Тахлын үеийн эдийн засаг

43

Хүмүүс үхэхээс жигтэйхэн их айдаг. Энэ их айдсыг нь ашиглаад ямар ч дэг журмыг тогтоож болж байна. Товчхондоо тахлын үеийн эдийн засгийг тоглож, ойлгож, ер яаж ч хөрвүүлж болдгийг энэ мэтхэнээс харчихаж болно. Эрх баригчид үүнийг хий дэмий хоосон улс төрдөө ашиглаад өнгөрвөл ямар ч хэрэггүй, түүний оронд улс оронд хэрэгтэй зүйл ялангуяа эдийн засгаа өөд татах, мөн шинэ ёс заншил бий болгох зүйлд ашиглавал боломж их гарах бололтой байна. Уул уурхайн бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх, олны төлөө гэсэн том төслүүдэд боломжтой бүхнийг шигтгэх гэж ирээд яривал их л олон төслийг амжилттай гүйцэтгэх боломж гарна. Эдийн засгаа өөд татах тухай Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим дээр хувийн хэвшлийн төлөөний байгууллагууд, хувийн эрх ашгаа хамгаалах төрийн бус байгууллагууд цуглаж, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлаар өчигдөр санал солилцсон юм.

Коронавирус өнөөдрийн байдлаар 150 гаруй оронд тархсантай холбоотой улс орнууд яаралтай эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайн зөв цаг үед нь арга хэмжээг авч ажлын байрыг хадгалах, эдийн засгаа хамгаалах, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авахгүй бол үүнээс үүсэх хор хохирол асар их байдаг аж. Тиймээс улс орнуудын төв банк болоод Засгийн газрууд арга хэмжээг түргэн шуурхай авч, үүнийгээ нийтэд ил тод зарлаж байгаа аж. Өнөөдөр Монголын эдийн засаг хүндрэлтэй байдалд ороод байгаа билээ. Танхим нийтдээ 1100 гаруй бизнес эрхлэгчдээс судалгаа авсан гэж танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин онцолсон юм. Энэ судалгаанаас үзэхэд нийт бизнес эрхлэгчдийн 88 орчим хувьд нь “Covid-19” вирусээс үүдэлтэй томоохон хохирол хүндрэл учраад байна гэсэн дүр зураг ажиглагджээ.

Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал “Иргэдийн болон бизнес эрхлэгчдийн зүгээс хүлээлт өндөр байна. Санал асуулгаас үзвэл банкны зээл бол бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа дарамтын 60-аад хувийг эзэлж байгаа нь харагдсан. Банкуудын холбоо энэ тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Төр засгийн удирдлагуудтай уулзаж байна. Монголбанктай хоёр, гурван удаа уулзаж эхний байдлаар Монголбанкны зүгээс нааштай арга хэмжээнүүд авлаа. Банкны өөрсдийн хийж чадах зүйлийн хүрээнд одоо хийгдэж байгаа энэ зүйлүүд бол үнэхээр хүндрэл учирчихсан. ААН-үүд зээлийн эргэн төлөлтөө гүйцэд хийж чадахгүй байгаа тохиолдолд тухайн банкиндаа хандаад энэ асуудлаа шийдүүлж болно. Дүрэм журмынхаа хүрээнд ийм бүтцийн өөрчлөлтийг нь хийгээд хугацаааг нь өөрчлөх гэх мэт асуудлыг шийдэж болдог юм. Тэгэхээр тэр нь бол хийгдэж байгаа. Хүндрэлтэй юм нь гэвэл хэрвээ тэр зээлийнх нь бүтцийг өөрчлөөд ирэхээр Монголбанк, Сангийн яамны хамтарсан тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тэр шаардлагуудын хүрээнд сангуудыг нь байгуулахаар зардал нь нэмэгдэнэ. Зээлдэгчдийг бол бүтэц өөрчлөгдсөн зээл гээд Монголбанкны мэдээллийн санд мэдээлнэ гэх мэтчилэн хүндрэлтэй байдлууд үүсдэг. Ийм нөхцөл байдалд Сангийн яам, Монголбанкинд хүсэлт тавьчихаад байгаа. Журмынхаа тодорхой заалтуудыг тодорхой хугацаанд түдгэлзүүлэх, эсвэл хойшлуулж өгөөч гээд төр засагтаа тавьчихсан байгаа. Энэ хэрвээ нааштай шийдэгдчих юм бол банкуудын зүгээс бас нааштай алхмуудыг хийх боломжтой гэж харж байгаа. Нийт банкны салбарт 55 хууль, 69 журмын хүрээнд хязгаарлалтууд тавигдчихсан байдаг. Тэгэхээр маш их дүрэм журмын хүрээнд арилжааны банкууд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ журмуудыг тодорхой хэмжээнд зөөллөөд өгөх юм бол бусад арга хэмжээг нааштайгаар шийдэх боломжийг бүрдүүлж өгөх байх.

