Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

373

Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.

-Сүүлд Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ банкуудын эрүүл мэндэд халгаатай шийд гаргаж магадгүй шүү гэчихлээ. Банкууд үнэхээр сэтгэлгүй хандаад байна уу гэсэн эргэлзээ олон нийтэд төрчих шиг болсон. Арилжааны банкууд тахлын эдийн засгийн үед яаж ажиллаж байна, харилцагчдадаа хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байгаа юу?

-Банкуудын хувьд зарим зээлийг хойшлууллаа, нэмэгдүүлсэн хүүгээ тэглэлээ гэх мэтээр зарлаад байх шаардлага уг нь байхгүй. Улстөрчид биш учраас тийм шаардлагагүй л дээ. Нээлттэй, ил тод зарлаад явах нь нөгөө талдаа сөрөг үр дагавартай. Орлоготой, цалинтай хүмүүс зээлээ хойшлуулах гэх мэт нийгмийг хамарсан үзэгдэл гаарах эрсдэл бий. Яах аргагүй хүндрэлд орсон хүмүүстэйгээ ярилцаж тухай бүрд нь шийдлүүд гаргаад явж байгаа. Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө хийгдэж эхэлсэн ажил. Нэмэгдэл хүү, шимтгэл, торгууль авахгүй явъя гэх мэт шийдлийг хоорондоо тохирчихсон. Ерөнхий сайдын мэдэгдлээс хойш гэхэд л долоо хоногийн дотор 14 мянган аж ахуйн нэгжийн 686 гаруй тэрбумын зээл дээр бүтцийн өөрчлөлт хийлээ. Харилцагч бүрийн нөхцөл байдалд тохирсон шийдэл олсон гэсэн үг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд амаар гарсан шийдвэрийг шууд дагах боломж одоогоор бүрдээгүй байна. Амаар хэлсэн шийдвэр цаасан дээр буугаад бидэнд ирэх ёстой. Энэ сарын 18-нд зарлаад 19-нийх нь орой бичиг ирсэн. Тэр бичгийг нь уншихаар тодруулах зүйл их байх жишээний. Хэрэглэгчийн зээлд ямар зээлүүдийг багтаах гэх мэт нарийн ширийн асуудлууд бий. Монголын банкны холбооны хувьд Монголбанк, арилжааны банкуудын дунд зохицуулалт хийдэг байгууллага. Аль аль талд нь хүндрэл бийг ойлгож байгаа. Нэг талд улс төрийн шийдвэр гаргаад түрүүлээд зарлачихдаг, нөгөө талд Монголбанк хоорондоо уялдаа холбоотой шийдвэр гаргах хэрэгтэй болдог л доо. Банкууд ойлголтоо нэгтгэж, нэгдсэн тохиролцоонд хүрснээ цаасан дээр буулгаж Монголбанк руу явууллаа. Тушаалаа хэрэгжүүлэх зөвлөмж ирүүлээч гэсэн хүсэлт явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна. Гэхдээ хариу ирээгүй ч бид харилцагчидтайгаа ажиллаад явж байгаа. Дахин хэлэхэд аман шийдвэр албажиж хэрэгжихэд тодорхой хугацаа шаардлагатай.

-Хэрэглээний, ипотекийн зээлтэй хүмүүс их хандаж байгаа гэж дуулдсан...?

-Хэрэглээний зээлийн дийлэнхийг гуравхан банк өгдөг. Нэгэн зэрэг хандчихаар ачаалал ихсэх нь ойлгомжтой. Ипотекийн зээл гэхэд Монголбанк, МИК, банкууд хооронд дамжсан гэрээнүүдтэй, гэрээн дээр нь үндэслээд үнэт цаас гаргасан гэх мэтээр тайлбарлавал тун түвэгтэй бүтэцтэй. Процесс нь үргэлжилж байгаа учраас өнөө хүртэл шийдэл нь гараагүй яваа. Зохих түвшиндээ уулзаж ярилцсаны эцэст шийдэл гаргаад банкуудад мэдэгдэх байх.

