Москва хотод уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдсэн нь коронавирусийн тоо баримтыг эргэлзээтэй болгож байна

74

ОХУ-ын нийслэл Москва хотод уушгины хатгалгааны өвчлөл огцом нэмэгдсэн нь коронавирусийн халдварын тоо баримт бодитой биш байж болзошгүй гэсэн айдас төрүүлж эхэлжээ. Өнөөдөр 144 сая хүн амтай тус улсад Covid-19 өвчлөлийн 199 тохиолдол бүтгэгдсэн гэсэн албан ёсны тоо бий. Гэтэл 13 сая орчим оршин суугчтай Москва хотод сүүлийн саруудад уушгины хатгалгаагаар өвдсөн хүний тоо эрс нэмэгджээ. Оросын Эмч Нарын Аллианс байгууллагын тэргүүн Анастасия Васильева “Эрх баригчид бидэнд худлаа ярьж байж магадгүй гэсэн сэжиг төрж байна” гэж Пүрэв гарагт тараасан видео мэдэгдэлдээ хэлсэн байна.

Тэрээр эрх баригчдыг үнэн бодит мэдээллийг нууж байна гэж буруутгаад эмч мэргэжилтнүүдэд бодит байдлыг ил болгохыг уриалжээ. Харин ОХУ-ын засгийн газар коронавирусийн тоо баримт үнэн зөв, бодитойг баталж, ерөнхийлөгч Владимир Путин нийгмийг цочролд оруулах гэсэн гадны суртал нэвтрүүлэг хүчтэй байгааг саяхан анхааруулсан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Москва хотод хатгалгааны өвчлөл жилийн өмнөх мөн үеэс 37 хувиар өссөн тухай Оросын статистикийн төв газар Росстат саяхан мэдээлсэн юм.

Тухайлбал нэгдүгээр сард Москвад хатгалгаа туссан 6,921 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны нэгдүгээр сарын 5,058 тохиолдлоос өссөн үзүүлэлт болжээ. Орон даяар уушгины хатгалгааны өвчлөл ижил хугацаанд 3 гаруй хувиар өссөн байна. Москва хотод одоогоор шинэ коронавирусийн халдварын 98 тохиолдол илрээд байгаа. Гэтэл Москва хотын эрүүлийг хамгаалах газар гуравдугаар сарын 13-нд гаргасан мэдэгдэлдээ энэ оны нэг, хоёрдугаар саруудад хатгалгааны өвчлөл жилийн өмнөхтэй харьцуулахад тус бүр 8 ба 7 хувиар буурсан гэж мэдээлжээ. Засгийн газрын хоёр байгууллагаас гарсан мэдээ яагаад ингэж зөрснийг хэн ч тайлбарлаж чадахгүй байна. 

Росстат байгууллагын төлөөлөгч Москва хотын эрүүлийг хамгаалах газар хаанаас тоо баримтаа авсныг хэлж мэдэхгүй байгаагаа мэдэгдсэн юм. “Хатгалгаа нэмэгдсэнийг хараад хамгийн түрүүнд надад коронавирус санаанд орж байна. Өөр ингэж өсөх шалтгаан байхгүй” гэж Анастасия Васильева ярьжээ. Оросын зарим эмч мэргэжилтнүүд түүнтэй санал нийлэхгүй байна. Тухайлбал халдварт өвчин судлалын алдартай мэргэжилтэн Владимир Никофоров “Коронавирусийн аюулаас айсан хүмүүс эмнэлэгт хандах нь нэмэгдсэнтэй холбоотой өсөлт гэж би харж байна” гэж тайлбарласан юм. Оросын зарим иргэд Зөвлөлтийн үед 1986 оны Чернобылийн гамшгийн талаар мэдээллийг энгийн хүмүүсээс хэрхэн нууж байсантай энэ явдлыг адилтган ярьжээ. “Коронавирусийн тоо баримтад би итгэхгүй байна.

Чернобылийн ослын үед тэд юу гэж ярьж байсныг би санаж байна. Тухайн үед яг юу болсныг бид одоо л мэдэж байна шүү дээ” гэж Москва хотын оршин суугч, нягтлан бодогч мэргэжилтэй Екатерина хэвлэлд ярьсан байна. Өнгөрсөн Пүрэв гарагт Москва хотын захиргаа 79 настай эмэгтэй нас барсныг Covid-19 өвчнөөр хүний амь эндсэн ОХУ-ын анхны тохиолдол гэж зарлаж байв. Гэвч сүүлд мэдээгээ залруулж, өвчтөн эмэгтэйг судасны бөглөрлийн улмаас нас барсан гэж тайлбарлаад коронавирусийн тоо баримтаас хасжээ.

Р.Төмөр 

Эх сурвалж: Reuters

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.