Коронавирусийн гамшгийн улмаас сүмогийн тэмцээн түүхэндээ анх удаа хаалттай зохион байгуулагдана

423

Энэ долоо хоногийн сүүлээр эхлэх хаврын тэмцээнийг хаалттай хаалганы цаана зохион байгуулахаар болсноо Японы Сүмогийн Холбооны удирдах зөвлөл өчигдөр зарлажээ.

Шинэ коронавирусийн аюултай холбоотойгоор Японы засгийн газар спортын холбоод, тэмцээн уралдаан зохион байгуулагчдад хандаж, олон хүн цугларсан үйл ажиллагаануудаа цуцлах, эсвэл хойшлуулахыг уриалсан юм. Хаврын тэмцээнийг зөвхөн NHK сувгаар дамжуулах бөгөөд аль нэг бөхөөс коронавирусийн халдвар илэрвэл тэмцээнийг шууд зогсоохоор болжээ.

Өөрөөр хэлбэл сүмо бөхчүүд анх удаа фэнүүдгүйгээр хоосон танхимд барилдах болж байна. Сүмогийн Холбоо тэмцээнийг цуцлах, эсвэл хаалттай явуулах хоёр хувилбарыг хэлэлцсэн ажээ. Сүмогийн түүхэнд жилд зургаан удаа болдог гол тэмцээн хаалттай явагдаж байсан тохиолдол байдаггүй. 

Харин хоёр удаа цуцлагдаж байсан түүхтэй. 2011 оны гуравдугаар сард бөхчүүд хоорондоо “найраа хийдэг” гэсэн дуулиан дэгдэх үед нэг удаа тэмцээн цуцлагдаж байжээ. Нөгөө нэг тохиолдол нь 1946 оны зун дэлхийн хоёрдугаар дайнд сүйрсэн Рёгоку Кокугикан ордныг сэргээн босгох шалтгаанаар цуцлагдаж байсан гэдэг.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: Kyodo News

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>