Сингапур улс анх удаа видео холбоогоор цаазын ял оноожээ

47

Сингапурт хар тамхи наймаалсан гэмт хэрэгтэнд цаазын ял оноох шүүх хурлыг Zoom видео холбооны хэрэгсэл ашиглан зохион байгуулжээ. Энэ нь тус улсын түүхэнд анх удаагаа шүүгч гэмт хэрэгтэнд цаазын ялыг зайнаас оноосон тохиолдол юм байна. 2011 онд героин төрлийн мансууруулах бодисыг арилжааны зорилгоор Сингапурт нэвтрүүлээд баригдсан Малайзын 37 настай иргэн Пунитхан Генасанд дээрх ялыг оноожээ. Zoom онлайн видео холбооны хэрэгслээр шүүгчээс ял сонссон Генасан давж заалдах төлөвлөгөөтэй байгааг өмгөөлөгч нь мэдэгдсэн байна. Коронавирусийн цар тахлын улмаас Сингапурт дөрөвдүгээр сарын эхээр тогтоосон хорио цээрийн дэглэм зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм. 

Энэ хугацаанд вирусийн халдвар тарахаас сэргийлэх үүднээс шүүх хурлын ажиллагаануудыг зайнаас зохион байгуулж байгаа. Сингапур улс хар тамхины гэмт хэрэгт хатуу шийтгэл оноодог бөгөөд тусгаар тогтнолоо зарласнаас хойш хугацаанд ийм төрлийн хэрэгтэй олон зуун хүнд дүүжлэх ял оноосны дотор гадаадын иргэд ч олон байдаг юм. Human Rights Watch хүний эрхийн байгууллагын Азийн салбарын дэд захирал Фил Робертсон “Сингапур улс цаазын ялыг маш харгис, хүмүүнлэг бус аргаар хэрэгжүүлдэг. Zoom видео холбооны технологийг энэ удаа ашигласан нь нөхцөл байдлыг улам дордууллаа” гэж мэдэгджээ. 

Р.Төмөр 

Эх сурвалж: Reuters

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.