ОХУ-д цар тахлын нөхцөл байдал хүндэрснээс хятад ажилчид дүрвэх, эсвэл өөрсдийгөө хамгаалах сонголттой тулгарчээ

65

Орос даяар коронавирусийн халдвар эрчимтэй тархаж эхэлсэн тул алс дорнодын Хабаровск хот дахь 500 орчим хятад ажилчин дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нэгдсэн зохион байгуулалтад орж, өөрсдийгөө тусгаарлах арга хэмжээ авч эхэлжээ. Тэд амьдарч буй байрандаа бүгж, орж гарахдаа Ухань маягийн дэглэм хэрэгжүүлж эхэлсэн байна.

Ажилчид уг нь эх орондоо буцах хүсэлтэй байгаа ч хил хаагдаж, нислэгүүд зогссон, бас газраар нутаг буцаж байгаа хятадууд замдаа халдвар авах нь нэмэгдсэн тухай мэдээлэл тарсан тул байгаа газраа аюулгүй байдлаа хангахаар шийдсэн байна. Оросын нөхцөл байдал муудсан нь энэ улсад ажилладаг 150,000 орчим хятад ажилчдад нэг бол эрсдэлтэй замаар нутаг буцах, эсвэл байгаа газартаа өөрсдийн тогтоосон хорио цээрийн дэглэмд амьдрах хоёр сонголтыг тулгаж байгаа гэнэ.

Тэдний олон мянга нь алс дорнодын хилээр Хятад руу буцаж байгаа ба тэдний дотроос коронавирусийн халдварын тохиолдол олноор илэрч байгаа. Тухайлбал хилийн Суйфенхэ хотын боомтоор ирсэн 2,400 гаруй хүний дотроос халдварын олон тохиолдол илэрч, хотыг тусгаарлах арга хэмжээ авсан юм.

Тэдгээр ажилчдын урсгал Хятад улсад цар тахлын хоёр дахь давалгааг үүсгээд байна. Хабароквсийн ажилчдын нэг 50 настай Лю Хайжун “Бид нар цар тахлын аюулыг, Уханьд юу болсныг маш сайн мэдэж байгаа. Харин Оросуудад энэ талаар ойлголт тааруу байна. Тэд хаа сайгүй амны хаалтгүй явж, хоорондоо мэндлэхдээ тэврэлдэж, үнсэлцсэн хэвээр байгаа. Хэрвээ нэг нь л халдвар авбал маш олон хүнд тараах аюултайг тэд ойлгохгүй байна” гэж ярьжээ. 

Одоо ОХУ даяар дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нэг сарын хугацаатай хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа. Баасан гарагийн байдлаар тус улсад халдварын 32,000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 4,070 тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт хамгийн олон тохиолдол илэрсэн үзүүлэлт юм. Москвагийн эрх баригчид тус улсад 2-3 долоо хоногийн дотор цар тахал оргилдоо хүрнэ гэж анхааруулж байна.

Хятадын төрийн хэвлэлүүд сүүлийн үед Орос улсыг коронавирусийн тахлыг хяналтаасаа алдсан, энэ нь Хятадад тахлын хоёр дахь давалгааг эхлүүлэх аюул учруулж байгаа тухай шүүмжлэх болсон юм. Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Энэ гашуун шүүмжлэлтэй бид санал нийлэхээс өөр аргагүй” гэж хэлжээ.

Р.Төмөр 

Эх сурвалж: Reuters

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.