Болох ёстой юм болдгоороо болж, бид ч хүртэх ёстойгоо л хүртэв

53

"Хүссэн юм хүзүүгээр татав" гэдэг шиг болох ёстой юм болдгоороо боллоо. Шинэ корнавирусын халдвар өмнөд хөршид бүртгэгдсэн цагаас хойш сар гаруй хугацаанд манайхыг тойрсон нь зол болсон ч аврал болсонгүй. Анхны тохиолдолд Монголд хэдийн бүртгэгдчихлээ. Дахиад олон тохиолдол илэрч болохыг бидний хайнга, дүйнгэ байдал бүрнээ харуулав. Шинэ коронавирусын тээгч болсон, Франц улсын иргэн Монголд ирээд Улаанбаатарт 40 гаруй, хөдөө орон нутагт 80 гаруй хүнтэй уулзсан байна.

нэ сарын 02-ны өдөр Аерофлотын онгоцоор Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн Францын иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг гэх мэдээлэл байна/

Харин манай эрүүл мэндийн байгууллагынхан түүнийг нь хараад л сууж байж. "Өөрийгөө тусгаарлаарай гэсэн чинь үгэнд ороогүй байна" гээд сууж байх нь манай л ёс юм байх даа. Нөгөө "босуул" нь тавхан хоногийн дотор 100 хол илүү хүнтэй хавьталд /бэлгийн биш шүү/ орчихсон байх жишээтэй. Тэсрэх бөмбөг цаашаа, бактерлогийн зэвсэг юм уу хаашаа. Өнөөх өдөр болгон хуралдаад, урьдчилан сэргийлсэн тухай мэдээлээд байсан зүйл нь хий хоосон зүйл байсныг нэг л өдөр харууллаа. Одоо анхны хавьтагч нараас дам хавьталд орсон иргэдийг олж илрүүлэх ажиллагаа явуулж байна гэв. Бэлдсэн эмнэлгийг ор нь хүрэлцэхгүй тийшээгээ болж байна. 

Энд ганц эрүүл мэндийн болон хяналтын байгууллагуудыг буруутгах аргагүй. Иргэдийн өөрсдийн ухамсар гэж бас нэг юм байна. Сая сар шинээр хөл хорио тогтоосон цагаар гэхэд Улаанбаатарчууд хэдүүлээ хөдөө гадаа руу холхив. Хорио тавигдаж зам нээгдэхэд 14000 машин Улаанбаатар луу орж ирнэ гэсэн нь 100 гаруй мянга болсон. Тэгэхээр дан ганц хяналтын байгууллагуудын өгч байгаа мэдээлэлд итгэх аргагүй болж байна.

Саяхан Лас Вегаст болсон олон улсын хуралд оролцоод ирсэн 16 монгол бас л олон улсын хуралд оролцсоноо мэдээлээгүй, хамт хуралд оролцсон Канадын иргэнээс коронавирус илэрсний дараа очсон нь улс нь Гадаад харилцааны яамаар дамжуулж ноот бичгээр анхааруулж байх жишээтэй. Тэгэхээр бидний "тархинд" бас их учир байна аа даа. Агаарын хилээ хаахыг иргэдийн зүгээс хичнээн удаа сануулж, шаардсан билээ дээ. Одоо халдвар нэгэнт хөл тавиад ороод ирсэн хойно ямар ч мундаг ген, монгол хүний дархлаа хамаагүй боллоо. 

Харин ч өнөөдрийг хүртэл халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан шалтгаан нь Монгол хүний генд, мундаг дархлаа энэ тэртэй ямар ч холбоогүй, ердөө л олны дотор цөөхүүлээ гэдэг маань хамгаалалт болж байсныг сануулах ч хэрэггүй болов уу. Харин одоо тэр цөөхөн ам нь анхаарал болгоомжгүй, хайнга гөжүүдээсээ болоод хиарч мэдэхээр болчихоод байна. Болох ёстой юм болдгоороо болж, бид ч хүртэх ёстойгоо л хүртэж байна даа...

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.