Коронавирус ба төсвийн эрсдэл
2020 оны I улирлын дүнгээр манай улсын экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.5 дахин буурч, 600.0-650.0 орчим сая ам.долларт, импорт мөн буурч 900.0 -1.0 тэрбум ам доллар хүрэх төлөвтэй байна. Гадаад худалдааны тэнцэл 2004 оноос хойш анх удаа алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ 300.0 гаруй сая ам.долларт хүрэх магадлалтай гэж үзэж байна. Ийнхүү экспорт, импорт буурахын хэрээр улсын төсвийн орлогын бүрдэлт тасалдаж, улсын төсөв алдагдалтай гарах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд, түүнд ханган нийлүүлэгч ААН-үүдийн орлого ч эрс буурах нь тодорхой. Мөн улсын хэмжээнд хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн тул үйлчилгээний салбарын орлого буурахаар байна. Коронавирусын тархалтай холбоотойгоор эдийн засаг саарч байгаа энэ үед төсөвт тодотгол хийж бүтээн байгуулалтын шинжтэй төсвөө танах түүнчлэн бизнес эрхлэгчдийн зээлийн хүү болон түрээслэгчдийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэйг эдийн засагчид болоод зарим улс төрийн намууд уриалж байр сууриа илэрхийлсээр байсан. Гэвч Сангийн сайд, төсвийн орлого 180 гаруй тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй ч төсөвт тодотгол хийхгүй гэдгээ өчигдөр дахин мэдэгдлээ. Мөн НДШ-ийн алдангийг авахгүй, түрээсийн төлбөрийн татварын нэг удаа чөлөөлнө гэлээ.
Дэлхийн 76 оронд түгээд байгаа коронавирусын халдвар энэ хэвээр тавдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдээд байгаа. Цаашид дэлхийн бусад орны эдийн засагт эрсдэл байдал үүсэхээр байгаа энэ үед төсвийн орлого тасалдах нь тодорхой болоод буйг ч мөн анхааруулсаар байна.
– Монгол улсын 2020 оны төсөв "популист төсөв” болсон гэж үзэж байгаагаа өмнө нь ч илэрхийлж байсан. Дэлхий дахинд үүсээд байгаа корона вирусын халдварын тархалтаас болж манай экспортын 90 орчим хувийг эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний экспорт, гадаад зах зээл дээрх үнэ нь буурч, манай гол худалдан авагч болох БНХАУ-ын эдийн засгийн эргэлт саарч, өсөлт нь буурах болоод байна.