А.МӨНХСУВД: Иргэд мэдээллэх үүргээ сайн биелүүлснээр гэр бүлийн ХҮЧИРХИЙЛЛИЙН гэмт хэргийг ТАСЛАН ЗОГСООХ боломжтой

532

ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Хайр өвтгөдөггүй” аяныг эхлүүлээд байгаа. Тэгвэл аяны явцын талаар тодруулахаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Мөнхсувдтай уулзаад байна.

-Сайн байна уу Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Хайр өвтгөдөггүй" аяны талаар бидэнд танилцуулаач.

-Баярлалаа. Юуны өмнө аяныг дэмжин ажиллаж байгаа хүмүүстээ талархал  илэрхийлье.

ЦЕГ-аас энэ сард гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийг таниулах, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан төлөвт нөлөөлж өөрчлөх, хохирсон иргэнийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хайр өвтгөдөггүй" аяныг зохион байгуулж байна.

2020 оны нэгдүгээр улиралд энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд 200 орчим бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар буурсан. Нийт гэмт хэрэг мөн 9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил, дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үетэй тодорхой хувиар өссөн байна. Тиймээс тус аяныг НҮБ-ын Хүн амын сан, ХЗДХЯ-ны Монгол улсад гэмт хэргийг зохицуулах ажлын албатай хамтарч зохион байгуулж байна. 50 орчим ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар гүйцэтгэл 80 орчим хувьтай явж байна.

Иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, гэмт хэргийг ил гаргах, гэмт хэрэг үйлдэгчийн зан төлөвийг өөрчлөх зорилгоор мэдээ мэдээллийг бэлтгэж хэвлэл мэдээллийн байгууллага, сошиал сүлжээгээр түгээх ажлыг хийж байна. Мөн худалдааны төв, орон сууц, иргэдийн амьдардаг газруудад мэдээ мэдээллийг түгээх ажлыг хийлээ.

-Өнөөдрийн байдлаар тэгвэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хэдэн дуудлага ирсэн байна вэ?

-Аяны хүрээнд цагдаагийн байгууллага нэг өдөрт энэ төрлийн 250 орчим дуудлагыг хүлээн авч ажиллаж байна. Коронавирусийн тархалтын үед хүүхдүүд гэртээ амарч байгаа энэ үед хүүхдүүдийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх, ухамсарт тандалт хийх зорилгоор гар зураг, шүлгийн уралдааныг зохион байгууллаа. Гар зургийн уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн 100 орчим хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна. Зургийн уралдааныг Монголын хүүхдийн ордоны Урлан бүтээх төвийн зургийн дугуйлангийн багш нартай хамтран шүүж, дуусах шатандаа явж байна.

Мөн үүрэн холбооны unitel-аас бусад үүрэн холбооны операторуудтай хамтран ажиллаж хүчирхийллийг үл тэвчих масс мессеж, мөн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой самбар, брошурыг орон нутгийн зам, автобусанд байршууллаа. 21 аймаг 9 дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүд энэ аяныг дэмжиж маш сайн ажилласан.

Үүнээс гадна ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс пэйжээр дамжуулан  500 орчим иргэд заавар, зөвлөгөө авсан байна. Иргэд мөн бидний ажилд ихээхэн дэм үзүүлж байна.

Arslan.mn

-Нийгэмд гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих мессежийг өгөх нь хамгийн чухал. Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой дуудлага мэдээлэл нэмэгдэж байна гэдэг нь иргэд мэдээллэх үүргээ сайн биелүүлж байна гэсэн үг юм. Яг одоо бидний урд хүүхдүүдээс ирсэн гар зургууд байна. Эдгээр зургуудын талаар ярилцъя.

-Аяны хүрээнд Өмнөговь, Дорнод аймгийн сурагчид ангиараа оролцсон. Гар зураг болон шүлгийн уралдаанд өөрсдийн бүтээлээ ирүүлж байгаа иргэд, хүүхдүүдээ маш их баярлалаа. Та бүхнийхээ эдгээр бүтээлүүдийг нийгэмд сайн сайхан зүйл цацруулах ажилдаа бид ашиглах болно.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулвал.