-Ингэхэд арилжааны банкууд хэчнээн хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Банкны салбар 55 хууль, 69 журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бид хямралын үед эдийн засгаа дэмжихэд ийм арга хэмжээнүүд авах шаардлагатай байна гээд УИХ-ын дарга, Сангийн сайд, Монголбанкинд тодорхой 26 санал явуулсан. Үр дүнд нь хоёр журамд л өөрчлөлт ороод байна. Сүүлд нь нэмэлтээр тэр шийдлээ дагасан хоёр журамд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл банкуудын 26 саналаас дөрвийг нь хүлээж авсан гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, банкууд батлагдаад хэрэгжиж яваа 69 журамд хүлээтэй хэвээр байгаа. Шинэ журмын хувьд зээлийн хугацааг нь сунгасан тохиолдолд ангилахгүй байх эрхийг банкуудад өгсөн. Гэхдээ ерөөсөө битгий ангил ч гээгүй. Монголбанкнаас гаргасан Активын ангиллын журмыг харахаар өөр бусад журмуудад захирагдаж байгаа. Жишээ нь банкууд хэрэглээний зээлийг 30 сараас илүү хугацаанд олгож болохгүй гэх мэт маш олон заавар журамд хүлээтэй байдаг. Тэгэхээр тэр бүх журмыг мөрдөнгөө одоо олгож буй боломжийг яаж ашиглах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Ийм асуудлууд байхад нийтээр нь хамруулж, бүр зээлдэгчийн зээлийн хугацааг хойшлуулсан ч юм шиг ойлголт нийгэмд яваад байна л даа.

-Хоёр хуулийн этгээд гэрээ байгуулчихсан үед төр хөндлөнгөөс оролцож зээлийнхээ хугацааг хойшлуул, хүүг нь тэглэ гэж шаардах нь зах зээлийн нийгэмд байж болохгүй хандлага л даа...?

-Санал нэг байна. Хоёр тал хоорондоо тохиролцоод шийдэж чадахгүй тохиолдолд шүүх асуудлыг шийддэг дүрэмтэй. Банкууд зээлдэгчдээ харж үзээд, төр засгийнхаа шийдвэрийг дэмжээд ажиллаж байгаа. Бид зээлдэгчидтэйгээ олон жил хамтарч ажиллаж яваа. Хүмүүс нэг удаа зээл аваад яваад өгдөггүй. Зээлийн харилцаа эргэх холбоотой явагддаг. Зээл олгогч, зээлдэгч хоёр бол хамтрагчид. Хамтрагчид бие биенийхээ асуудал, зовлонг ойлгоод явах нь жам шүү дээ.

-Шулаачид энэ тэр гээд банк руу хандсан сөрөг сэтгэгдлүүд сошиалд нэлээд харагдах боллоо. Банкууд руу ингэж хандах ямар нэг шалтгаан зээл авсан хүмүүст байгаа юм болов уу?

-Зээл авч, банктай байнгын харилцаанд ордоггүй хүмүүсийн бодол юм уу, эсвэл зарим том зээлдэгчийн зүгээс энэ асуудлыг далимдуулаад турхираад суугаа ч юм уу бүү мэд. Шалтгааныг нь нарийн мэдэхгүй байна. Эрүүлээр харсан хэнд ч банк дайсан гэж харагдахгүй гэдгийг л мэдэж байна. Банк иргэдийн хувьд төлбөр тооцоо, гадаад руу мөнгөн гуйвуулга хийх гээд өдөр тутмынх нь амьдралынх нь салшгүй хэсэг болчихсон. Үнэтэй зүйлийг нь хадгалах үйлчилгээ үзүүлж, мөнгийг нь хадгалаад хүү өгч, бизнесийг нь дэмжих зээл өгч байна. Товчхондоо иргэдэд маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрын нэг нь банк. Банк үнэхээр иргэдэд халтай газар байсан бол иргэд ийм олон төрлийн үйлчилгээ авъя гэж хандахгүй шүү дээ.

