Сайн кино зохиол төрөхөд саад болж буй хүчин зүйлс

61

 

Сайн кино зохиол төрөхөд саад болж буй хүчин зүйлс

 

Түүхэндээ Монголын кино урлагийн хамгийн оргил үеийг 1950, 1960-аад он гэдэг. Тайз, дэлгэцийн урлагт Л.Ванган, М.Жагван, Ч.Чимэд нарын мэргэжлийн жүжиг, киноны зохиолчид мэндэлснээр "Өглөө”, "Тэмцэл”, "Нийслэл хүү”, "Хүний мөр” зэрэг хэл, найруулгын хувьд чамбай, харилцан яриа амьд, оновчтой, хурц зөрчилтэй, үйл явдал бодит, бүрэн бүтэн кинонууд манай урлагт мэндэлсэн. Харин өнөөдөр 2020 он гарсаар түүхийн нэгэн шинэ хуудас эхэлж буй ч өнгөрсөн аравны турш кино урлагт тодорхой үр дүн гарахгүй байсаар байна.

"Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд онд Монголын кино урлаг техник хангамжийн хувьд ч, зохиолын хувьд ч уналтад орсон. Гэхдээ энэ уналт нь мухардал биш байв. Шилжилтийн үе дуусч, Монголын эдийн засаг сэргэж эхэлсэн 2005 оноос кино урлаг ч сэргэсэн.”

Я.Баяраа, "Монгол кино: Зохиол, Зохиол, Зохиол”нийтлэл

Дэлхий ертөнц гайхам хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байхад Монголын кино урлаг эсрэгээрээ хэдэн жилээр ухарч явааг хэлэхэд тун бэрх. Тэр хоцрогдол техник технологийнх бус оюун санаа, сэдэв сэдэл, зөрчил, агуулгынх болж хувирлаа. Кино урлагийн амин сүнс болсон зохиол хэмээх зүйлээ гээчихээд бид урагш мацсаар л. Яг үнэндээ Монголын кино урлагт тохиосон 1990 оны их хямрал одоог хүртэл үргэлжилж байгаа юм биш биз гэсэн хардалт эрхгүй төрөх болсон. Уран бүтээлчид, үзэгчид бид унтаа байдлаасаа хэзээ сэрж, сэргэлт авах вэ.

"Кино бол хамгийн азгүй урлаг. Учир нь мөнгөнөөс шууд хамааралтай” гэж Оросын алдарт найруулагч Андрей Тарковский нэгэнтээ хэлсэн байдгийг мэдэхгүй кино туурвигч бараг үгүй биз. Өнөөх л мөнгө, мөнгө бас дахин мөнгө гэх асуудал дуу, дүрсний урлагийг ч тойрсонгүй. Харин дайрах дайрахдаа амин голыг нь олох учир шинээр гарч буй уран бүтээлүүд бүрэн дүүрэн эрсдэл дунд мэндэлдэг. Гэвч энэ асуудал олон өнцөгтэй. Нэг талаар уран бүтээлчид кино хийснийхээ төлөө татвар төлдөггүй учир 90 минутын, элдэв нэртэй сайн, муу, дүрсний эвлүүлэг төдийхнөө өргөн дэлгэцээр гаргах эрх чөлөөтэй явна. Аз нь гийвэл овоо хэдэн төгрөг олно, үгүй бол зарлагаа ч нөхөж чадахгүй шатаад л дуусна. Чанаргүй кино хийчихээд уран бүтээл гэж нэрийдвэл өөрдсдийгөө болон үзэгчдийг доромжилж буй хатуу үнэн юм. Өнгөрсөн жилд дотоодын зах зээлд 40 гаруй монгол кино нээлтээ хийсэн аж. Түүнээс хэд нь үнэхээр шаардлага хангахуйц сайн бүтээл болсон бэ гэдэг том асуудал. Тиймээс ч их, бага татвар төлдөг болчихвол хүсээд ч муу кино хийхгүй байх "үнэн” ачаа кино үйлдвэрлэгчдийн нуруун дээр ирэх учир чанар, агуулгадаа анхаарч эхлэх болов уу гэсэн мунхаг бодол төрөхүй. Хандлага нь зөв, мэргэжлийн бол хандах зүг өөрөө тогтоно.

Иймд төрөөс кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд Кино урлагийг дэмжих тухай хууль батлуулах, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Кино урлагийн зөвлөл байгуулах, Кино үйлдвэр барих, Кино урлагийг дэмжих сан байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үндэсний кино контент бүтээх, кино үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын кино наадам, үзэсгэлэнд Монгол киног оролцуулах, төрийн захиалгаар уран сайхны болон баримтат кино, хүүхэд залуучуудад зориулсан кино бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалт бүхий Засгийн газрын тусгай санг шинээр байгуулахаар тооцож төрөөс санхүүжилтийн эх үүсвэрт эхлэлийн хөрөнгө болгож 10 тэрбум төгрөг олгохоор тусгав. Цаашид уг сан өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах гэнэ.

