ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ, Хятадын хооронд шинэ ХҮЙТЭН ДАЙН дэгдэв үү!

48

ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ, Хятадын хооронд шинэ ХҮЙТЭН ДАЙН дэгдэв үү!

 

-Хятад улс Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна-

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэвлэлийн бага хурлынхаа үеэр БНХАУ Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг тууштай хүлээн зөвшөөрөх болон Оростой стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгааг мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар коронавирусний эсрэг тэмцэх асуудлаарх Москва, Бээжингийн хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг бэхжүүлэхэд түлхэц өгөх аж. Ван И мөн АНУ дахь "зарим улс төрийн хүчин” Бээжин болон Вашингтоныг шинэ хүйтэн дайны зам руу түлхэж байна гэжээ. Шинжээчид АНУ болон Хятадын харилцаа цаашид улам хурцдах болно гэж үзэж байна.

Хятадын Гадаад хэргийн сайд "АНУ Хятадыг өөрчлөх гэсэн бодлоосоо салж, хоёр орныг шинэ хүйтэн дайны ирмэг рүү түлхэхээ зогсоох хэрэгтэй. БНХАУ-д АНУ-ыг өөрчлөх өчүүхэн ч бодол байхгүй. Харин АНУ Хятадыг өөрчилж, 1.4 тэрбум хүний шинэчлэлийн төлөөх түүхэн маршийг зогсоох гэсэн бодлоо орхих цаг нь болсон” гэсэн байна. Тэрбээр мөн АНУ-ын улс төрчид Хятад, АНУ-ын харилцааг барьцаалан хоёр улсыг шинэ хүйтэн дайны ирмэг рүү түлхэж байна гэж үзжээ. Энэ нь хоёр улсын түүхэн харилцааны үр дүнг үгүй хийж, цаг хугацааг ухрааж, АНУ-ын хөгжлийн хэтийн төлөвийг удаашруулж, дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд аюул учруулах ноцтой оролдлого гэж Ван И мэдэгдсэн байна.

Шинжээчдийн дүгнэж байгаагаар дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны харилцаа муудсаар байгаа энэ үед Хятадын Гадаад хэргийн сайд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр болсон хэвлэлийн бага хурлыг ашиглан АНУ-д мессеж өгчээ. Тэрбээр мөн Оростой хамтран Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг баталж, НҮБ-ын дүрэм болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг шийдэмгийгээр хамгаалах болно гэсэн байна. Ван И түүнчлэн БНХАУ Оростой хамтран "нэг талын дарамт шахалт” болон бусад улсын зүгээс ирэх "сэтгэлзүйн дарамт”-ын эсрэг шийдэмгийгээр зогсох болно гэжээ.

Ван И "COVID-19” цар тахлын дараа дэлхий ертөнц өөр болно, иймээс ирэх өөрчлөлтөд бэлтгэхийн тулд Бээжин БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон "Их 20”-ийн хүрээнд  Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэв. Тэрбээр "Коронавирусний эсрэг хамтарсан тэмцэл нь Орос, Хятадын хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэж дахин дахин онцолжээ. Хятад улс хямралыг боломж болгохын тулд Оростой хамтран ажиллах болно гэдгийг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд хэлж байна.

Шинэ хүйтэн дайн

Хятадын Гадаад хэргийн сайд Бээжин болон Вашингтоны харилцаа шинэ хүйтэн дайны ирмэгт байгааг хэлээд нөхцөл байдал ийнхүү эргэсэн нь АНУ дахь Бээжинд дайсагнасан улс төрийн тодорхой хүчнүүдээс болсон гэв. Ван И "АНУ-ын Хятад, Америкийн харилцаанд дайсагнадаг зарим улс төрийн хүчин хоёр орныг шинэ хүйтэн дайн руу түлхэж байна. Энэ аюултай оролдлого нь түүхийн хүчийг өөрчилж, Хятад, Америкийн олон арван жилийн хамтын ажиллагааны үр дүнг нурааж, АНУ-ын өөрийнх нь хөгжлийн хэтийн төлөвийг бууруулж, тогтвортой байдлыг эрсдэлд оруулж, энх тайвны хөгжлийн замд саад болж байна” гэжээ. Тэрбээр мөн коронавирусний тархалтаас болсон хохиролд Хятадыг буруутган нэхэмжлэл гаргана гэж байгаа АНУ болон бусад орны оролдлогыг үл тоомсорлоно гэсэн байна. Ван И "Хохирогчдын мөрдөн байцаалт, хохирлыг барагдуулах талаарх "хашхираан”, шүүх хуралдаанд нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн нь олон улсын хууль зөрчсөн, хүний мөс чанараас татгалзсан явдал юм. Энэ нь бодит байдал, нийтлэг ойлголттой нийцэхгүй бөгөөд хууль, эрх зүйн үндэслэлээс ангид байна” гэжээ. Гэхдээ Бээжин албан ёсоор цар тахлын шалтгааныг мөрдөн шалгах олон улсын шалгалтыг дэмжиж байгааг Хятадын Гадаад хэргийн сайд хэллээ. Хятадын тал коронавирусний эх үүсвэрийг судлах олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгийн хамтын ажиллагааны асуудлаар нээлттэй байр суурь баримталж байгаа аж.