-Нөгөө талд банкууд ямар зардал гаргаж энэ зэрэгтэй хөгжсөн бэ гэсэн асуудал орхигдоод байдаг л даа. Жишээ нь ухаалаг утастай бол банк орох шаардлагагүй болчихсон. Технологийн чигийн том хөрөнгө оруулалт хийдэг ганц салбар нь бараг банк байж магадгүй. Банкууд IT чигт хэр хөрөнгө оруулалт хийдэг талаар тодорхой тоо бий юу?

-Би саяхныг хүртэл олон улсын байгууллагад эдийн засагчаар ажиллаж байсан юм. Эдийн засагчийн нүдээр харахад Монголд олон улсын түвшинд гараад явахад бүтээгдэхүүн нь бэлэн болсон салбар бол банк, санхүү, санхүүгийн технологийн салбар болчихоод байгаа. Банкууд технологийн хөгжилдөө жилд 260 тэрбум төгрөг зарцуулж байна. Банкны салбар үйлчилгээгээ иргэдийн гарт нь, гэрт нь хүргэхийн төлөө жилд 100 гаруй сая ам.доллар зарцуулдаг гэсэн үг. Жилд энэ хэмжээний мөнгийг IТ-д хөрөнгө оруулалт хэлбэрээр хийдэг өөр салбар байхгүй. Шуудхан хэлэхэд Монголын IT-ийн хөгжлийг банкны салбар чирч яваа. IT-гийн залуус банкинд үйлчилгээ үзүүлж яваад бие даасан бүтээгдэхүүнүүд гаргаад эхэллээ. Зарим нь бүр олон улсад гарчихлаа. Онлайн зээлийн үйлчилгээ л гэхэд банкны хорь гаруй жилийн зээлийн түүхийг багтаасан Зээлийн мэдээллийн санд суурилж, зээлсэн мөнгө нь аль нэг банкны дансанд орж байна. Тэгэхээр банкны салбар IТ-гийн салбарын дэлхийн хэмжээний хүний нөөцийг бэлдэхэд том нөлөө үзүүлсэн гэсэн үг. Банкууд энэ мэтээр бусад салбарын хөгжилд ч нөлөө үзүүлж яваа. Монголын банкны салбарын хувьд ижил гараанаас эхэлсэн орнуудтай харьцуулахад хол тасарч цойлсон.

-Манай банкны салбар олон улсад, жишээ нь өндөр хөгжилтэй орнуудын банкны салбартай жишвэл хаахна нь яваа бол?

-Өндөр хөгжилтэй орнуудыг ч даваад явчихсан. Жишээ нь Америкт банкнаас банкны хооронд гүйлгээ хийх ямар түвэгтэй гэдгийг тэнд амьдарч байгаа хүмүүс яриад өгнө. Өдрийн тодорхой цагуудад гүйлгээ нь хийгддэг, шимтгэл хураамж нь өндөр, чек гэх мэт хоцрогдсон хэлбэрээр төлбөр тооцоо хийгдсэн хэвээр яваа зэрэг олон асуудал бий. Монгол шиг 24 цагаар багагүй хэмжээний мөнгийг гар утаснаасаа тэр даруй шилжүүлдэг орчин нийт гүйлгээний 99 хувьд хүрсэн орон ховор. Тавхан жилийн өмнө хөдөөний малчин хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх гээд сумын төв рүү давхидаг байсан бол одоо тэс өөр болсон. Сургалтын төлбөр шилжүүлэх гэж бүтэн өдөр алдахаа болино гэдэг малчин хүний хувьд маш том өгөөж.

-Хамгийн их улстөрждөг сэдэв бол зээлийн хүү. "COVID-19" цар тахлын үед улстөржилтийн бүр том сэдэв болчихлоо. Зээлийн хүү буулгах бодит боломж гэвэл та юуг онцлох вэ, хүү буурахгүй байгаад нөлөөлж буй ямар шалтгаанууд байна?

