Монголын төр иргэдээсээ тусгаарлагдах зардал харамлах ёсгүй

370

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнгөрсөн даваа гарагт ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээлэлд оролцох үеэрээ "Өнөөдрийн байдлаар БНСУ, Япон, Хятад, Иран, Итали гэсэн таван оронд зорчсон гадаадын бүхий л иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг мөрдөж байгаа. Эдгээр таван улсаас ирсэн Монгол Улсын иргэдийг 14 хоног тусгаарлахдаа өөрсдөөр нь зардлыг нь даалгана" хэмээн мэдэгдсэн. Харин ЭМЯ-наас иргэд тусгаарлагдах байрыг голж, халуунаа үзүүлэхгүй гэж эсэргүүцсэн гэж мэдээлж байв. Түүний дараа "Жаргалант"-ын амны сувилалд тусгаарлагдсан иргэд "Биднийг өдрийн 80 мянган төгрөгөөр тооцож төлбөрөө өөрсдөө төл гэсэн. Түүнийг нь эсэргүүцсэн" гэсэн утгатай тайлбар хийсэн байдаг. 

Эцэстээ явсаар улс тусгаарлагдсан иргэдээрээ тусгаарлалтын зардлыг төлүүлэх нь тодорхой боллоо. Бүр мөнгөө өгөхгүй гэж хэл ам хийж, эсэргүүцэж байна гэсэн мэдэгдлийг ч манай дарга нар өгсөн. Энэ шийдвэрийг тэр чигт нь буруу гээгүй. Гагцхүү хүмүүсээ ялгаж салгаж, хоёр хуваах хэрэгтэй байна.  Монголын төр бүх иргэдээрээ тусгаарлагдах зардлыг нь төлүүлж, хэцүү байдалд оруулах ёсгүй.  

ЭМЯ-наас аль нэгдүгээр сараас эхлээд л гадаад руу, өвчлөл гарсан бүс рүү битгий яваач гэж сануулсан. Гэвч энэ сануулга, анхааруулга, зөвлөмж, гуйлтыг үл тоож, өвчлөл гарсан бүс рүү явсан олон иргэд байгаа. Одоо ч байж л байна. Өвчлөл гарчихаад байхад бүр зугаалахаар гадагшаа явсан хүмүүс гарч ирсэн. Солонгост туршлага судална гэж яваад, Сөүлээр баахан хэссэн ч хүн байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 20 гаруй хүн ОУ-ын хуралд оролцохоор Америк явсан. Ирээд ч хөөрхөн асуудал үүсгээд авсан. Ийм хүмүүсийн тусгаарлагдах зардлыг өөрсдөөр нь гаргуулах зөв. Бүхэл бүтэн улсын аюулгүй байдлыг аялах зугаалах, туршлага судлахаас хямдханд тооцож байгаа хүмүүс тодорхой хариуцлага хүлээх л ёстой. Тиймээс тусгаарлахдаа өөрсдөөс нь мөнгө төгрөгийг нь гаргуул.

Харин гадаадад суралцаж, ажиллаж байсан хүмүүсээр тусгаарлагдах зардал төлүүлж хэцүү байдалд оруулах хэрэг байна уу. Тухайлбал, Солонгост гурван сарын визээр очоод, ажлын хүндийг хийж, ар гэрээ тэжээх гэж хичээж яваа олон хүн бий. Тэр хүмүүсийн визийн хугацаа дуусаад ирж болно. Эсвэл эрсдэл багатай гэж үзээд, эх орондоо эргээд ирж ч болно. Ийм жишээ маш олон бий. Тэр хүмүүсийнхээ тусгаарлагдах зардлыг төр гаргачихаж болдоггүй юм уу. Ажил хийж, ар гэрээ тэжээх гээд зүтгэж явсан хүн ирээд өдрийн 50-80 мянган төгрөгийг төлнө гэдэг амаргүй. Тодруулбал, 14 хоногт 700 мянгаас 1.1 сая төгрөг төлөх болно гэсэн үг. Бас л хүндхэн. Монголчууд чамгүй л хандив өргөлөө. Тэр мөнгөнөөс энэ хүмүүсийнхээ зардлыг дааж болохгүй юу. 

Түүнээс биш, ирвэл мөнгөө төлөөрэй. Төлж дийлэхгүй бол гадааддаа бай, өвчин авах эсэх нь хамаагүй гэсэн утгатай юм хэлж болохгүй болов уу. 

 

Н.Пунцагболд

Эх сурвалж: zaluucom.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>