Эмийн урьдал Remdesivir (Ремдесивир) буюу шинэ коронавирусийн эсрэг БНХАУ-д эхлүүлж буй эмнэлзүйн туршилт

702

Энэ сарын 6 -ны өдөр БНХАУ-ын Анагаах Ухааны Академиас тус улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ болон АНУ-ын эм үйлдвэрлэлийн аврага компани болох Gilead Sciences (Жилеад Сайнсэс) нарын хамтаар коронавирусийн эсрэг боломжит эм болох  Remdesivir -н анхны “эмнэлзүйн” буюу хүн дээр хийх туршилтыг эхлүүлснээ зарласан юм.

БНХАУ-ын зүгээсс мэдэгдэж байгаагаар тус улс нь энэ удаагийн 2019-nCoV буюу шинэ коронавирусын дэгдэлт үүссэн цагаас эхлэн уг халдварыг эмчлэх боломжит эмийн хувилбаруудыг судалж эхэлсэн бөгөөд тодорхой хугацааны туршид 30 гаруй эм болон эмийн урьдал бүтээгдэхүүнүүдийг лабораторийн шугаман эсийн өсгөвөр болон амьтны биед туршин судлахад Remdesivir, Chloroquine, Lopinavir гэсэн гурван бүтээгдэхүүн харьцангуй өндөр үр дүн үзүүлсэний дотроос АНУ -н Gilead Science компанийн бүтээл болох Remdesivir эмийг ийнхүү эцсийн сонголтоор сонгон авч “цөөн тооны” өвчтөн дээр эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн аж.

GS-5734 хөгжүүлэлтийн код бүхий Remdesivir нь Африк тивээс гаралтай вирусын аюулт халдварууд болох Эбола, Марбургийн вирусийн халдварыг эмчлэх зорилгоор Gilead Sciences компанийн анхлан хөгжүүлж байсан нуклеотидийн аналоги бүтэцтэй, хараахан эм болж албан ёсоор баталгаажаагүй байгаа эмийн урьдал бүтээгдэхүүн юм. 

 
Зураг: Ухань хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ -н Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч Ван Чэн тус улс нь 2019-nCoV коронавирусийг эмчлэх эмнэлзүйн туршилт эхлүүлсэнийг зарлалаа. / Photo by Xinhua.

Эмийн химийн бүтэц болоод үйлдлийн механизмийн хувьд Remdesivir нь дээр дурьдсанчлан нуклеотидын аналоги буюу 1’-циано-холбоот аденозин нуклеотидэн бүтэцтэй молекул бөгөөд энэхүү аналоги нуклеотид нь вирус амьд эсийн дотор өсөн олшрох явцад түүний удамшлын гол материал болох РНХ  хувилагдан олширч эхлэх үед нь уг үйл ажиллагааг хариуцан явуулдаг вирусийн “РНХ хамааралт РНХ полимераз” энзимийн үйл ажиллагаанд шаардагдах энергийн үндсэн эх үүсвэр болсон гурван фосфорт аденин нуклеотидээс өрсөж тус энзимтэй холбогдсоноор “РНХ хамааралт РНХ полимераз” энзимийн үйлж ажиллагааг хориглон зогсоож улмаар вирусийн РНХ -н цаашид уртсах үйл явцыг гацаах замаар вирусийн олшролтыг зогсоодог үйлдэлтэй.. 

Удамшлын материал нь РНХ агуулсан олон төрлийн вирусуудын эсрэг бүтээгдсэн бодис юм.

Харин Remdisivir хүний РНХ уртасгагч үндсэн энзим болох II төрлийн РНХ полимеразтай харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд ингэснээр хүний эсийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлдөггүй байна.

Зураг: Нуклеотидын аналог бүлгийн Remdesivir (GS-5734) нь олон төрлийн вирусийн генийг хувилагч “РНХ-хамааралт РНХ полимераз” энзимийг саатуулан вирусийн үржилтийг зогсоодог юм. / Photo ZeroHedge

Уг урьдал эм нь одоогоор хараахан албан ёсоор жинхэнэ эм болж баталгаажигдаагүй байгаа ч АНУ-ын судлаачдын амьтан дээр хийсэн туршилтууд түүнийг урьд өмнө дэгдэж байсан аюулт өвчнүүд болох SARS болон MERS өвчнийг үүсгэгч коронавирусийн омгуудын эсрэг үр дүнтэй гэдгийг харуулсан юм. 

 Түүнчлэн Gliead Sciences компанийн ахлах эмч, анагаах ухааны доктор Merdad Parsey -н баталж байгаагаар 2020 оны нэгдүгээр сард АНУ-ын Вашингтон муж улсад илэрсэн шинэ коронавирусийн халдвар бүхий тус улсын анхны өвчтөн уушгины хатгаа өвчнөөр хүндэрсний дараа  эмч нарын баг яаралтай шийдвэр гаргаж Remdesivir -г судсаар тарин хэрэглэж үзсэн бөгөөд ингэхэд тус өвчтөн эмээс шалтгаалсан ямар нэгэн гаж нөлөөгүйгээр эдгэрсэн аж.

Тэрбээр мөн нэмж хэлэхдээ Gilead Sciences компани Remdesivir -н шинэ коронавирусийн эсрэг туршилт судалгааг өргөтгөн хийж эхлүүлсэн ба туршилтын урьдал эмээрээ БНХАУ -ын эмнэлзүйн туршилтыг хангаж байгаагийн нэгэн адил яаралтай нөхцөл үүссэн тохиолдолд тодорхой тооны эмнэлгийн байгууллагын ажилчдад зориулан хангалт хийх боломжтой гэдгээ ч мэдэгджээ. 

Юутай ч шинэ коронавирусийн эсрэг боломжит эмийн эмнэлзүйн буюу хүн дээр хийж үзэх туршилт Remdesivir урьдал эмээр ийнхүү анх удаагаа эхэлж байгаа бөгөөд хэдэн долоо хоногийн дараа туршилтын амжилтын талаарх эхний үр дүнгүүд гарч эхлэх юм.

Хэдийгээр туршилтын тодорхой үр дүнгийн талаарх мэдээлэл хараахан гарч эхлээгүй байгаа ч дэлхийн олон орны эмч мэргэжилтнүүд БНХАУ -д хийгдэж буй эмнэлзүйн туршилтыг ихэд найдлага тавин харж буй юм. 

Д.МӨНХНАРАН Дархлаа судлаач, Хүний их эмч, Анагаар ухааны доктор

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>