Нэг өнгийн олон хоршил

429

Ирмэг нь цэнхэр, нэлэнхийдээ улаанаар бүрхсэн гадаргатай хуучны загварын юүдэн малгайтай долоо дахь парламентыг зүйрлэе. Гадарга нь нэг өнгөөр бүрхсэн ч дотроо олон өнгийн судалтай энэ малгайгаар УИХ нэг намын илт давуу манлайлалтай ч уйдаахааргүй олон янзын улс төр өрнүүлснийг илэрхийлэхийг зорилоо.

УИХ 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал төдийгүй энэ удаагийн парламентын онцлох нэгэн өнгө байв. Гурван парламент дараалан ярьсан ч өөрчлөлт оруулж чадаагүй Үндсэн хуулийг өөрчлөхөд үнэмлэхгүй ялалт байгуулсан МАН-ын нэгдмэл байдал нь дэвшилттэй тал болсон. Гэхдээ тэдний нэгдэл бат бөх байгаагүй. Ялалт байгуулснаасаа хойш нэг жил гаруйн хугацаанд МАН тэг дундуураа хуваагдаж, өөр хоорондоо хөлөө жийлцсэн. Хуульд байхгүй үндэслэлийг хуульчилж УИХ-ын даргаа огцруулсан нь энэ удаагийн парламентын содон үйл явдал байсан. Үүний зэрэгцээ 65 суудалтай МАН 64 суудалтайгаар парламентын бүрэн эрхийн хугацааг өндөрлүүлэх нь нэгэнт шийдэгдээд байгаа. Гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг хүлээж аваагүй хэрнээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гишүүний өргөдлийг ёсоор болгосон. Улмаар түүний суудлыг нөхөх боломж байсан ч үнэнээр хичээгээгүй эрх баригчдын үйлдэл парламентын сондгой өнгө байв.

Үүнээс гадна парламентын хугацаанд сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлээгүй гэгддэг АН бүлэг байгуулах хэмжээний суудал авсан ч хоёр гишүүнээ намаасаа хассаныг дурдахгүй өнгөрч болохгүй. Үндсэндээ МАН тэхий дундуураа хуваагдаж, албан бус хоёр бүлэгтэй болсон бол АН албан ёсоор хоёр гишүүнээ хасаж, бүлэггүй үлдсэн. Ил, далд л гэхээс УИХ дахь улс төрийн хоёр том хүчний хуваагдал парламентын содон өнгөний нэг яалт ч үгүй мөн. Харин намын шийдвэрийг дагаагүй, өөр намын нөхөдтэй сүжирсэн гэдгээрээ АН-аас хөөгдсөн хоёр гишүүн шинэ нам байгуулж, малгайнд өөр өнгийн цэг үүсгэсэн гээд тоочоод байвал нэг өнгөөр бүрхсэн парламентын олон хоршил дуусахгүй билээ. Харин одоо гол сэдэвтээ оръё.

Хаврын чуулганы өнгө

Хуулиараа дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх учиртай хаврын чуулган энэ удаа хугацаандаа нээх эсэх нь эргэлзээтэй байдалд хүрээд байв.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлж, ирэх сарын 30 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан нэг дор олон хүн цуглахыг хориглосон. Тиймээс гишүүд чуулганы танхимд хуучин шигээ хуралдах боломжгүй болов. Харин хуралдааныг цахимаар явуулах шийдэл байгаа ч гишүүд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ санал өгөх хуультай учраас боломжгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Гэхдээ тэрээр хуульд өөрчлөлт оруулах боломжийг судлахын зэрэгцээ гишүүдийг хоёр метрийн зайтай, нэг танхимд 20- иос илүүгүй гишүүн суулгаж цахимаар хуралдуулах шийдвэр гаргасан. Үүнийг бататгаж онцгой нөхцөлд чуулганыг цахимаар хуралдуулах боломжийг бүрдүүлэх УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гишүүд УИХ-д өргөн бариад байна. 

Харин агуулгын хувьд ээлжит сонгуулийн өмнөх чуулган гэдгээрээ улс төрийн хүрээнд гал өрдсөн мэт өрнөх нь ойлгомжтой. Нэгийгээ гүжирдсэн, гүтгэсэн, үнэнийг илчилсэн, урвасан, дэмжсэн, тусласан гээд олон өнгийн хоршил ажиглагдах нь мэдээжийн асуудал. Тиймээс эдгээрийг орхиод халуун улс төрийн дунд ямар асуудал хэлэлцэхээр нь хаврын чуулганы өнгийг тодорхойлъё. Ерөнхийдөө заавал хэлэлцэх шаардлагатай төслүүдээс гадна дутуу ажлуудаа гүйцээх, ээлжит сонгуулийн өмнө сонгогчдод таалагдах хуулийн төслийг олноор нь батлах төлөвтэй.

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганаар дараах хуулийн төслийг хэлэлцэн батална. Мөн эдгээрээс гадна холбогдох байгууллагуудаас өргөн барьсан яаралтай хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ гэдгийг энд тодотгох нь зүй. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан уриалга ҮАБЗ дээр дэмжигдэх аваас УИХ-ын сонгуулийг хойшлуулах асуудлыг ч энэ парламент хэлэлцэж мэдэх юм.