-Зээлийн хүү буурахгүй байна гэж ярьсаар ирсэн л дээ. Яг үнэндээ зээлийн хүү маш хурдацтай буурч байгаа. Одоогоос гурав, дөрөвхөн жилийн өмнө банкны хүү гурав, дөрвөн хувь байна гэж ярьдаг байсан юм. Монголчууд зээлийн хүүг сараар ярьдаг байсан. Гэтэл одоо жилээр ярьдаг болчихсон, 16, 17 хувь байна гээд. Ерэн оны эхэнд зээлийн жилийн хүү 300 гаруй хувьтай байсныг өнөөдөр хэн ч санахгүй. Тэр үеэс хойш тогтмол буурсаар байгаад өнөөдөр 16 хувь дээр ирчихсэн. Банкны ашиг, марж олон улсын түвшинд очсон. Бараг олон улсын түвшнээс доогуур байгаа. Бид зээлийн хүүг улс төрийн ямар ч эрсдэлгүй, бизнесийн орчин нь тогтвортой, өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулж жишээд байдаг. Жишээ нь Японы эдийн засаг мөнгөөр хахчихсан. Тийм учраас банк нь эдийн засгаа хөгжүүлж өсгөх зорилгоор мөнгө хийх гээд "Та нарыг зээл авсны чинь төлөө мөнгө өгье” гэж байна. Гэтэл бизнесийнхэн нь "Бидний орлого хангалттай, мөнгө хэрэггүй” гээд сууж байгаа. Ийм улстай Монголын эдийн засгийг зүйрлэх нь хэт өрөөсгөл хэрэг л дээ. Үнэхээр харьцуулмаар байвал өөрсөдтэйгөө адил төвшний орлоготой, эдийн засаг нь уул уурхайд суурилсан оронтой жиших хэрэгтэй. Ижил төвшний улсуудтай харьцуулбал манай зээлийн хүү боломжийн түвшинд ирчихээд байгаа. Зээлийн хүү бол барааны үнэтэй адилхан. Мөнгөний л үнэ цэнэ. Өөрөөр хэлбэл, Монголд мөнгөний үнэ цэн арай өндөр байна. Хар үгээр тайлбарлавал эрэлт нь байгаад байна гэсэн үг. Эрэлтийг нь хүссэн хэрээр нь хангаад их мөнгө нийлүүлвэл инфляци хэцүүднэ, өссөн инфляци хадгаламжийн хүүг өсгөх эрсдэлтэй. Инфляци өсөхөөр төв банк бодлогын хүгээ өсгөж зах зээлээс мөнгөө татах бодлого явуулахаас аргагүйд хүрдэг.

-Монголын эдийн засагт их мөнгө нийлүүлэхээр иргэдийн тансаглал нэмэгдэж инфляци хөөрөгдөх эрсдэл гардаг гэсэн байр суурь ч сонсогддог шүү?

-Их мөнгө нийлүүлэхээр инфляци өсч, валютын ханш нэмэгдчих эрсдэлтэй учраас төв банк зохицуулалт хийхээс аргагүйд хүрдэг юм. Бодлогын хүүг огцом бууруулахгүй гээд байгаа нь тийм учиртай. Манайх чөлөөтэй хөрвөдөг эдийн засагтай. Ам.доллар, төгрөгийн өгөөжийг адилхан харж байх ёстой. Хэрвээ ам.доллараас өндөр өгөөжтэй төгрөг байхгүй бол хүмүүс доллар руу төгрөгөө хөрвүүлчихнэ. Засгийн газар олон улсын зах зээл дээр таван хувийн бонд гаргалаа гэж төсөөлье. Тэгвэл банкинд мөнгөө хадгалуулснаас засгийн бондыг авахыг илүүд үзэх нь тодорхой. Төгрөгийн үнэ цэнийг хадгалж байж хүмүүс долларын хадгаламжийг биш, төгрөгийн хадгаламжийг сонгоно. Доллар хаана ч хөрвөдөг валют. Хэрвээ гаднаас мөнгө оруулж ирье, эдийн засгаа тэлье гэж байгаа бол өгөөж нь бусад орныхоос өндөр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, банкууд арай ахиу хүүтэй байж гаднаас доллар оруулж ирнэ. Бага хүүтэй бол хэн ч хүүгийн адил төвшинтэй эрсдэл багатай улсад мөнгөө хийхийг бодох нь тодорхой.

