“Бүү давар” гэж байгаа бол бүх нийтээрээ сонгуульд оролц, залуус аа

372

Сонгууль тун ойртжээ. Яг өнөөдрөөс тооцвол 36 хоног үлдлээ. Өдөр бүр коронагийн талаарх яриа, Эрүүл мэндийн яамны мэдээллийг анхаарч байсан хүмүүсийн сэдэв солигджээ. Хаа сайгүй сонгуулиар амьсгалж байна. Өөрийн дэмжиж байгаа нэр дэвшигчийг дөвийлгөж, дэмжихгүйгээ элдвээр хэлж байгаа харагдана. Намууд хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулж, зарлалаа. Нийт 15 нам, дөрвөн эвсэл, 208 бие даагч сонгуульд оролцохоо илэрхийлсэн байсан. Ардчилсан нам 71 шинэ нэр дэвшигчдийг оруулж ирлээ. Нийт нэр дэвшигчдийнх нь жар орчим хувь нь залуучууд. Дөчин хувь нь эдийн засагч, гучин хувь нь хуульч, 20 хувь нь эмэгтэй, 7.5 хувь нь инженер байна. Харин МАН-ын нэр дэвшигчдийн статистик гараагүй байна. Энэ жилийн статистик, судалгааны дүнгээр хүмүүс хуучин хүмүүсээ залхсан, итгэл алдарсан учраас шинэ сонголт хийх нь тодорхой болсон. Намууд ч үүнийг анзаарч шинэ хүмүүсээр нэр дэвшигчдээ сонгож. Үүнийг анзаарсан бие даагчид бас түүхэндээ байгаагүй ихээр дэвшив. Эхлээд 208 хүн байснаас тал нь шантажчид байсан бол зарим нь санасандаа хүрч намаасаа дэвших эрхээ авч чадлаа.

Зарим боломжийн нэр дэвшигчдийг эвслүүд шүүрч авлаа. Үлдсэн нэг хэсэг нь Аудитын газраас мөрийн хөтөлбөр нь шаардлага хангахгүй гээд буцав. Энэ мэтээр зуугаад хүн үлдэв бололтой. Гэхдээ л түүхэндээ байгаагүй олон бие даагч байна. Хамгийн аюултай нь том намуудын зарим хуучцуул гарч ирэх магадлалтай шинэ залуусын саналыг хуваахаар зориуд нэг тойрогт олноор нь дэвшүүлэх зэргээр элдэв арга сэдэж байна. МАН харин нэр дэвшигчдээ хав дарж байгаад хамгийн сүүлд дэлгэв. ЖДҮ-чин, Жаран тэрбумтнуудынхаа ихэнхийг дэвшүүлсэнгүй. Мэр сэр үлдсэнийг эс тооцвол шүү. Дээр нь наймаа панз үсэргээд тойргоо тохирч зарсан дуулдана. Зарим залуусын усалж тордсон тойргийг булааж авав. Нэр дэвшилтийн паян дуусаагүй л байна. Зарим тойрогт уначихвал хайран залуус нэг дор оччихсон байх жишээтэй. Магадгүй тэд саналаа хуваахад хуучин хэд гараад ирнэ гэж тооцсоных биз. Хамгийн их анхаарлын төвд орсон тойрог хотод Хан-Уул болж байна. Шижигнэсэн сайхан хуульч, эдийн засагч залуус өрсөлдөхөөр болж. Болдогсон бол бүгдэд нь санал өгчихмөөр.

Санал өгч болохоор шинэ сонголтууд олон боллоо. Саналаа өгөх залуус минь хаана байна. Хонконгт залуус нь сонгуулийн эрхийнхээ төлөө яаж тэмцлээ. Заримд нь сонгох эрхээ олж авах хэцүү байхад Монголын залууст тийм асуудал алга. Өмнө нь энэ муусайн хөгшчүүл, өнөө л хэд үү хэмээх тайлбараар санал өгөхөөс хойш суудаг байсан бол одоо тийм юм алга. Бүх боломж байна. Бусдад сонголтоо булаалгаж халаглаж суух цаг биш ээ. Хэрэв саналаа өгч үүргээ биелүүлээгүй бол дараа нь хариу нэхэж гоншигнох хэрэггүй. Төр засаг ийм байна, тийм байна гэж бүү яриарай. Энэ чиний эс үйлдлийн үр дүн байх болно. Сонгууль өгөөгүй “сайн” иргэд муу нэр дэвшигчийг сонгодог” гэсэн нэрт зохиолчийн үг бий.

