МАН-ыг мандуулах үүрэгтнүүд буюу шинэ “фигур”-ууд

460

МАН-ыг мандуулах үүрэгтнүүд буюу шинэ “фигур”-ууд

 

Цуврал-2

Эрх баригч намын хувьд энэ удаагийн сонгуулиар өмнөх шигээ 65 суудал биш ч гэлээ олонх болох хэмжээний ялалт байгуулахыг хичээх нь чухал гэж үзэж байгаа аж. Тиймээс нэр цэвэр хүмүүсээс сонголт хийхийг чухалчлах болсон байна. Харамсалтай нь МАН-д нэр цэвэр хүн ховор учраас шинэ үеийн бүсгүйчүүд нэлээд хүч түрэх бололтой.

МАН-аар овоглогддог улстөрд "туршлага”-тай эгч нарын ихэнх нь баахан "сан”-гаас зээл авч, авлига, хээл хахууль, албан тушаалын томилгоо зэрэгт нэр холбогдчихсон. Энэ нь ч шинэ залуу бүсгүйчүүд алгаа үрчин суух боломж олгож байгаа.

Улаан гэрлийнхэн буюу улстөрд улирах магадлалтай эмэгтэйчүүд

Д.Сарангэрэл

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг энэ жилийн сонгуулиар "улаан гэрэл”-ээр нэр дэвших эрхээ халааслах эмэгтэйчүүдийн тэргүүн эгнээнд яваа гэж хэлж болохоор байна. Түүнийг анх сайд болох гэж байхад нь л мэргэжлийн бус хэмээн гоочилж байсан. Гэвч сайд хүн мэргэжлийн бус сайн менежер байхад хангалттай  гэдгийг хамгийн тод томруунаар харуулж байгаа. Яг одоогийн цаг үеийн нөхцөл байдлыг даваад гарчихвал Д.Сарангэрэл сайд аль ч тойргоос ялалт байгуулах хэмжээний "баатарлаг” үйлстэн болно гэсэн үг.

М.Билэгт

УИХ-ын гишүүн М.Билэгт Баянхонгор аймаг, УИХ-ын наймдугаар тойргоос сонгогдсон. "Ачлал трейд” компанийн "босс” энэ эмэгтэй тухайн үед Олимпийн аваргыг "мөргөж” гарч ирсэн "бядтай”. Төрийн ордон болоод олон нийтийн өмнө хэлж, ярьж буйг нь гоочлох хүмүүс байдаг ч агуулгын хувьд М.Билэгт гишүүн бас ч бусдыгаа бодвол асуудалд ул суурьтай ханддаг. Хадврын эмнэлэг барьсан ч түүнийгээ төрд шахах гэлээ гэж шуугих болсон нь мань хүн намдаа нэр олж, квот авах, МАН-ын ашиг сонирхолыг ч бас давхар тооцолсон нь гарцаагүй. Эрхэм гишүүн бусдынхаа адил тойрогтоо ажиллахдаа өөрийн хөрөг бүхий данхтай очиж, хавийн хүний элгийг хөшөөх шахсан. Гэсэн ч хэрэгтэй зүйлийг нь өгсөнд сонгогчид нь талархаад л авчихаж байх жишээтэй. Ер нь баянхонгорчууд бэлтэй гишүүдэд нугасгүй гэдэг нь өмнөх болон бусад гишүүдийнх нь ХОМ-ээс  ч харагддаг. 

Дэд сайдаас парламентад

Ж.Сауле

МАН-ын Засгийн газарт хэд хэдэн эмэгтэй бий. Гэхдээ дэд сайд. Салбарын сайдаасаа илүү үнэлэгдэхээр тэднийг олон нийт ч хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ч ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулег энэ удаа тойрогт нэр дэвшүүлэх тухай яригджээ. Мэдээж түүний хувьд салбараа "гартаа” оруулчихсан. Улстөрийн хүрээнд нэр хүндтэй нэгэн. Гэхдээ Баян-Өлгийн хувьд сонголтоо овгийн ахлагчийн "зааварчилгаагаар” хийдэг нь Ж.Саулен өрсөлдөгч хэн байхаас үл хамаарч эрхэм хатагтай парламентад тангараг өргөх боломжтой болох ажээ. Учир нь Ж.Саулегийн овог казак түмний дунд нэр хүнд, хүнийхээ тоогоор хамгийн дээгүүрт явдаг юм билээ. Тиймээс түүний ур чадвар, нэр хүндийг дараагийн парламнетад ашиглахыг хүсвэл МАН Ж.Саулег үндэсний цөөнх гэдэг утгаар нь жагсаалтад оруулчихвал илүү үр дүн гарах байх.

Х.Булгантуяа

МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн амандаа хүрч нэр цэвэр хүмүүсээр багаа бүрдүүлбэл Сангийн дэд сайд Х.Булгантуяа тэргүүн эгнээнд бичигдэнэ. Насны хувьд залуу ч боловсрол, туршлагаар хэнд ч гологдохооргүй түүнийг дэлхийн шилдэг 100 залуу, азийн шилдэг 25 залуу улстөрчийн нэгээр нэрлэсэн байдаг. Х.Булгантуяа МАН-ын нарийн бичиг байсан бол сая НЭМЭХ-ны ерөнхийлөгчөөр ч нэр дэвшиж, өөрийнхөө чансааг нам дотроо сориод үзчихсэн нэгэн. 

Л.Бямбасүрэн

Мөн л олон нийтэд төдийлэн танил болоогүй эмэгтэй. Түүнийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн гэдгээр нь л мэднэ. Тэр өмнө нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн байсан гэх мэт нам, төрийн ажлын туршлага сайтай. Эхийг нь эцээж, тугалыг нь тураачихгүйгээр үүрэгт ажлаа гаргууд зохион байгуулчихдаг учраас МАН түүнийг итгэл даах хүн гэж тодорхойлон, нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсийн жагсаалтад багтаажээ.

http://erennews.mn/article/30345

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>