-Эрсдэл ихсэх хэрээр хүү өсдөг гэдэг утгаар хэлж байна уу?

-Яг тийм. Монголын хувьд эрсдэл өндөртэй улс. Эдийн засгийн бодлогоо зөв хэрэгжүүлж, улстөрчид нь эдийн засгаа бужигнуулдаггүй бол манай улсын эрсдэл буурах байсан. Монгол дажгүй улс гэсэн имиж бүрдээд эхэлбэл хямд эх үүсвэрээр мөнгө өгөх гадны хүмүүс нэмэгдэх нь тодорхой. Долларын хүүгийн хэмжээ Монголын эрсдэлийг харуулж байгаа гээд ойлгочихож болно. Долларын хүүгээс ахиулж байж төгрөгийн хадгаламжийн хүү тогтдог.

-Төгрөгийн хадгаламжийн хүүнд эдийн засгийн орчин, улстөрийн тогтвортой байдлаас гадна төгрөгийн ханшийг долларын үнэ цэнээс огцом унагахгүй байхаас аргагүй нөхцөл ч нөлөөлдөг гэж ойлголоо...?

-Таны онцолсон зүйлс төгрөгийн хадгаламжийн хүүнд нөлөөлдөг гол шалтгаанууд. Өөр ч олон шалтгаан бий.

-Банкуудын өгдөг зээл яг ямар эх үүсвэрүүдээс бүрддэгийг хувь хэмжээгээр нь сонирхуулаач?

-Банкны өөрийн хөрөнгө 16-17 хувийг эзэлдэг. Үлдсэн нь бусдаас авсан мөнгө. Өөрөөр хэлбэл, банк бол бусдаас мөнгө авч бусдад зээлдэг зуучлалын байгуулага. Өөрийн хөрөнгө нь банкны эздийн мөнгө. Банкны бусдад өгсөн зээл эрсдэлд орвол эздийн мөнгөнөөс хураадаг. Тэр зохицуулалтыг хийдэг газар нь Монголбанк. Дахиад хэлэхэд банкны эх үүсвэр нь хүнээс авсан мөнгөнөөс бүрддэг. Тодорхой хувь нь хадгаламж, тодорхой хувь нь харилцах байгаа. Гадаадаас авсан зээл, аж ахуйн нэгж, сангуудийн байршуулсан мөнгө гэх мэт олон эх үүсвэр бий. Энэ эх үүсвэрүүдээс хүүгийн дундаж гарч ирдэг юм.

-Нийт хадгаламжийн бараг 90 гаруй хувь нь цөөн хүнд хамаардаг гэсэн мэдээлэл бий. Жишээ нь, зээлийн хүүгээ бууруул гэж шаардаж яваа улстөрчид өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчдэд багтдаг гэх мэдээлэл чих дэлсдэг. Өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид буюу улстөрчид хадгаламжийн хүүнээсээ татгалзах уриалга гаргаад эхэлбэл зээлийн хүү буурах бодит шалтгаан болно гэж ярих эдийн засагч мэр сэр таарч л байна...?

-Хадгаламжийн хүүнээсээ татгалзах нь хувь хүний хэрэг. Хадгаламж гэдэг бол хоёр талын хооронд байгуулсан гэрээ. Банкуудын хувьд дур мэдэж гэрээгээ цуцална гэсэн ойлголт байхгүй. Цар тахал, ер юу ч болж байсан банкууд хадгаламж эзэмшигчидтэй тохирсон хүүгээ өгөх үүрэгтэй.

-Санхүүгийн салбарын хэчнээн хувийг банк эзэлж байна?

-90-ээд хувийг эзэлдэг.

-Энэ тооноос эдийн засаг банкин дээр тогтож яваа гэсэн зураг харагдаж байна, тийм үү?

