Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

65

Цар тахал гэж тэвдэлгүй хуулийн хугацаанд нь сонгуулиа хийнэ гэх эрх баригчдын шийдвэр төд удалгүй биелэлээ олох бололтой. Улсын Их хурлын ээлжит сонгууль болоход ердөө нэг сарын хугацаа үлдэж. Ямартаа ч улс төрийн амьдрал бужигнаж, буцалсаар эцсийн байдлаар энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 137 бие даан нэр дэвшигчид оролцохоор болов.

Сонгуулийн хуулийн дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой байдаг. Нэг ёсондоо мөрийн хөтөлбөр нь тэдний сонгогчдыг татах хуулиар олгогдсон эрх юм. Энэ ч утгаараа сонгогчдын нэр дэвшигчдээс харах, сонжих гол зүйл нь мөрийн хөтөлбөр байх учиртай. Нам, эвсэл, нэр дэвшигчдийг ирэх дөрвөн жилд ямар дүрмийн дагуу “тоглох” вэ гэдгийг харах боломж ч гэж ойлгож болно. Харамсалтай нь манайд мөрийн хөтөлбөрт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Нам нь ч сонгогчид ч нь тэр. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө анхаарах гэхээсээ илүү мөнгө төгрөг, элдэв бэлэг сэлтхэнээр л сонгогчдын нүдийг хуурдаг. Энэ хэрээрээ сонгуулийн зардал улам нэмэгдэж ирсэн. Энэ удаад ч уг бичигдээгүй хууль өөрчлөгдөж гавьсан юм алга. Нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах хамгийн доод зардал 400 саяас нэг тэрбум төгрөг байна гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооны холбогдох албан тушаалтан мэдээлсэн.

Тэгвэл нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардал 500 сая төгрөг байгаад 400 нэр дэвшигч сонгуульд оролцлоо гэж бодъё. Ингээд үзэхэд нийтдээ 200 тэрбум төгрөг зарцуулагдаж таарах нь. Зарцуулагдах мөнгө, нэр дэвшигчдийн тоо зэргийг хамгийн багаар бодоод үзэхэд шүү дээ. Бодит байдал дээр энэ тоо хэд дахин өсөхийг таашгүй.

Хамгийн гол нь үүнийг нам, эвслүүд юман чинээ бодохоо больсонд гол асуудал бий. Энэ нь тэдний сонгуулиар хэдий чинээ их мөнгө цацна, төдий чинээ сонгогчдын хур бууна гэж ядруухан сэтгэдэгтэй холбоотой юм. Угтаа их мөнгө зарсан байхад ялахгүй гээд яах юм гэж муйхарладгаа, хэдэн төгрөг, ямар байдлаар тараах вэ гэдгээ бодож толгойгоо гашилгаж суудгаа зогсоомоор байгаа юм.

Нөгөө талдаа дийлэнх сонгогчид хэн их мөнгө өгнө түүнийг л дэмжинэ гэдэг муу зантай болчихсон. Хэн бидон сав, гурил будаа тарааж, ар өврөөр 20, 30 мянган төгрөг атгуулах бол, тэр ч нэг их юм өгч гийсэнгүй, нөгөөхийг нь хэр юм өгөхийг харъя байз гэх зэргээр жишим ч үгүй саналаа худалдах. Ингэж саналаа худалдан хөнгөн гоомой байдлаар парламент бүрдүүлчихээд дөрвөн жил өнөө хэдийгээ харааж зүхэн даралтаа ихэсгэдэг нь ил болсон дүр зураг. Тэглээ гээд энэ цаашид үргэлжлэх ёстой гэсэн үг биш. Одоо ийм байхаа больцгооё. Үүнд ердөө багахан л зориг хэрэгтэй. Энэ зоригийг гаргалаа гээд танд ямар ч гарзгүй.

Санал өгөх хуулиар олгогдсон эрхээ эдлэхдээ үүргээ ухамсарлаж хариуцлагатай хандахад болох юм. Өнөө, маргааш хэрэглээд дуусах хэдэн төгрөгийн төлөөх шуналаа л дарчихад болно. Шуналтай сонгогчид шуналтай улстөрчдийг л гаргаж ирдэг биш билүү. Бид үүний горыг өнгөрсөн 30 жилд хангалттай амссаныг та ч, би ч мэдэж байгаа. Өнөөдөр та тав, арван төгрөгөнд саналаа худалдаагүйнхээ төлөө ирэх дөрвөн жилд улс орноо хэрхэн хөгжихийг харж, түүний үр дүнд бий болсон ажлын байраар хангагдаж хангалуун сайхан амьдарч чадна. Угтаа саналаа худалдахгүй байна гэдэг өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж, багахан сэтгэлийн л асуудал юм шүү дээ.

Одоо бид хэрсүүжих цаг болсон. Намуудын мөрийн хөтөлбөртэй танилцаж, харьцуулж, эргэцүүлдэг болох хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр нь мөрөөдлийн жагсаалт юм гэсэн гээд дэлгэж ч үзэлгүй гал руугаа шидэхийн оронд үндэс суурьтай судалж үздэг баймаар байна. Сонгуулийн тухай хуульд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна гэж заасан байдаг. Үнэхээр улс орны хөгжлийг ахиулж чадах юм уу, ажлын байр, дундаж цалинг ямар хэмжээнд аваачих юм, эрүүл мэнд, боловсролын салбартаа ямар ахиц дэвшил гаргаж чадах юм гэдгийг нухацтай харах шаардлагатай.

Тэднийг мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь л сонгодог болъё. Намууд ч тэр мөнгөөр биш, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг байя. Наанаа зарчим ярьж, цаанаа иргэдийн саналыг худалдах гэж улайрч суудгаа энд хүрээд цэглэмээр байна.

Үүнтэй холбоотойгоор бие даагчдын талаар ч хөндөх нь зүйтэй. Өмнөх тоо баримтуудаас харахад сонгууль бүрээр бие даагчдын тоо нэмэгдсээр ирж. Энэ удаад бүр даруй гурав дахин нэмэгдсэн. Уг жишгийн дагуу бие даан нэр дэвшигчдийн тоо ирэх сонгуулиудад хэдэн зуугаар тоологдсоор байх нь лавтай. Тэр бүрийд шинэ содон хүмүүс нэр дэвшиж таарна. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөх бие даан нэр дэвшигчид дунд л гэхэд намдаа гоморхсон хуучны улстөрчдөөс эхлээд огт үзэгдэж харагдаж байгаагүй, юу хийдэг, цаашид яах нь тодорхойгүй хүмүүс байна. Энэ нь бие даагчдын хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгахыг сонгогчдоос шаардаж байгаа хэрэг юм. Тэд ч өөрсдийгөө бусдад таниулах, төрийн түшээ байж чадах эсэхээ мэдүүлэх хэрэгтэй. Бодитой, чамбай мөрийн хөтөлбөрөөр “нөхөр”-өө хийх ёстой. Сонгогчид мөн адил бие даагчдын мөрийн хөтөлбөрт тоомжиргүй хандаж болохгүй. Бие дааж байгаа юм чинь гэж толгойг нь илэх бус юуны төлөө төрд гарах гээд байна вэ гэдгийг нь анхаарч нягталж гэмээнэ сонголтоо хийх хэрэгтэй юм. 

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.