Баян улсуудтай адил бодлого ядуу орнуудыг дордуулж магадгүй

58

Баян улсуудтай адил бодлого ядуу орнуудыг дордуулж магадгүй

 

Коронавирусийн улмаас баян орнуудын авч буй мөнгөний ба татварын дэмжлэгийн арга хэмжээ шинэ тутам эдийн засгуудаас үлэмж хэмжээний капитал гадагш урсахад хүргэж, байдлыг улам дордуулж байна. Хүүг доошлуулах нь өрх болон компаниудад туслах боловч зарим оронд инфляцыг нөхөхөөргүй доод түвшинд хүргэсэн нь гадаадын сангууд мөнгөө татах шалтаг болов. Татварын хөнгөлөлтүүд хөгжиж байгаа орнуудад санхүүжилтийг хүндрүүлэх боломжтой. Ингэснээр зээлийн зэрэглэл нь доошилж, олон улсын тусламж хүсэх нөхцөл үүснэ. Калифорнийн их сургуулийн эдийн засагч Барри Эйкенгрин "Бид шинэ зах зээлүүдэд санаа зовох ёстой. Таваар, хангамжийн сүлжээ, худалдаа, зарцуулалтын уналт дээр нэрмэж гэнэтийн зогсолт бүрийн эх сурвалж болдог капитал зугтаах үзэгдэл нүүрлэлээ” хэмээн тайлбарлав. Тэрбээр 1990-ээд онд болсон Азийн санхүүгийн хямралын "анхдагч гэм нүгэл” нь гадаад валютын зээлд хэт шүтсэнээс шалтгаалсан гэж үздэг. Олон шинэ зах зээл ийм эрсдэлээс сэргийлэхээр ажиллаж байгаа боловч хүндрэлийн цаг үед гадаад валютын нөөц бүрдүүлж, дотоодын өрийн зах зээл бий болгоход бэрхшээл учирч, хуучин эрсдэл сэргэж болзошгүй байгаа юм. Энэ оны нэгдүгээр сарын 21 буюу коронавирусийн түгшүүр дэгдсэнээс хойш 70 хоногийн дотор гадаадынхан хөгжиж буй зах зээлүүдээс 92.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа татаад байна. Олон улсын санхүүгийн статистикаас үзэхэд 2008 оны дэлхийн санхүүгийн хямрал болон 2015 онд Хятад мөнгөний ханшаа бууруулсан цочролын үед капиталын гадагш чиглэсэн урсгал 25 тэрбумаас хэтрээгүй аж. Гэхдээ нэг том ялгаа нь дэлхийн хоёр дахь том бондын зах зээл болох Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болж байгаа тул гаднаас орох мөнгөний хэмжээ нэмэгдсэн. Харин бусад хөгжиж буй орны хувьд 2020 он хор хөнөөлтэй эхэлж байна. Хятадыг хасаад шинэ зах зээлүүдийг хэмждэг MSCI индексэд багтдаг хувьцаа өнгөрсөн улиралд 31 хувиар унасан бол тэргүүлэх эдийн засгуудынх 21 хувь доошилсон байна. Өнгөрсөн гурван сард Бразил, Өмнөд Африк, Орос, Мексикийн мөнгө тэмдэгтүүдийн ам.долларт харьцуулсан ханш бүгд 20 гаруй хувиар унажээ. Мөнгөний ханш уналт нь хөгжиж буй орнуудын бизнест хүндээр тусах агаад гадаад зээлийн өртгийг нэмэгдүүлнэ. Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн мэдээгээр шинэ зах зээлүүд дэх компанийн нийт зээлийн 13 хувь нь ам.доллараар нэрлэгдсэн бөгөөд уг үзүүлэлт 2009 онд 15 хувьтай байв. Холбооны нөөцийн банк гадаадад ам.долларын нийлүүлэлтийг өргөжүүлж, валютын зах зээлд бөөний арилжаа царцахаас сэргийлэхэд тусалж байгаа авч ам.доллараар авсан зээлийн өртөг өсөх эрсдэлийг багасгахгүй. Огцом агшиж буй эдийн засгууд орлогоо дор нь сорох тул уналтаас сэргийлсэн татварын хөнгөлөлтийг дагаад зээлийн хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. 
Засгийн газрын мэдээ
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.