-Тийм л дээ. Олон улсад санхүүгийн зуучлал хоёр тулгууртай явдаг. Нэг нь банк, нөгөөх нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй нь олон шалтгаантай. Одоогоор банкнаас өөр дөмөгхөн санхүүжилт хийчихээр бүтэц алга. Банкны салбарын актив Монголын эдийн засгаас давчихсан.

-Тэгэхээр банк бол эдийн засаг юм гэж хэлж болох нь ээ?

-Ерөөсөө л тийм. Коронавирусийн цар тахлаас болж эдийн засаг хямарлаа гэж ярьж байна. Нөлөө нь эргээд банкин дээрээ л ирнэ. Банкны салбар хямралыг дагаад хүндрэх эрсдэл бий.

-Ингээд бодохоор эдийн засгаараа тоглож, эдийн засаг руугаа дайраад яваа үйл явдал улс төрд өрнөөд байгаа юм байна даа. Банкны салбар хямарбал хамгийн түрүүнд гарах сөрөг үзэгдэл нь юу вэ?

-Олон улсад хямралууд хэд хэдэн янз байдаг. Эхлээд бодит эдийн засаг нь хямардаг. Тэрийгээ дагаад санхүүгийн хямрал үргэлжилдэг. Санхүүгийн хямралаас үүдэж бодит эдийн засагт мөнгө нийлүүлэх явц гацдаг. Ингэснээр бодит эдийн засгийн хямрал гүнзгийрч нийгмийн хямрал нөмөрдөг. Ажилгүйдэл, ядуурал руу орчихдог л доо. Зарим хямрал нь санхүүгээсээ эхэлдэг. 2009 оны хямрал бол үүний тод жишээ. Одоогийн байдлыг харахад хямрал бодит эдийн засгаас эхэлж байна. Яваандаа санхүүгийн хямрал руу халтирах магадлалтай. Санхүүгийн хямрал даамжирвал нийгмийн хямрал болно. Нийгмийн хямрал эхэлбэл эрх баригчид хэцүүхэн сорилттой тулна. Эдийн засагчийн хувьд анзаарахад сууж байгаа мөчрөө хөрөөдөж яваа зураг л харагдаад байна. Банкны салбар унавал зээл байхгүй болж яваандаа эдийн засаг, нийгмийн хямрал руу хөтөлдөг.

-Банкууд руу чиглэсэн улстөржилттэй зэрэгцэж гадны банк орж ирэх нь зөв гэсэн мессэж хүчтэй дуулдаад эхэллээ. Эдийн засагчийнхаа хувьд гадны банк орж ирэх, ирэхгүй гэх асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Гадны банк ороод ирэнгүүт хүү буурчихна гэж боддог. Тийм биш л дээ. Долларын эх үүсвэр хямд учраас гадны банк долларын зээлийг хямд өгч чадна. Одоо ч тийм зээл өгч байгаа. Bank of China гэхэд аж ахуйн нэгжүүдэд Хятад, Японы салбаруудаараа дамжуулж зээл өгч яваа. Долларын зээлийг бүгд өгч байгаа. Төгрөгийн зээл өгье гэхээр та бид хоёрын түрүүн ярьсан эрсдлүүдтэй нүүр тулна. Эрсдэл нь өсөөд явчихаар бага хүү тогтооно гэж байхгүй. Цаанаа доллар юм уу юаниар тооцоотой учраас доллар, юаниар хүүгээ аваад явах нь тэдэнд эрсдэлгүй. Жишээ нь Bank of China төгрөгөөр, тэр дундаа бүр иргэдэд зээл өгөөд сууна гэж байхгүй л дээ. Өнөөгийн байдлыг харахад Bank of China-гаас өөр банк Монголд орж ирэх сонирхолгүй байгаа. Эдийн засаг сайн байх үед гадны олон банк орж ирэх сонирхолтой байсан. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Саарал жагсаалтад багтсан Монголд орж ирэхийг хэн ч хүсэхгүй.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>