Америк-Мексикийг холбосон хонгилоос $30 саяын үнэ хүрэх хар тамхи илрүүлжээ

277

АНУ-ын хил хамгаалах болон хар тамхитай тэмцэх газрын мэргэжилтнүүд Сан Диего хотыг Мексикийн Тихуана хоттой газар доогуур холбосон хонгилоос их хэмжээний мансууруулах бодис илрүүлснээ өчигдөр зарлажээ. Дунджаар 9 метрийн гүнд байгуулсан 90 см өргөн, 600 метр урт хонгилын ханыг бэхжүүлж, агааржуулагч, гэрэлтүүлэг, төмөр замын систем суурилуулсан байжээ. Хонгилоос 600 кг кокайн, 40 кг метамфетамин, 7 кг героин, 1,300 кг марихуан зэрэг нийтдээ 2,000 орчим килограм мансууруулах бодис илрүүлсэн байна.

Эдгээрийн хар захын үнэ бараг $30 сая хүрэх ажээ. “Гэмт этгээдүүдийн манай улсад хар тамхи хулгайгаагаар нэвтрүүлэх сонирхол ямар хүчтэй байгааг энэ хонгил харууллаа. Covid-19 тахал эрчимжиж байгаа энэ хүнд цаг үед манай мэргэжилтнүүд улс орноо бас нэг тахлаас хамгаалахын тулд цаг наргүй ажиллаж байна” гэж АНУ-ын хар тамхитай тэмцэх газрын тусгай төлөөлөгч Жон Каллери мэдэгджээ. Гэмт этгээдүүд хонгилыг нэлээд хэдэн сарын турш ашигласан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Хонгилын нэг үзүүр Сан Диего хотын Отай Меса дүүргийн нэг агуулахад илэрсэн бол нөгөө үзүүр нь Мексикийн Тихуана хотод илэрсэн ажээ.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: CNN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>