Бие даагчид нэр дэвшигчдээ голж байгаа бол энэ удаа сонголт арвин байна. “Бүү давар” гэсэн лоозон барьж, ямаа хөтөлсөн залуус баг зүүж, цагаан нөмрөгтэй залуус эсэргүүцлээ илэрхийлж жагсаж байна. Залуусыг дэмждэггүй ямаа дэмждэг төр засгаа тэд шүүмжилж байна. Энэ улс төрчдийн ийм ийм үйлдүүдийг “Битгий давар” гэж тэд хэлж байна. Хэрэв одоогийн эрх баригчдыг давраад байна гэж үзэж байгаа бол сонгуульдаа идэвхтэй оролц. “Ятгах тусам нягтал” гэгчээр нэр дэвшигчийг сайтар нягтал. Гоё үг хэлж, том амласан болгон мундаг байдаггүй. Тэдний нэг удаагийн гоё үг, амлалтад, сайтар нягтлалгүй сонговол мөн л харамсах болно. Сонгож гаргаад дөрвөн жил зүхдэг. Маш цөөн хувийн оролцоотой байхаар хүсээгүй улстөрч чинь ялдаг.

“Бүү давар” хэмээн залуус жагсахад бүү эсэргүүц, бүү шүүмжил. Ихэнх нь ямаа хөтөлснийг нь шүүмжилсээр тэдний өгөх гэсэн мессэжийг ухсангүй. Залуусын дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн сонгуулиар юу ч бодолгүй саналаа өгсөн гэсэн нь 17хувь байх юм. Ямар харамсмаар юм бэ. Өөрсдөө оролцоогүй, өвөө эмээд найдаад ач холбогдол өгдөггүй. Тэгээд тэдний сонгосон хуучны хоцрогдсон нөхдийг бүтэн дөрвөн жил шүүмжилж зүхдэг. Одоо та бидний хүсээд байсан шинэ сонголтууд олноороо гарч ирлээ. Эрхээ эдэлж, үүргээ биелүүл, залуус аа. Мөн дээрх судалгаанд оролцсон залуусын 35 хувь нь завгүй байсан болохоор сонгуульд оролцоогүй гэсэн бол 23 хувь нь хэнд, яаж саналаа өгөхөө мэдэхгүй байсан гэж хариулжээ. 2016 оны сонгуульд 18-25 насны залуусын 50 хувь сонгуульд оролцож саналаа өгсөн гэж байх юм. Монголын сонгогчдын дийлэнх нь 18-45 насных. Японы Васеда их сургуулийн Улс төр судлалын докторант С.Болдсайхан судлагааны урьдчилсан дүнг ub.life сайт өчигдөрхөн танилцуулсан байна лээ.

Бид сонгуульдаа өөрсдөө ингэж идэвхтэй ордоггүй. Орсон ч хувиа бодсоноос алддаг. Танил минь юм, надад тус болж байсан юм, хэзээ нэгэн цагт тус болж магадгүй хүн, надад мөнгө өгсөн юм чинь гэх мэтээр маргаашийн ирээдүйгээ өнөөдрийн таван мянга, хорин мянгаар худалддаг сонгогчид бий.

Надад мөнгө өгсөн юм чинь ямар хамаатай юм өнөөдөр л болж байвал гэсэн сэтгэлгээнээсээ салах ёстой. Надад одоохондоо хохиролтой ч улс оронд хэрэгтэй хүн. Хожим нь зөв хүнээ сонговол үр хүүхэд улс оронд минь хэрэгтэй гэж ирээдүйгээ харж сонголтоо хийе. “Бүү давар” гэж байгаа бол бүх нийтээрээ сонгуульд оролц. Нөгөө л хэд дэвшиж гэж гомдох юм алга. Шинэ сонголтууд ярайж байна. Гагцхүү итгэлтэйгээр саналаа өгөхөд л болно. 

Д.Мөнгөндалай

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>