хуримтлал хорын хүч тун их болж.
Хэдэн мянган хүн тээвэрлэгддэг тул автобусыг маш сайн угаах ёстой л гэнэ.Уг нь хүмүүс хоорондын аюулгүйн бүс 4 метр гэж эрдэмтэд тогтоосон юм гэсэн. Байдал хүндэрмэгц байгалийн жам, эрдэмтэн мэргэдээ олж харлаа. Одоо хүн хүнтэйгээ учиргүй гар бариад л явж болохгүй гэнэ. Учиргүй олон хүнтэй үнсэлцэж болохгүй гэнэ.Үнэн шүү дээ.
Монгол улсын хөлөг онгоцны доторх талбай Монгол улсын нутаг дэвсгэрт хамаардаг. Сайн байцгаана уу гэсэн үг 31 хүүхдэд авралын тарни болж сонсогдсон биз.Эх орны үнэ цэнийг ойлгууллаа. Эмнэлэгт байхдаа 31 хүүхэд нэг ч удаа инээж шуугьж дэг журмыг алдагдуулаагүй, сахилга батыг чанд сахисан гэж эмнэлгийн ажилтнууд хэлжээ. Тийм ээ. Зовлон ойлгож ухаан сууна гэдэг энэ. Хүндэтгэл гэдэг энэ шүү дээ.