Өөрөөр хэлбэл, өнөөх олон жилийн турш хүссэн хүсэл энэ жилээс кино урлагийн салбарт биеллээ олох бололтой. Манайд кино урлагийн дархлаа сул учир уран сайхны кино хийгээд кино үйлдвэрлэл санхүүгийн хувьд төрийн халаасанд орох вий гэх айдастай нүүр тулж байна. Мэдээж нийгэмд кино урлагаар дамжуулж юуг ч ухуулан сурталчилж болох учир агуулгын хувьд эрүүл байх шаардлагатай. Бүрэн хэмжээний уран сайхны бүтээл хоёр минутын телевизийн мэдээнээс илүү нийгмийг хаашаа ч чиглүүлэх хүчийг өөртөө тээж буй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. 10 тэрбум төгрөгөөр нэг жилд хэдэн сайн кино хийж, бас бус кино урлагийг дэмжих, хөгжүүлэх, олон улсад сурталчилах, залуу, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх төсөл хэрэгжүүлж болох вэ. Мөнгөний гачигдал нэг талдаа гарч байгаа болохоор одоо бүтээлийнхээ чанарт илүү анхаарал хандуулах цаг ирлээ. Үүний дараа оюуны өмчийн экспорт өсөх нь жам ёсны асуудал биз.

Монголын кино урлагт "горьдлого”-ыг нутагшуулъя

"Кино гэх цогц бүтээлийн суурь болдог зохиол нь "зураг авалтын төлөвлөгөө” маягтайгаар бичигдээд ирэхээр үйлдвэрлэлийн чанар бүхэлдээ уначихаж байгааг уран бүтээлчид эдүгээ нэгэнт анзаарч харах болсон байна.”

Д.Энхболдбаатар, "Кино зохиол бол уран зохиол буюу А.Миеэгомбо” нийтлэл

Манай нийгэмд кино урлагаар дамжуулан илэрхийлэх учиртай олон санаа, зөрчил бий ч уран бүтээлчид тэдгээрийг тойрсоор аль болох хөнгөн, хөгжөөнтэй кино хийхийг чухалчлах боллоо. Зарим уран бүтээлчид өөрсдөө иймэрхүү кино хийгээд явах нь бидэнд амар, үзэгчид ийм л киног таашааж үздэг анзааны зүйл ярих нь хэтэрхий бүдүүлэг, ёс зүйгүй явдал шиг. Тиймээс ч одоо монгол киноны хөгжлийн үе, үйлдвэрлэлийн үе гэж ярих нь тун эргэлзээтэй. Угтаа үйлдвэрлэлтэйгээ хөгжил нь цуг явмаар. Хөгжлөө дагаад үйлдвэрлэл нь эрчимжмээр. Гэвч манайд зах зээлээс болоод ч тэр үү, уран чадвар дутуу дулимагаас уу олон л асуудал тулгарч байна. Үнэн гэвэл кино үйлдвэрлэж байгаагаас бүтээж байна уу гэвэл үгүй шүү дээ.

"Монголын кино урлагт мэргэжлийн зохиолч дутагдаж байна. Монголд ихэнх кино зохиолууд найруулагчийн санаагаар бичигдэж, мэргэжлийн ямар нэг хяналтгүйгээр дэлгэцийн бүтээл болж буй нь олон янзын алдаа гарч, эрсдэл хүлээхэд хүргэж байна.”

Я.Баяраа, "Монгол кино: Зохиол, Зохиол, Зохиол”нийтлэл

Одоо өнөөх л зохиолын тухай асуудал дахин сөхөгдөнө. Шийдэл олтлоо бичих нь өөрөө шийдэл биз ээ. Өмнө нь монгол киногоор нийгмийн байдал, алдаа оноо бүхнийг тусгадаг байсан бол одоо монгол кино өөрөө нийгмийн алдаа болчихлоо. Кино зохиол зөвхөн ахуй орчныг дүрслэх төдий биш, баатруудын оюун сэтгэхүй дэх зөрчлийг нээх чухал үүрэгтэй. Дэлхий дахинд нэгэнтээ кино зохиолын бичлэгийн хэлбэр, формат хэлбэршин тогтсон гэдгийг эрхбиш уран бүтээлчид маань мэднэ. Манайд кино зохиолыг форматын дагуу бичдэг мэргэжлийн кино зохиолчид хийгээд нэмж засварлах editor буюу редакторууд нэн шаардлагатай байна. Кино урлагт мэргэжлийн зохиолчдын орон тоог нэмье. Түүний тулд кино зохиолчдын хөдөлмөрийг нь үнэн, бодитоор үнэлэх горьдлогыг бий болгоё. Эцэст нь дүгнэхэд сайн кино бүтсэн нууц бол ердөө л багийн ажиллагаа шүү дээ.

Оюун санааны хувьд хамгийн мохоо үедээ байгаа орчин үеийн монгол киног сайн, муу гэж дүгнэх шаардлагагүй. Өргөн дэлгэцээр гарч буй монгол кино өөрөө бодит дүгнэлт, үнэлгээ бас шүүмжлэл юм.

 
Eagle.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.