Молиго модон хошного

195

90 оноос хойш манай улс хөгжиж өөрсдийн томоохон бизнесмэнүүдтэй болсоон. Гэхдээ бид бусад Азийн барууд шиг хөдөлмөрлөөгүй. Тиймээс ч Samsung, Sony, Ford шиг том корпорациуд байгуулаагүй, зүгээр л социализмаас үлдсэн хуучин хэдэн үйлдвэр, аж ахуйгаа л ХУВААЖ АВААД суурин дээр нь хөлжсөн. Харин энэ хуваалт их сонирхолтой, уг нь хоёр сая хүнд тэнцүүхэн тарааж өгсөн юм билээ. Мэдээж зарим нь овсгоотой тул баяжиж өдгөө бизнесмэн, улс төрч, олигархи болсон. Зарим нь хөөрхий амьдралын шинэ дүрмээ ойлгоогүй. 
90 оны бизнес арав хорь (1000 – 2000 хувийн ашигтай гэсэн үг) нугардаг байжээ. Харин одоо бол 10–20 хувийн ашиг олбол ихдээ тооцогдоно. Тухайн үед эх орондоо Америк тивийг нээчихсэн мэт шинэ амьдралын асар том боломжуудыг бий болгосон хэрэг. Хэн илүү мэдээлэлтэй, хэн илүү зальтай нь хол явна. 90–ээд оны эхээр МАХН –ын кадруудад улсын авдар зоорийн бүх мэдээлэл, бүх засаглал байсан учраас дор бүрнээ хөлжив. Энгийн жишээ дурдахад, тагнуулд ажилладаг байсан нэгэн дарга улсын алтны нөөцтэй бүх газрыг мэдэж авангуутаа ажлаасаа гарч уурхайн бизнест оржээ. Өдгөө хүү нь УИХ–д дэвшиж, компани нь Монголын хамгийн том үндэстний корпораци болсон. Үндэсний том компани байгуулагдахад буруутгах юмгүй ээ. Харин нийтийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон газрыг ганцхан хүн очоод өөрийн мэт эзэмшчихдэг нь л жаахан тиймхэн. Ядаж 49 хувийг нь хүмүүст хувьцаа болгон тарааж өгсөн бол арай шударга мэт. Одоо эргээд өөрсдөөс нь хулгайлсан мөнгөөр өөрсдийг нь худалдаад авчихаж байна.
Найзуудтай хааяахан буу халж суухдаа "90 онд бид нар хүүхэд биш залуу байсан бол тийм ч юм хийгээд, ийм ч юм хийгээд алж өгөх байсаан...” гэж хоорондоо хөөрөлдөнө. Гэхдээ өнгөрсөнийг ирээдүйгээс харах дэндүү амархан л даа. Магад бид арван жилийн дараа яг энийгээ яриад харуусч байх вий. Учир нь өнөөдөр 90 оныхоос ч илүү боломж, нөхцөл бүрдсэн. Чи овсгоотой, ухаантай юм бол сайхан амьдар. ОТ, ТТ–ээс гадна өчнөөн мөнгө уул уурхайгаас босно. Стратегийн ордын 51 хувийг ТӨР мэдэлдээ авна. Харин ТӨР гэдэг нь төрд гарсан хэдхэн хүн биш, нийт 2 сая 800 мянган хүнээ хэлж буйг манайхан нэг л ойлгохгүй байх шиг. Эсвэл өөрсдийгөө ТӨР гээд ойлгочихсон хэдэн хүмүүс албаар ойлгуулахгүй байна уу?
Уул уурхайн тэр их орлого "УЛСЫН ТӨСӨВ” хэмээх ямар ч эзэнгүй, хулгайн үүр лүү орвол авлигыг л улам нэмнэ. Монголын улс төр жинхэнэ лидер, бодлого тодорхойлогчид биш ХУЛГАЙЧААР дүүрнэ. Улсаа хөгжүүлэх гэж биш, улсаас хулгайлах гэсэн хүмүүс л засаг барьна. 1 тэрбумыг төгрөгийг цацаж буй хүн 10 тэрбумыг хулгайлах гэж л төрд шургалдаг юм. Чамаас 100 мянгын утсыг чинь булаах гэвэл чи эсэргүүцэж тэмцэнэ. Харин хэн нэг авлигач улсаас 100 тэрбумыг хулгайлахад чи "өө муу олигархи” гэж хэсэгхэн уурлаад л өнгөрнө, тэмцэх ч үгүй. Учир нь улсын төлөө дуугарах илүүдээ гарсан цаг зав чамд байхгүй. Улсын мөнгө гэдэг эзэнгүй мөнгө юм, эзэнгүй юмны төлөө хэн ч цагаа барж дуугардаггүй. Нээг их эрч хүчтэй дуугарсанууд нь өөрөө илүү хулгайлж чадаагүйдээ уурласан л нөхөд. Эзэнгүй мөнгийг хулгайлах амархан УИХ, ЗГ–ын гишүүн, засаг дарга нарт бол бүүр ч амархан. Улсын мөнгийг эзэнтэй болгох хэрэгтэй. Үүний тулд хувьцаа гаргаж болно. 