Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй

60

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, "Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэлийг тавьсан. Тэгвэл гурав хоногийн өмнө манай ҮАБЗ яг энэ асуудлаар хуралдаж байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулан байгууллаа. Түүнээс хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Газпром” компанийн тэргүүн А.Миллерийг хүлээн авч уулзахдаа уг төслийн хөрөнгө оруулалтын өмнөх ажлыг эхлүүлэх зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас БНХАУ руу жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах "Сибирийн хүч-2” хоолойг Монголын нутгаар дайруулан барих ажил эхлэх цаг ойртож байна. Энэ асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Л.Хангайтай ярилцлаа.
-ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах "Сибирийн хүч-1” хоолой 2019 оны 12 сард ашиглалтад орсон. Хийн хоолой татах хоёр дахь төслийг эхлүүлэхээр яаравчилж байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Орос бол нэг талаасаа Азийн орон, нөгөө талаас Европын орон. Төрийн сүлдэндээ ч баруун, зүүн тийш харсан хоёр толгойтой бүргэдийг дүрсэлсэн байдаг. Европын зах зээл дээр ч, Азийн зах зээл дээр ч тоглогч байх сонирхолтой. Хэрвээ Европын зах зээл дээр хүндрэл учирвал Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлнэ. Азийн зах зээлд хүндрэл учирвал Европ руу гаргана. Оросын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт, нефть; хоёрдугаарт байгалийн хий юм. Экспортынхоо дийлэнхийг нь Европын орнууд руу гаргадаг. Харин 2014 оноос хойш янз бүрийн хориг саад тавиад Европ руу экспорт хийхэд их хүнд болоод байгаа учир Азийн зах зээлийг сонирхож байна.
Азийн хамгийн том зах зээл Хятадад хий нийлүүлнэ гэдэг асуудлыг Орос бараг 10-аад жил ярьж байгаад 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын үнэ бүхий хий нийлүүлэх гэрээтэй "Сибирийн хүч-1” нэртэй, 2156 км хоолойг дөрвөн жилийн дотор барьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Их удаан ярьсан л даа. Ямар нөхцөлтэй, ямар үнээр, хаагуур нийлүүлэх вэ гэдэг дээр тохиролцох гэж их удсан.
-Яг энэ цаг үед "Сибирийн хүч-2” хоолойг Монголоор дамжуулан барих ажилд ихээхэн дэвшил гарч байгаа нь харагдаж байна?
-Манайхаар дамжуулан хийн хоолой барих ажил өнөө маргаашгүй эхэлчихнэ гэж бодож болохгүй. Гэхдээ энэ ажил урагштай байна. Хэдхэн хоногийн өмнө манай улс байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсгийг ҮАБЗ-ийн дэргэд байгууллаа. Бүрэлдэхүүнд нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон. Гуравдугаар сарын 27-нд "Газпром” компанийн тэргүүн А.Миллер ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахдаа 2020 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан. Үүн дотор Монголоор дайруулж Хятадад хий нийлүүлэх төслийн ТЭЗҮ, судалгаа -шинжилгээний ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авлаа.
-Энэхүү төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээ Оросын талаас "Газпром” компани, Хятадын талаас CNPC корпорацын хооронд өрнөж байгаа. Манай талыг ямар компани төлөөлөх бол?
-"Газпром” бол төрийн мэдэлд байдаг Оросын хамгийн том компани. Хятадын CNPC ч мөн ялгаагүй дэлхийн хэмжээний төрийн том компани. Тэд Монголын талаас бидэнтэй хамтарч ажиллах компанийг зааж өгөөч гээд байгаа. Энэ хоёр том компанитай Монголын том компани л харьцах ёстой. Өчигдөр байгуулагдсан 5 хүнтэй компани тэдэнтэй хэлэлцээр хийе гэвэл хүлээж авахгүй байх. Миний бодлоор тэдэнтэй эн зэрэгцэх том компани бол "Эрдэнэс Монгол”. Нэгдүгээрт, төрийн компани; хоёрдугаарт, Засгийн газарт харьяалагддаг; гуравдугаарт, Монголын томоохон компаниудыг нэгтгэдэг; дөрөвдүгээрт, олон улсад танигдсан. Эцэст нь энэ компанийн гол зорилго бол гадаадын хөрөнгө оруулалт татах.
-Хятадын хийн хэрэглээг 2030 он гэхэд жилдээ 600 тэрбум шоо метрт хүрнэ гэж Оросын зарим судлаачид үзэж байна. Тэгэхээр Орос-Хятадыг холбох хийн хоолой манай улсад ямар өөрчлөлт авчрах вэ?