-Цагдаагийн байгууллага гэр бүлийн дуудлага мэдээллийг хамгийн хүнд гэмт хэрэгтэй адилтгаж хамгийн түрүүнд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Цагдаагийн байгууллагад ял шийтгэлтэй хүмүүсийн бүртгэл судалгаа байдаг. Эдгээр судалгаанд дүгнэлт хийж, шаардалагатай хэсэг бүлэг хүмүүст тусгайлсан арга хэмжээг авахаар ажиллаж байна.

НҮБ-ын Хүн амын сан ЦЕГ-тай хамтраад Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг тав дахь жилдээ хамтран зохион байгуулж байна. Энэ төслийн гол зорилго нь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, шалгах урьдчилан сэргийлэх зорилготой. Мөн бид энэ төслийн хүрээнд мэдээллийн том баазыг үүсгэсэн. Мөн хохирогчид тусламж үзүүлэх зорилготой 20 орчим “Түр хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээ”-г ажиллуулж байна.

-Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн зан үйлд нөлөөлөх нь хамгийн чухал. Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ тал дээр ямар ажлыг хийж байна вэ?

-Зөрчлийн тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил үйлдсэн бол 7-30 хоногийн хугацаатай баривчилдаг. Энэ үеэр зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд суулгадаг. Сургалтаар уураа хэрхэн барих вэ, хохирогчийн эрх ашигийг хэрхэн хөндөхгүй байх вэ, хамт амьдарч байгаа хүнтэйгээ хэрхэн харьцах ёстой вэ, эмэгтэй хүний зан төлөвийн онцлог гэх мэт олон зүйлийг заадаг.

Мөн хүчирхийлэл үйлдэгч өөрөө хүсвэл сайн дурын сургалтанд хамрагдах боломжтой. Сургалтыг магадлан итгэмжлэгдсэн ТББ мэргэжлийн баг хамт олон зохион байгуулдаг. Харин эрүүгийн хэрэг хийвэл 1,6-2 жил хорих ялаар шийтгэдэг.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд баривчлагдсан хүмүүсийн 98 хувь нь энэ төрлийн зөрчилд холбогдоогүй гэсэн судалгаа байдаг.

Нийслэлд зан үйлд нөлөөлөх  албадан сургалтыг ШШГЕГ хариуцдаг бол орон нутагт цагдаагийн байгууллага өөрөө хариуцаж ажилладаг. Үндсэн хуулинд зааснаар эрэгтэй эмэгтэй, хөгшин, залуу, нас хүйс, шашин шүтлэгээс үлхамаарч хуулийн өмнө тэгш эрхтэйгээс гадна эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй  гэж заасан байдаг.

Тэгэхээр гэмт хэрэг зөрчлийн хохирогч болсон бол цагдаагийн байгууллагад заавал хандаарай. Хүчирхийлэл гэдэг бол нэг удаагийн үйлдэл ерөөсөө биш, үргэлжилсэн давтамжтай байдаг. Та мэдээллэснээр нэг айлын элэг бүтэн амьдралд үнэтэй нэмэр оруулна гэж хэлмээр байна.

-Коронавирусийн тархалтын улмаас улс орон даяар хөл хорио тогтоогоод байна. Энэ үеэр ахуйн хүрээний хэрэг, зөрчил нэмэгддэг. Энэ талаар

-Эхний улиралд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага байгаа боловч ахуйн хүрээнд архидан согтуурах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг бүртгэгдсэн. Иргэдийн зүгээс дуудлага мэдээлэл өгөх нь нэмэгдсэн нь саашаалтай.

Иргэддээ хандаж хэлэхэд хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд хүчирхийлэлтэй дасан зохицох, эвлэрч том болсноор архины хамааралтай болж хүчирхийлэгч болох, нөгөө талаас хүчирхийллийг  байнга харсаар байгаад сэтгэцийн хувьд ноцтой гэмтэж, дассаны улмаас Цагдаагийн байгууллагууд мэдээлэхгүй байх тохиолдол байна.  Хүчирхийлэлд хэн ч өртөх ёсгүй. Тиймээс цагдаагийн байгууллагад 102, 107, 108 дугаарт мэдээллэх нь хамгийн чухал гэдгийг дахин хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

http://www.arslan.mn/

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>