Зээл төлөлтийг гурван сараар хойшлуулснаас өөр дэмжлэг алга
Эдийн засаг хүндэрч бизнесийн олон байгууллага хаалгаа барьж, иргэд хэрэглээний болон ипотекийн зээлийн хүүд дарамтлуулсан энэ хүнд цаг үед Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж банк болон ББСБ-ын иргэдийн хэрэглээний болон бизнесийн зээлийн эргэн төлөлтийг гурван сар буюу 90 хоног хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ нь коронавирусын тархалттай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэнээс хойш тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 31-наас долдугаар сарын 31 хүртэлх хугацаанд тодорхой нөхцөлтэйгөөр түр хугацаагаар мөрдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, нэг болон хоёр, гуравдугаар сарын зээлийн эргэн төлөлтөө барагдуулсан иргэн дөрөв, тав, зургадугаар сар гээд долдугаар сарын 31 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж 121 дэх хоногоос хойш үндсэн зээлээ хүүтэйгээ төлдгөөрөө төлөөд явна. Харин нэг, хоёр, гуравдугаар сард зээлээ эргэн төлөөгүй иргэд мөн энэ түр хугацаанд мөрдөх дээрх шийдвэрт хамрагдана гэсэн үг юм байна. Тодруулбал, ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлд тогтоох хугацааны ангиллыг “Хэвийн” зээлийн хувьд 15 хоног байсныг 90 хүртэлх хоног болгож, “Анхаарал хандуулах” зээлийн хувьд 91-120 хүртэлх хоног, “Чанаргүй” зээлийн хувьд 121-ээс дээш хоног байхаар тус тус тогтоож мөрдөх болж байна. Мөн хэрэглээний болон бизнесийн зээлийн бүтцийг өөрчилж, холбогдох гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд уг зээлийг журмын дагуу бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр, эцсийн ангиллыг хэвээр тогтоохоор болж байна. Ингэхээр иргэн банкинд очиж зээлийн гэрээгээ өөрчлөх шаардлага гарч байгаа аж.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл иргэд, аж ахуйн нэгжийн банкуудад ирсэн өргөдөл хүсэлтийн 90 орчим хувь нь зээл төлөлтийг хойшлуулах, алданги хүү тооцохгүй байх, Төвбанкны хар дансны мэдээлэлд оруулахгүй гэсэн хүсэлт эзэлсэн аж. Одоогоор 419 мянган зээлдэгч энэ түр хугацааны шийдвэрт хамрагдахаар байна.
Хэдийгээр Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан ч банкуудад тавьдаг зарим шаардлага, дүрэм журам нь хатуу хэвээр. Харин Засгийн газарт нь төсвийн тодотгол хийх нөхцөл үүссэнийг олон эдийн засагч, нам, улс төрийн хүчин, иргэний нийгмийнхэн хүсч хөтөлбөр, төлөвлөгөө хүртэл хүргүүлсээр байгаа ч гүрийсээр байна.