У.Хүрэлсүхийн гүехэн бодол, Х.Баттулгын "гүнзгий" санаа

467

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч баасан гаригт ААН-үүд, бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд ирэх зургаан сард Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Үүнд нь,

-ААН-үүдийг НДШ-ээс чөлөөлөх,

-1,5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдийг орлогын албан татвараас чөлөөлөх,

-Коронавирусын улмаас үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох зэрэг асуудал багтав. Дээрх арга хэмжээнүүдийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаатай төлөвлөснийг үзвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засагт тулгараад байгаа хямралыг ихээ гүехнээр хүлээж авч буй бололтой. Тиймээс “Төсөвт тодотгол хийхгүй, төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудаа бүгдийг нь хийнэ” гэж зүтгэв. Засгийн газрын тэргүүн үүнийгээ “Хөрөнгө оруулалтуудаа таначихвал аж ахуйн нэгжүүд дампуурна, ажлын байргүй болно” гэж тайлбарласан хэдий ч эдийн засагчид харин огт өөрөөр харж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дээрх мэдээллийг хийсний дараа МҮХАҮТ -ын тэргүүн болон эдийн засагч, судлаачид бас нэгэн мэдээллийг хийв. Сүүлийн хоёр сар үйлчилж байгаа хорио цээрийн улмаас аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар алдагдалд орж, үүдээ барихад хүрсэн байна. Сүүлийн нэг сарын дотор 495 компани ажилчдаа цомхотгосон. 14 хоногийн өмнө нийт компанийн 57 хувьд хүндрэл үүсээд байсан бол өнөөдөр 67,4 хувь болж нэмэгдсэн. Компаниудын 33 хувь нь ажлын байраа ямар нэг байдлаар цомхотгосон. Ийм байдлаар дахиад хэд хоноход 260 мянган хүн ажилгүй болж, олон компани дампуурна гэв.

Судалгаанд оролцсон 1500 гаруй компанийн 65 хувийнх нь орлого буурсан, 42 хувь нь үйл ажиллагаа нь доголдсон буюу зогсоосон. 40 хувь нь шаардлагатай бүх зардлаа танасан, үүнээс цааш ажлын байраа цомхотгохоос өөр аргагүй. Нийт компаниудын 90 гаруй хувь нь цохилтонд орсон байна гэх мэдээллийг МҮХАҮТ-аас өглөө. Мөн “ажлын байраа хадгалахад зориулсан санхүүгийн дэмжлэг хэрэгтэй” гэж 63 хувь нь хариулсан хариулсан байна. Сул зогсолтын мөнгийг компани цалингийн 60 хувиар өгдөг. Үүнийг компани өөрийнхөө хуримтлалаар давж чадахгүй, банк зээл олгохгүй байна гэжээ. НДШ-ийг хойшлуулж өгөөч гэж 50 хувь нь хүссэн байна.

Тэгэхээр Засгийн газрын шийдвэр гаргах ёстой цагаасаа нэлээд хоцорч гарчээ гэсэн үг. Мөн ААН, бизнес эрхлэгчдийн тавьж байгаа санал, хүсч байгаа дэмжлэгээс тун өчүүхэн хэсгийг л шийдсэн байна. Бизнес эрхлэгчид сул зогсолтын мөнгийг (цалингийн 60 хувь) төсвөөс авах болон зээлэхийг хүсч байхад Засгийн газар хариуд нь 200 мянган төгрөг санал болгож чадаж байна. Сая төгрөгийн цалинтай гэж үзвэл сул зогсолтын мөнгөнд 600 мянгыг өгөх ёстой атал 200 мянга. Энэ мөнгөөр ажлын байрыг хадгалж үлдэж чадах уу? Эдийн засгаа сэргээх үү?

