Төгрөгийн ханш ам.долларын эсрэг зогсолтгүй унаж байна

75
 

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг зогсолтгүй унаж байна

 

  • Валютын ханшийн хэлбэлзэл манай улсын эдийн засагт мөн адил нөлөөлж буй. Он гарснаас хойш төгрөгийн ханш суларсаар
  • Ам.долларын ханшаа торгоох гээд төв банк валютын нөөцөө гөвж мэдэх нь
  • Эрдэс түүхий эдийн экспортоос валют нөөцлөх боломж улам хумигдсаар байна
  • Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар мягмар гарагт 2781.09 төгрөгтэй тэнцлээ. Энэ өдөр гадаад валютын дуудлага худалдаагаар 72.6 сая ам.доллар нийлүүлсэн боловч ам.долларын өсөлт үргэлжилсээр

Дэлхий нийтээр хямралын эсрэг төсөв, мөнгөний бодлого хэрэгжиж байна. COVID-19 вирусийн нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн эрэлт буурах төлөвтэй боллоо. Хөгжиж буй орнуудын хөрөнгийн захаас өнгөрсөн сард гэхэд 83 тэрбум ам.доллар гадагшилжээ. Энэ нь түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө болж байна. Үүний 52 тэрбум ам.доллар нь хувьцаа байсан бол үлдсэн нь бондын захаас гадагшилсан мөнгө байв. Ам.долларын индекс өнгөрсөн сард таван хувийн хэлбэлзэлтэй байлаа. Хөгжиж буй орнуудын валют тэр хэрээр өндөр савлагаатай байна. Өмнөд Африк, Мексик зэрэг орнуудын үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг нэг өдрийн дотор хоёр хувиар суларч, алтны ханш ялимгүй өсөлт үзүүллээ. Цар тахлын нөлөө санхүүгийн зах зээлийг доргиогоод зогсохгүй хөрөнгө оруулалтын орчныг орвонгоор нь өөрчилж байна. Азийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг дор хаяж энэ онд дөрвөн нэгж хувиар буурахаар байгаа. Валютын ханшийн хэлбэлзэл манай улсын эдийн засагт мөн адил нөлөөлж буй. Он гарснаас хойш төгрөгийн ханш суларсаар. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар мягмар гарагт 2781.09 төгрөгтэй тэнцлээ. Энэ өдөр гадаад валютын дуудлага худалдаагаар 72.6 сая ам.доллар нийлүүлсэн боловч ам.долларын өсөлт үргэлжилсээр. Дотоодын валютын зах зээлд мөнгөний бодлого тодорхойлогчид зөвхөн энэ сар гарснаас хойших долоо хоногийн хугацаанд 100 гаруй сая ам.доллар зарсан байна. Тасралтгүй өсөх ам.доллар гэхээс илүү зогсолтгүй унах төгрөгийн ханш хямрал дээр хямрал авчирч мэдэх нь. Хөдөлмөрийн бүтээмж тааруу, нэмүү өртөг шингээсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бус, хэрэглээ шүтсэн, импортын зах зээлээс үлэмж хамааралтай орны зовлон үүгээр дуусахгүй. COVID-19 цар тахлын уршгаар нүүрсний биет хэмжээ болон зэсийн баяжмалаас "халааслах” орлого 30 гаруй хувиар буурах эрсдэл хэдийн тохиосон. Газрын тосны орлого мөн адил уруудахаар байна. Эрдэс түүхий эдийн экспортоос валют нөөцлөх боломж хумигдсаар. Алтны тушаалт сар тутам нэмэгдэж байгаа нь дотоодын зах зээлд гялтайх мэдээ болж байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар төв банк өссөн дүнгээр нийт 5.3 тонн үнэт металл худалдан авсан. Үүний 3.6 тонн нь алт. Хилийн хорио тогтоосноос хойш алтны тушаалт ердийн үетэй харьцуулахад нэмэгдэж байна. Алтны тушаалтаас жилд 600-700 орчим ам.доллар дотоодын валютын нөөцийг зузаалдаг. Харин энэ жилийн хувьд алтны тушаалт  2018 оны түвшинд хүрэх нааштай таамгийг зарим эдийн засагч дэвшүүлэх болов. Хилийн хорио тогтоосон нь хууль бус алтны худалдааг хязгаарлаж, дотоодын алтны тушаалт эрс нэмэгдэхэд хүргэлээ. Манай улсын гадаад валютын албан нөөц дөрөв орчим тэрбум ам.доллар. Сонгууль тохиох жилүүдэд төгрөгийн ханш суларч, валютын ханш чангарах үзэгдэл гаардаг. 2020 оны хувьд гадагшаа чиглэсэн өр төлбөр байхгүй боловч ирэх онд Засгийн газар 2.9 тэрбум ам.долларын өрийн эргэн төлөлт хийнэ. Дотоодын валютын зах зээлд хамгийн том дарамт энэ болохоор байгаа. Өндөр дүнтэй бондуудын эргэн төлөлт 2021 оноос эхэлнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, хөрөнгө оруулагчид тогтворгүй хууль эрх зүйн орчин, улс төрийн ээдрээтэй байдлаас болж манай улсаас дөлсөөр. Ийм нөхцөлд төгрөгийн ханш улам сулрах эрсдэл нэмэгдэнэ. Гаднын зах зээлд өрийн бонд Засгийн газар гаргасан ч эргэж төлөх зардлаа бид дийлэхгүй байх хэмжээний хүндрэл эдийн засагт нүүрлэж байна. Азийн хөгжлийн банк өрийн хямралд орохоос сэргийлэх зөвлөмж хөгжиж буй орнуудад өгсөн. Тэдний нэг нь Монгол Улс. Манай улсын гадаад өр сүүлийн таван жилд 35 хувиар өссөн байна. Өрийн өсөлт нөөц боломжоос хэтэрсээр байвал эдийн засгийн тогтворгүй байдлыг үүсгэж мэдэх талтай.

 
 
Засгийн газрын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.