Олон улсын байдлыг харахад Засгийн газрын болон төв банкных нь зүгээс маш хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлжүүлэх, Засгийн газраараа дамжуулж цалин орлогогүй болсон компаниудын ажиллагсдын цалинг олгох, тэр ажилчдынх нь ажлын байрыг хадгалахын тулд тухайн хүмүүст зориулж дамжуулан зээлжүүлэх гэх мэт Засгийн газрынх нь зүгээс тодорхой арга хэмжээнүүд авч байгаа учраас энэ тал дээр засаг төрийн зүгээс одоо ажиллахгүй бол эдийн засгийн нөхцөл байдал таагүй байна шүү, цаашид ч нэлээд хүндрэхээр байна гэдгийг хэлэхээс аргагүй. Сангийн сайдын яриад байгаа шиг унаад сэргэчих эдийн засаг биш болчихлоо шүү. Олон улсад U ship гэж ярьж байгаа ч гэсэн одоо бол L ship болчихлоо. Тэгэхээр энэ тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр МҮХАҮТ-тай нэг саналтай байгаа учраас үүн дээр дэмжиж оролцож байна” хэмээн ярьсан юм.

Энэ бол манай албан ёсны модон хэлээр эдийн засгаа яах тухай хэлэлцсэн байдал. Тэгвэл яг амьдрал дээр хүмүүс тахлаас айх айдас их байгаа талаар эхэнд дурьдсан. Энэ айдсаар дамжуулаад эдийн засгийг улс оронд ашигтай байдлаар өөрчилж болж байна. Тухайлбал, хүмүүсийн эсэргүүцээд хөдлөгдөггүй уул уурхайн том төслийг явуулж эхлэх. Шинэ эдийн засгийн эрс өөр концесс эхлүүлэх гэх мэт. Мөн хүмүүст энэ онцгой байдлын үед шинэ ёс заншил дадал сургаж хэвшүүлбэл болно гэж дээр дурдсан. Тэгвэл яг юу хийвэл болох вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Хүмүүст ямар ч эерэг ач холбогдолгүй баар цэнгээний газар, караоке зэргийг хаалттай байлгах. Сүүлийн гучин жил монголчууд баар караокегаар амьдарлаа. Хэрэв бид ингэж амьдраагүй бол бидэн шиг эрүүл чийрэг хүн дэлхий дээр байхгүй байх байсан болов уу. Тэгвэл бид одоо ямар байгаа билээ, архины хамааралтай, хүнтэй халамцуу ярилцахгүй л бол хоорондоо нээлттэй харилцаж чадахаа байсан, тавь хүрэхгүй хорт хавдрын үүр болоод үхэцгээж байна.

Ямар ч хэрэггүй бие биендээ гайхуулах эгондоо хөтлөгдөн гадаад дотоодод дэмий сэлгүүцдэгийг нь хориглох. Гадаадад амьдрах нь цаашдаа мухарддаг гэдгийг шинэ үеийн монголчууд одоо ойлгодог болсон. Зүгээр л хүний нутагт цагаачлан амьдарсан нийгмийн даатгалын ямар ч хамгаалалтгүй илүүдэл иргэн болж үлддэг. Бид гадаадад цагаачлаад тэнд ажиллаж амьдраад баяждаг бол баяжих болсон, хөгждөг бол хөгжих болсон. Бид дотоодоо муулсан гадаадын хэдэн цагаачтай болсноос өөр ямар ч нэмэр болсонгүй, ядахдаа тэд нь тэндээ нийгмийн хамгийн доод давхаргад амьдардаг болохоор яах ч билээ.

Элдвийн олныг хамарсан тоглолт цэнгүүнийг хориглож хаасан хэвээр нь байлгаж, импорт нэрээр элдвийн ууж идэх юманд доллар зарцуулдаггүй болох. Ядахдаа тэр импортын хүнс гээд байгаа юм нь сахарын өндөр агууламжтай, таранс тостой Е тэмдэглээстэй зүйл байхыг нь яана. Зүгээр хор авч ирээд бие биенээ шулаад байдгийг нь болиулах.

Архи согтууруулах ундааг бүрмөсөн хориглох, найр наадам, баяр цэнгэл нэрээр цуглаж архиддагийг нь бүрмөсөн зогсоох гэх мэт арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй байна. Бидний баяр бол үндэстний эсрэг зориуд бодож олсон юм шиг хорлонтойгоор их хэмжээгээр архидах, тос өөхтэй хурц хоол унд хэт их идэх зэргийг энэ үхлээс айх айдсаар нь дамжуулж болиулах хэрэгтэй юм. Бас бидний нэг буруу тийшээ яваад байгаа зүйл бол энэ баяр цэнгэлийг нүсэр тэмдэглэх явдал. Захын “дурак” нь ургийн баяр хийнэ гээд хамаатан саднаа цуглуулаад архин далайд ах дүүгээ шумбуулдаг болсон. Хэн их гүн архинд шумбуулна, тэр хамгийн сайн нэртэй байхыг нь яана гээч. Иймэрхүү хүн төрөлхтнөөс гажсан буруу зан заншлыг энэ тахлаар дамжуулан болиулах хэрэгтэй байна. Маркесын “Тахлын үеийн дурлал” гэгчээр тахлын үеийн эдийн засаг гэж иймэрхүү юм байх хэрэгтэй болов уу.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.