-Монголын ирээдүй энэ хоёр улсын хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаална гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэмээр байна. Манай урд хөрш бол дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн олон хүн амтай улс. Хойд хөрш бол маш их байгалийн баялагтай орон. Энэ хоёрын хооронд түүхий эд, аж үйлдвэрийн бараа зөөх нь манайд их ашигтай. 2016 онд гурван орны төрийн тэргүүн уулзах үеэр эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсныг дурьдах хэрэгтэй. Тэр хөтөлбөрт хийн хоолой тавих асуудал ч туссан юм. Ер нь Монгол бол транзит тээврийн уламжлалтай орон гэж хэлж болно. Яагаад гэвэл 18 дугаар зуунаас 20 дугаар зууны эхэн хүртэл Цайны замаар Хятадаас Орос руу торго, шаазан зөөдөг байсан. Эргүүлээд Оросоос Хятад руу ангийн арьс, ноосон даавуу зөөж транзит тээвэр хийдэг байж. Дараагаар нь трансмонголын УБТЗ-ыг хэлэх байна. Манай улс 70 жилийн өмнө маш том транзит төсөл хэрэгжүүлсэн нь Орос - Хятадыг холбосон төмөр замтай болсон явдал. Энэ замаар хоёр улсын хооронд ачаа тээвэрлэж ихээхэн ашиг олдог. Үүний үр шимийг бид хангалттай хүртсэн, одоо ч хүртсээр байна. Төмөр замгүйгээр Монголын өнөөдрийн хөгжлийг төсөөлөхөд бэрх. Хийн хоолой бол УБТЗ-тай адил Орос, Хятадыг холбосон томоохон төсөл. Үүнийг хэрэгжүүлэх гэхээр Орос юмуу Хятадын хараат байдалд орчихно гэж зарим хүмүүс болгоомжилдог. Тийм зүйл байхгүй.
-Хийн хоолой барьснаар ажлын байр нэмэгдэнэ гэдэг ч юмуу эдийн засгийн үр өгөөж нь ямар байх вэ?
-Ядуугийн зовлон юм уу даа. Манайхан эдийн засгийн өгөөж гээд л түрүүлээд ярих юм. Нарийн яривал энэ хоёр улстай интеграцид орж байна гэдэг нь чухал юм. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжийг ярилгүй л яахав. Эцсийн байдлаар ТЭЗҮ гарахаар л бүх юм тодорхой болно. Гэхдээ 2000 онд боловсруулж байсан урьдчилсан ТЭЗҮ-гээр хийсэн тооцоо байдаг. Одоо барих гэж байгаа хоолойн ТЭЗҮ гараагүй учраас тодорхой хэлэхэд хэцүү.
-2000 оны ТЭЗҮ-ээр ямар байсан бэ?
-Эрхүү хотоос 400 гаруй км зайтай Ковыктагийн ордоос Монголоор дайруулан Бээжин хүртэл хоолой татах урьдчилсан ТЭЗҮ-ийг уг ордын лицензийг эзэмшиж байсан "Русиа петролиум” компани 2000 онд хийсэн байдаг. Жилдээ 25 тэрбум шоо метр хий дамжуулах хоолойн Монголын нутгаар дамжин өнгөрөх хэсэг /1050 км/, 8 шахуургын станцыг дөрвөн жилд барина гэж. Барилгын ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1354 хүн ажиллана гэх мэтээр нарийн тооцоо хийсэн байдаг. Мэдээж ихэнх нь монгол хүмүүс ажиллана. Хийн салбарт нэг ажлын байр бий болбол бусад салбарт 4-6 ажлын байр бий болно гэсэн тооцоо бас байдаг. 1500 хүн ажиллавал цаана нь хий түгээх станц, хийг савлаж зарах гэдэг ч юм уу 6 мянган дагалдах ажлын байр бий болох нь л дээ.
-ТЭЗҮ-ийг боловсруулахад манай тал бас оролцох байх?
-Манайхаас оролцоно. Манайхаас мэдээ, мэдээлэл авч таарна. Ер нь бусад орны туршлагаас харахад хийн хоолой тавихад хэд хэдэн хувилбар байдаг юм билээ. Нутгаараа дайруулж гадны хөрөнгөөр хийн хоолой тавиулж төлбөр авах. Дараагийнх нь өөрсдөө хоолой бариад хий дамжуулах замаар орлого олдог бас нэг хувилбар байна. Мөн худалдагч, худалдан авагч хоёртойгоо гурвуулаа нийлж мөнгө босгоод хоолой барьдаг хувилбар ч байна. Алийг нь сонгохыг манай төр, засаг хоёр талтайгаа тохирч шийдэх ёстой.
-Украин улс Оросоос Европ руу хий дамжуулж байгаагийнхаа төлбөрт жилдээ 3 тэрбум ам.доллар авдаг. Манайх энэ транзитаас ямар хэмжээний орлого олох боломжтой вэ?
-Тунис, Марокко, Словак, Польш, Украин, Беларусь гээд өөрийн нутгаар хийн хоолой дамжуулж байгаа олон орон байдаг. Жишээлбэл, 2018 онд Украин Оросоос Европ руу 86 тэрбум шоо метр хий дамжуулж, түүнээсээ 3 тэрбум ам.долларын орлого олсон бол Беларусь улс хий болон нефть дамжуулснаар 1.58 тэрбум ам.доллар олсон. 1000 шоо метр хийг өөрийн нутгаар 100 км дамжуулбал ойролцоогоор 2.5 ам.доллар төлдөг коэффициент байдаг юм байна лээ.