2 сая 800 мянган хувьцаа эзэмшигчтэй нэг том компани л гэсэн үг шүү дээ. Зөвхөн ТТ–ч гэлтгүй уул уурхайн бүх орлогыг ард түмэнд хувьцаа болгож өгсөнөөр жинхэнэ тэгш хуваарьлалт явагдана. Ард түмэн нэрийн дор УЛСЫН ТӨСӨВТ хураагаад, түүнийг нь нэг дарга ардад эргэж хуваарилдаг тийм л хачин юм руу манайхан яваад байх шиг. Ер нь санхүүгийн зах зээл, хувьцаа гэдэг бидний хүсээд буй тэгш хуваарьлалтын хамгийн гол түлхүүр. Гадны хөрөнгө оруулагчийн мөнгийг манай авлигачид хулгайлж чадахгүй ээ, бас чиний хувьцааны ногдол ашгийг ч бас авлигачид хулгайлж чадахгүй. Учир нь энэ мөнгөнүүд ЭЗЭНТЭЙ. Ингэвэл төрд баяжих гэсэн хүмүүс биш, хөгжих гэсэн хүмүүс л орно.
"Иргэдэд тэгш боломж” гэсэн уриатай нэг сайхан нам бий. Гэтэл тэд маань өөрсдөө жинхнээсээ иргэдийн тэгш боломжийг үгүй хийх юм санаачлаа юу даа. "Та нарын хувьцааг өнөөх 500 мянгад чинь шингээсэн тухай ямар бодолтой байна” гэж архичин ч биш нэлээд гайгүй оюутнуудаасаа асуухад ямар ч мэдээлэлгүй байлаа. Хувьцааны тухай ч бодсон санасан юм алга. ТТ–ын хувьцаа ирээдүйд нэг сая байтугай арван сая ч хүрэх нь тодорхой болоод байгаа. Гэтэл Монголчуудын ихэнхи нь хувьцаа гэхээсээ сая төгрөгийг илүүд үзэж байна. Засгийн газартаа итгэл алдарсан, хувьцаа нэрээр дахиад хулхидах вий хэмээн айсандаа л өгч байгааг нь бушуухан авчихъя гэсэн сэтгэл юм даа. Түүнээс биш нэг сая, арван саяын их багыг хэн ч л мэднэ. Ердөө л сонгуулийн амлалт нэрийн дор угаас өөрсдийнх нь юмыг, өөрсдөөс нь хулгайлсан мөнгөөр, өөрсдийнх нь хүсээгүй үнээр худалдаж авна гэнэ. Энэ яг л шүд нь хорхойтоод уйлж буй хүүхдээ аргалах гэсэндээ нэмж чихэр өгч байгаа хүн шиг. МАН–ынхан ер нь сонгуульд дандаа л булхай луйвраар ялдаг. Энэ жилийн сонгуульд булхай хийх боломж багассан тул арай дээр МОЛИГО үмхүүлэх мэх сэтгэж. Яаж яаж молигодож буйг өдөр тутмын мэдээнээс л харж байна даа. Хог мөнгө болно гээд нэг их сайхан том самбар тавьж. Аргагүй үнэн үг, 2011 онд л гэхэд хог цэвэрлэхийн тулд 20 тэрбумыг "зарцуулсан” тооцоо бий. Тэр 20 тэрбум нь нээрээ л сайхан 470, 570, хаус болсон нь одоо ч цонхоор харагдана. Хотод нэг хур хог овоорсоны шанд нэг дарга шинэ жийп авна.
Эцэст нь, иргэдэд өнөөдөр эрээний хог болох сая төгрөг биш ирээдүйд хөрөнгө болох хувьцаа л хэрэгтэй. Хувьцааны үнэ өсвөл нийтээрээ л баяжина, азгүйтэж үнэ нь буурвал нийтээрээ л хоосорно, шударга биш гэж үү. Яг л 90 оны шударга биш хуваарьлалт шиг мэдээлэлгүй, мэдлэггүй, ядруухан иргэдээ мөнгөний гачаал дээр нь тоглож ганц саяар хулхидах ч таагүй хэрэг. Молигодож молигодож сонгогдсоны дараа модон хошногоо харин ч нэг үзүүлэх вий. Бас нэгэнт бусдаас тасарчихсан баян хулгайчдын модон хошногыг долоогсод чамаас илүү сайхан амьдрах вий.

Эх сурвалж: baabar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.