Бээжин энэхүү үйл явц нь мэргэжлийн, шударга, бүтээлч байх ёстой гэж үзэж байгаа юм. Ван И коронавирусний эх үүсвэрийг хайхад улс төрийн нөлөөг хөндлөнгөөс оролцуулахгүй байх шаардлагатайг хэлжээ. Тэрбээр Хятад улс "гэм буруутны таамаглал”-ыг эсэргүүцэж байгааг хэлсэн байна.

Америкийн шахалт

АНУ сүүлийн үед Хятад улсыг коронавирусний тархалтад нэг бус удаа буруутгасан билээ. Доналд Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой гэсэн юм. Энэ сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "ABC News”-д өгсөн ярилцлагадаа коронавирус Хятадын Ухань хотын лабораторид үүссэн гэх нотолгоо Вашингтонд байгаа талаар хэлжээ. Гэхдээ тэрбээр үүнийгээ батлах зүйлийг гаргаж ирээгүй бөгөөд буруутай нь шийтгэгдэх болно гэж л мэдэгдсэн. Доналд Трампын захиргаа дараа нь Конгресст "АНУ-ын БНХАУ-ын талүаарх стратегийн хандлага” нэртэй илтгэлийг илгээжээ. Илтгэлд Бээжин цэрэг, улс төр, эдийн засгийн салбарт өөрийн боломжоо ашиглах хүрээгээ тэлж, АНУ-ын ашиг сонирхолд харш үйлдэл хийж, мөн дэлхийн улс орнуудын бүрэн эрхт байдалд халдаж байна гэж өгүүлсэн байв.

"Түүхэн үнэнийг хамгаалахад бэлэн”

Шинжээчид үүссэн нөхцөл байдалд АНУ-ын Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан Хятадын эсрэг дайралтыг тэнцүү хэмжээнд хийж байгааг буруутгав. Тэд цар тахлын асуудлыг өөрсдийнхөө эрх ашиг руу эргүүлэн, дотоодын тэмцэлдээ Хятадыг ашиглаж байгаа аж. АНУ-ын дотоодын тэмцэлд аль нам нь ялсан байлаа ч Хятад улс тэдний зорилтот бай байсаар байх гэнэ. Вашингтон цаашид Бээжинг коронавирусний талаарх мэдээллийг нуусан, вирусийг гар аргаар бүтээсэн, тараасан гэж буруутгасаар байх болно. Шинжээчид энэ талаар "БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын дурдсан улс төрийн хүчин нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа гэсэн үг юм. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдлийг харахад л хангалттай. Америкийн засаг захиргааны шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн дийлэнх нь и йм байр суурьтай байгаа нь ойлгомжтой байна” гэж өгүүлсэн байлаа. Ван И-гийн ярьж буй хүйтэн дайн нь дэлхийн хэмжээний мөргөлдөөн болохыг ч үгүйсгэхгүй. Мөн АНУ, Хятадын хооронд коронавирусний асуудлаас болж нотлох баримтын дайн эхэлнэ гэсэн таамаг бий. Гэхдээ Америкийн Ардчилсан нам ирээдүйд Хятадаас илүү өөртөө тохиромжтой тоглогч олох магадлалтайг үгүйсгэхгүй.

Хятадын Гадаад хэргийн сайдын Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай мэдэгдэл нь АНУ Бээжин, Москвагийн хооронд сөргөлдөөн үүсгэх гэж байна гэсэн ойлголтоос үүдэлтэй гэж шинжээчид үзжээ. Мөн Доналд Трамп нүүрэн талдаа Хятад улсын эсрэг нотлох баримтууд гаргаж ирэхээр хичээж байгаа нь олон улсын томоохон улс төрийн үйл ажиллагааны эхлэл бөгөөд Бээжин одоо холбоотнуудаа цуглуулж байна гэж улс төр судлаачид тайлбарлажээ.

https://zindaa.mn/38y6

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.