Олимп цуцлагдах эсэх яриа дахин дэгдлээ

45
 
 

Олимп цуцлагдах эсэх яриа дахин дэгдлээ

 

  • ОУОХ тавдугаар сарын сүүл хүртэл нөхцөл байдлыг харзнаж үзэх төлөвлөгөөтэй байгаа аж. Хэрэв тэр үед вирусийн тархалт намжаагүй, улам эрчимжсэн байвал олимпыг цуцлахаас өөр аргагүйд хүрэх юм
  • Олимпын наадам түүхэндээ гурван удаа зохиогдолгүй өнжсөн байдаг. Энэ бол 1916, 1944 оны олимп. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны жилүүдэд хүн төрөлхтөн олимп манатай байсан нь ойлгомжтой

Дэлхийн 60 гаруй оронд бүртгэгдэж, 80 мянга гаруй хүнийг халдварлуулаад буй шинэ коронавирус спортын ертөнцөд ч сүүдрээ тусгах болоод удлаа. Өвчний голомт хот Уханьд зохиогдох байсан боксын олимпын эрхийн тэмцээнийг Йордан руу шилжүүлсэн нь энэ бүхний эхлэл байв. Удалгүй мөн л Уханьд болох байсан хөлбөмбөгийн олимпын эрхийн тэмцээнийг Наньжинь руу шилжүүлэх шийдвэр гарсан. Гэтэл дараахан нь хөнгөн атлетикийн танхимын ДАШТ-ийг энэ жил зохион байгуулахгүй болов. Эхэндээ зөвхөн Хятадад болох тэмцээнүүдийг шилжүүлэх, эсвэл цуцлах шийд гарч байсан бол өвчин хүрээгээ тэлэхийн хэрээр бусад улс оронд болох тэмцээнүүд ч дээрх шуурганд өртөх болов. Томхоноос нь дурдвал "Формула 1” уралдааны Хятадын гранпри бүрмөсөн цуцлагдаж, сагсан бөмбөгийн олимпын эрхийн зарим тоглолт явагдахгүй боллоо. Мөн ширээний теннисний ДАШТ-ий эхний шат БНСУ-д болох байсан ч тус улсад коронавирусийн халдвар эрчимжсэний дараа хойшлуулахаас аргагүйд хүрэв. Вирусийн халдварын нэг голомт болоод буй Итали улсад ч байдал түвэгтэй байна. Тус улс хөлбөмбөгийн лигийн тоглолтуудаа үзэгчгүй цэнгэлдэхэд явуулж байсан бол хамгийн сүүлд "Ювентус”-”Интер”-ийн тоглолтыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Уг нь энэ хоёр баг хүснэгтийн нэг, хоёрт бичигдэж буй, аваргын төлөөх өрсөлдөөнд маш их ач холбогдолтой тоглолт байв. Одоогоор тоглолт, тэмцээн цуцлагдсан, хойшлогдсон тохиолдол 50 гаруй бүртгэгдээд байгаа юм. Эдгээрийн цөөнгүй хэсэг нь олимпын наадмын сонгон шалгаруулах тэмцээн байлаа. Хамгийн сүүлд чөлөөт бөхийн Ази тивийн олимпын эрхийн тэмцээний хувь заяа бүрхэг болж ирлээ. Хятадын Сианд болох байсан тус тэмцээнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо цуцалж, эрхийг нь Кыргызстанд шилжүүлсэн. Гэвч коронавирусийн халдвар улам эрчимжсэнтэй уялдан кыргызүүд тэмцээнийг хүлээн авахаас татгалзав. Ингэснээр Азийн бөхчүүд олимпын эрхээ ямар тэмцээнээс авах нь тодорхойгүй үлдлээ. Олимптой холбоотой тэмцээн олноор цуцлагдаж байгаа, дээр нь вирусийн тархалт улам нэмэгдэж байгаа зэргээс үүдэн Токиогийн олимп зохиогдох уу гэдэг яриа дахин эрчээ авав. Цагтаа Дэлхийн допингийн эсрэг агентлагийг удирдаж байсан, өдгөө ОУОХ-ны гишүүнээр ажиллаж буй Дик Паунд Associated Press-т ярилцлага өгөхдөө олимпын өмнө тулгарч болох эрсдэлүүдийн талаар үзэл бодлоо дэлгэрэнгүй хуваалцсан юм. Түүний хэлснээс үзвэл ОУОХ тавдугаар сарын сүүл хүртэл нөхцөл байдлыг харзнаж үзэх төлөвлөгөөтэй байгаа аж. Хэрэв тэр үед вирусийн тархалт намжаагүй, улам эрчимжсэн байвал олимпыг цуцлахаас өөр аргагүйд хүрэх юм байна. Үнэхээр иймдээ тулбал олимпыг хойшлуулах, эсвэл өөр улс руу шилжүүлэх асуудал байж таарахгүй, шууд цуцлах ёстой хэмээн тэрбээр үзэж буйгаа илэрхийлжээ. "Олимпын наадмыг 2021 он хүртэл хойшлуулаад асуудлыг шийдэхгүй. Учир нь бусад спорт холбоод, тамирчид, төрийн болон сайн дурын ажилтнууд, зочид төлөөлөгчид гээд бүх хүн олимпын наадамтай уялдуулж төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Тиймээс олимп зохиогдох хугацааг нэг жилээр хойшлуулна гэдэг боломжгүй зүйл” хэмээн Дик Паунд ярьсан байна. Олимпын наадам түүхэндээ гурван удаа зохиогдолгүй өнжсөн байдаг. Энэ бол 1916, 1940, 1944 оны олимп. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны жилүүдэд хүн төрөлхтөн олимп манатай байсан нь ойлгомжтой. Түүнчлэн 2016 онд Риогийн олимп болохын өмнө Бразилд зика вирусийн халдвар тархаж, олимп цуцлагдах уу гэсэн яриа дэгдэхэд хүргэсэн. Гэхдээ зика вирусийн халдвар өнөөгийн коронавирус шиг аюултай нөхцөлд хүрээгүй байсан тул олимп болдгоороо болсон түүхтэй. Харин энэ удаа нөхцөл байдал маш түвэгтэй болсныг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч байна. Ямартай ч бид тавдугаар сарын сүүл хүртэл байдал яаж өрнөхийг хүлээх үлдэж байна. Хэрэв тухайн үед вирусийн тархалт буураагүй байвал дайн тулаанаас өөр шалтгаанаар олимп цуцлагдсан анхны тохиолдол бүртгэгдэх болно. Дашрамд сануулахад, Токиогийн олимпын албан ёсны төсөв 12.6 тэрбум ам.доллар. Гэвч Японы Үндэсний аудитын газраас гаргасан тооцоогоор наадам зохион байгуулах өртөг 28 орчим тэрбум ам.доллар болж нэмэгдээд байгаа аж.

Засгийн газрын мэдээ
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.