Хэрэв манайх жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулна гэвэл тэрбум орчим ам.долларын орлого олно. Одоо харин манайхаар жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах боломжтой гэж ярьж байна.
-Манайх энэ төсөл хэрэгжсэнээр зөвхөн транзит биш бас хэрэглэгч орон болох боломжтой болно. Байгалийн хий манай улсын хувьд эрчим хүчний хямд эх үүсвэр байж чадах уу?
-Би судлаач, инженер биш учир тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ Монгол Улсын хийн хэрэглээг жилдээ хагас тэрбум шоо метр, яваандаа нэг тэрбум шоо метрт хүрнэ гэж үздэг юм байна лээ. Эхэндээ ахуйн хэрэглээнд яваандаа цахилгаан станц, хийгээр цэнэглэдэг машин хэрэглэдэг болбол тэрбум орчим болно. Хийн хоолой дамжуулахад замдаа борлуулж л байвал сайн байдаг. Монголын хамгийн том хэрэглэгч бол Улаанбаатар, Эрдэнэт хотууд. Манайх утаанаасаа сална гээд утаагүй зуух, түлш гээд яриад байгаа. Утаанаас салах гол арга бол хийн хэрэглээ. Энэ бол дэлхийн туршлага.
-Коронавирусний цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг нэлээн эрсдэлд ороод байна. Энэ төсөлд коронавирус саад болох болов уу?
-Үгүй байх. Коронавирус удлаа гэхэд жилийн дотор намжчихна. Хийн хоолой барих бол хэдэн жилийн ажил.
-ОХУ-аас БНХАУ руу гуравдагч орны нутгаар дамжуулахгүйгээр хийн хоолой татах "Алтай" төслийг зогсоож хоолойг манайхаар дайруулах болсон шалтгаан нь юу байв?
-Энэ маршрутаар хоолой тавихад бэрхшээлүүд их бий. Нэгдүгээрт, харьцангуй урт буюу 6700 км; хоёрдугаарт, өндөр уул, өргөн гол мөрөн гээд байгалийн саад бэрхшээл ихтэй, манай Алтай Таван Богдын цаагуур явна гэсэн үг шүү дээ; гуравдугаарт, газар хөдлөлтийн идэвхтэй бүс таарч байгаа; дөрөвдүгээрт, дэлхийн өв гэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн Укокын дархан цаазтай газар; бас Шиньжаан - Уйгарын улс төрийн тогтворгүй нутгаар дайрах гээд байгаа юм. Манайхаар тавьбал харьцангуй богино, голдуу тал хээр нутгаар өнгөрөх тул хямд бас хурдан барих бололцоотой. Мөн төмөр болон авто замын ойролцоо өнгөрөх учраас одоо байгаа дэд бүтцийг ашиглах боломжтой юм.
-Хийн хоолойг өөрийн нутгаар дамжуулах сонирхолтой гэдгээ манайхаас гадна Казахстан улс бас илэрхийлээд байгаа. Манайх Казахстанаас юугаараа давуу байсан бэ?
-Энэ оны эхээр Казахстаны Эрчим хүчний сайд Оросын сайдтай уулзахдаа өөрийн нутгаар хийн хоолойгоо тавиач гэсэн санал тавьсан. Түүний өмнөхөн Оросын эрчим хүчний сайд Монголоор хийн хоолой дамжуулах судалгааны ажил эхэлчихээд байна гэж хэлсэн учраас манайх өрсчихсөн гэж хэлж болно. Гэхдээ бид тайвширч болохгүй, ажлаа хийгээд л байх ёстой. Орос, Казахстан хоёр их дотно харилцаатай гэдгийг санаж байх хэрэгтэй.
-Казахстан бас зүүн бүсээ хийгээр хангах сонирхол байсан уу?
-Казахстан өөрөө асар их хийн нөөцтэй. Оросын хийн дээр өөрийнхийгөө нэмээд Хятадад гаргах сонирхолтой байгаа юм. Өөрөөр хэлбэл сонирхол нь өөр.
-Сүүлийн үед Оросоос Монголд оруулах хөрөнгө оруулалт эрчимтэй буурч байна. Үүний шалтгааныг Та юу гэж харж байгаа вэ?
-1920-иод он хүртэл Монгол бараг бүх юмаа Хятадаас авдаг байсан. Даавуу, цай, гурил, будаа гэх мэт. Дараа нь Ардын хувьсгалаас хойш бүх юмаа Оросоос авдаг болсон. Социализм нурснаар эргээд ихэнх хэрэгцээгээ Хятадаас хангадаг боллоо. Орос, Монгол хоёрын экспортын бүтэц их адилхан юм. Манай хоёр улс хоёулаа ихэвчлэн түүхий эд гадагшаа гаргадаг. Хятад бол аж үйлдвэрийн бараа, бидэнд хэрэгцээтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Миний хувьд хойд хөршийн хөрөнгө оруулалт буурч өмнөд хөршийнхөөс хэдэн арав дахин бага болсонд ихээхэн санаа зовж байна. Бид Оросын хөрөнгө оруулалтыг татах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
 
Л.Нандинцэцэг
Эх сурвалж: montsame.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.