Ерөнхий сайд дээрх арга хэмжээний тухай “Манай улсын санхүүгийн нөөц ийм байна” гэж хэлсэн. Харин эдийн засагчид өөр байр сууртай байна. Европын улс орнууд гэхэд “Цар тахлын бонд” гэж гаргаад, төв банкнаасаа зээлээд аж ахуйн нэгжүүдээ дэмжээд эхэлсэн. Дотоодоосоо хангалттай эх үүсвэр авч чадахгүй бол гаднаас зээл авна гэдгээ ч илэрхийлсэн байна. ОУВС жишээ фондоо зарлаад, санхүүжилтийнхээ эх үүсвэрийг гаргаад, улс санхүүжилт авахын тулд орнууд яаж хандах ёстой зааварчилгааг хүртэл гаргачихсан тухай Ерөнхий сайд М.Энхсайхан ярьсан. Гэвч түүний хэлсэнчлэн одоогийн Ерөнхий сайд маань хямралыг хэтэрхий хөнгөхнөөр хүлээж авч байгаа бололтой. Баасан гаригт танилцуулсан хөтөлбөр, "төсөв тодотгохгүй" гэх байр сууринаас нь харсан ч тэр.

Эдийн засагч П.Дөлгөөн “Төсөвт тодотгол хийхгүй гээд байгаа нь цаанаа улс төрийн зорилготой. Энэ оны төсвийн хуваарилалт, орлогын зөрүүгээс харж болно. Сар бүр жигд хуваадаг төсвийн алдагдлыг бүгдийг нь оны эхний зургаан сард тавиад, бүх тендер, гэрээгээ эхний зургаан сард хийхээр төлөвлөсөн байна” гэв. Нөгөө “сонгуульд зориулсан төсөв” гээд байдаг нь ийм учиртай. Сонгуулиас өмнө амжиж баахан тендер шалгаруулж, гэрээ зураад энд тэндгүй тууз хайчилна. Харин тендерийн мөнгө нь сонгуулийн кампанит ажил, саналын худалдан авалт руу цутгана гэсэн үг. Тиймгүй бол МАН-ын дарга нар яагаад “Манай нам нэр дэвшигчээсээ нэг ч төгрөг авахгүй” гэсэн байх билээ. Нэг ч төгрөг зарцуулахгүйгээр сонгуульд ордог нам гэж байх уу? Тэр тусмаа МАН...

Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий сайд бас нэг үг хэлснийг олон нийт төдийлөн анзаарсан болов уу? Сонгуулийг хойшлуулах Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна уу? гэх сэтгүүлчийн асуултад “Одоогоор тийм нөхцөл байдал үүсээгүй байна. Гэхдээ бид Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж, судалж байгаа. Шаардлагатай бол УИХ энэ асуудлыг шийднэ” гэсэн. Тэгэхээр У.Хүрэлсүхэд лав түүний уриалгыг эсэргүүцэх бодол алга. Яагаад гэж үү?

Дээр хэлсэнчлэн МАН-ын даргын хувьд эдийн засгийн хүндрэл бэрхшээл энэ зундаа дуусчихна, налгар намар залгана гэж бодож байгаа юм байна. ААН-үүдэд үзүүлэх дэмжлэгийг аравдугаар сарын 1 хүртэл гэсэн нь ч бас ийм учиртай. Тэгээд цар тахлын аюул дуусаад, эдийн засаг сэргээд, хүмүүсийн сэтгэл санаа наашлаад ирсний дараа намар сонгуулиа явуулах нь У.Хүрэлсүхэд ашигтай харагдаж байгаа байх. Харин Х.Баттулгад тийм бодол байгаа гэж үү?

Нэгдүгээрт сонгуулийн төсвийг цар тахлын эсрэг зарцуулна (хэдий бага мөнгө ч гэсэн) гэсэн нь сонгууль хойшлох биш, энэ жил бүр болохгүй гэсэн үг. Төсвийг нь зарцуулчихаар ямар мөнгөөрөө сонгууль явуулах билээ. Хоёрдугаарт сонгууль хойшилж, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа сунаснаар баахан “эрх зүйн чадамжгүй” гишүүд гарч ирэх нь тодорхой. “УИХ-ын бүрэн эрх дөрвөн жил байдаг байх аа. Та нарын бүрэн эрх дууссан шүү” гээд нэг өдөр чуулган дээр орж ирээд загнахад нам. Юу яасан МАН-ын засаглал. Ийм л чадамжтай УИХ Х.Баттулгад ашигтай харагдаж байгаа. Харин У.Хүрэлсүх хэтэрхий гүехэн бодоод, гүнзгий санааг нь олж харахгүй байна уу даа л гэж...

 

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>