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  2. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
  3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
  4.  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5.  “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  7.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8.  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
  9.  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  10.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  11.  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  14.  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  15. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  16. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
  17.  “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  18. Бусад.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гүйцэтгэл

Хаврын чуулганаар 17 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөснөөс 10 нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 30 гаруй хуульд өөрчлөлт оруулахаар тооцсон. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын тухай, Засгийн газрын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай гэх мэт олон хуульд өөрчлөлт оруулах юм. Эдгээрээс онцлох өөрчлөлтүүдийг тодруулъя.

Улс төрийн намын тухай хуулийн онцлох өөрчлөлт нь Үндсэн хуулийн 2028 оноос хэрэгжиж эхлэх заалттай холбоотой. Энэ нь сонгуулийн насны иргэдийн нэг хувьтай тэнцэх тооны хүмүүс эвлэлдэн нэгдэж нам байгуулах заалт.

Харин Засгийн газрын тухай хуулийн төсөлд Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, өөрөө хариуцлага тооцох заалт тусгана. Мөн 19 гишүүний гарын үсгээр Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж, нийт гишүүдийн хоёрны нэгийн саналаар огцруулах, Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болох, Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх зэрэг өөрчлөлтийг оруулах юм. Үндсэндээ Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах өөрчлөлтүүдийг хуульчилна. Мөн тавдугаар сарын 25-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр У.Хүрэлсүхийн Засгийн газар хэрхэн талаар ч хуульчдын дунд яваад байгаа маргаанд УИХ цэг хатгах учиртай юм.

Ерөнхийлөгчийн тухай хуульд тавин нас хүрсэн,сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох заалтыг оруулна.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Дархан, Эрдэнэтийг хотын статустай болгох, аймгуудыг орон нутгийн чанартай хот болгох зэрэг зохицуулалтыг нэмэх юм.

Түүнчлэн УИХ-ын тухай хуульд ээлжит чуулган 75-аас доошгүй хоног хуралдах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын хэмжээг УИХ нэмэгдүүлэхгүй байх зэрэг өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд нийцүүлэн хийнэ.

Гэхдээ Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацаа (2020 оны тавдугаар сарын 25)-наас өмнө органик хуулиудыг заавал өөрчлөх шаардлагагүй. Хэрвээ Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн ч холбогдох хуулийг шинэчлээгүй бол одоогийн хэрэгжиж буй хуулиар зохицуулах журмын хуультай.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

Нэг өнгийн олон хоршил

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална” гэсэн заалт бий. Тэгэхээр Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн ч хуулиа шинэчилж амжаагүй бол одоогийн хуулиараа зохицуулагдана гэсэн үг.

Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батална

Хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой хэд хэдэн хуулийн төсөл бий. Үүний нэг нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батална. Хуулийн төсөлд төсвийн орлогыг бодитоор төлөвлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх, төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгаж, үр ашгийг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтүүдийг хийх юм. Мөн Эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар зайлшгүй хэлэлцэнэ. Тогтоолын төслийг холбогдох баримт бичгүүдтэй уялдуулан байгууллагуудын ирүүлсэн саналд үндэслэн боловсруулна. Улмаар 2021 онд эдийн засаг, нийгмийн, хүний хөгжлийн, байгаль орчны, батлан хамгаалах гээд олон салбарт хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тогтоолын төсөлд тусгах юм. Үүнээс гадна “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ. Энэхүү бодлогын баримт бичиг нь суурь есөн зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 2050 он хүртэлх 30 жилд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тооцсон. Урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр шаардлагатай энэ үед баримт бичгийг боловсруулсан нь сайн хэдий ч холбогдох хууль, тогтоомжид нийцүүлээгүй, зөрчилдсөн санаануудтай, үндэсний нэгдмэл үнэт зүйлээ тодорхойлоогүй гэх мэт шүүмжлэлийг дагуулаад байгаа. Харин УИХ-ын чуулганаар хэрхэн хэлэлцэж батлахыг харахад их хугацаа үлдээгүй.

CoVid19-ээс үүдсэн хөнгөлөлт, чөлөөлөлт

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн түрээсийг бууруулах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Засгийн газар эдийн засгийн эргэлт саарсан энэ үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр холбогдох хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр зэхжээ. Тодруулбал,

-  Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гэрээнд заасан түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулах татварыг нэг удаа чөлөөлөх агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Уг хуулийг баталснаар 20 орчим тэрбум төгрөгийн татварыг чөлөөлөх урьдчилсан тооцоо гараад байгаа юм.

-  Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах татварыг хуулийн хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох

алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Хууль батлагдсанаар 13 орчим тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоо гарчээ.

- Бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлнө.

Хуулийн төслийг ирэх сард УИХ-аар батлуулахаар төлөвлөөд байгаа аж. Ингэснээр 6000 гаруй ажил олгогчийн 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоо гарсан ажээ.

- Импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор Засгийн газрын тогтоолоор ОХУ-аас болон тус улсаар дамжуулан импортолж буй цагаан будаа, улаан буудай, өндөг, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулсан. Хуулийн төслийг ирэх сард хэлэлцүүлэн батлуулна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Нэг өнгийн олон хоршил

Коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжихээр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Ирэх дөрөвдүгээр сард бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн алданги торгуулийг чөлөөлөх, түрээсийн төлбөрийн татвараас чөлөөлөх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын татварыг төлөх хугацааг хойшлуулах агуулга бүхий хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулна.

ЭХ СУРВАЛЖ: Б. ЦЭНД-АЮУШ, EAGLE.MN, 

http://eagle.mn/r/70730

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>