Бэлэн мөнгө гардаж авсан бичлэг задардаг шүү, нэр дэвшигчид ээ

73

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нам, эвсэл дөрөвдүгээр сарын 29-нөөс, нэр дэвшигч тавдугаар сарын 26-наас хойш хандив авах эрх нь нээгдэнэ гэж заасан. Хуулийн энэ заалт өчигдрөөс хэрэгжиж, гишүүний бүрэн эрх горилогчид өөр өөрийн цахим хуудсаараа дансаа ил болгож эхэллээ. Энэ үйл явдлын эхэнд нэгэн чухал асуудлыг нийтлэл болгон зангидъя. 2008 онд МАН нэр дэвшигчдийнхээ хандивын босгыг 20 сая, АН 50 сая төгрөгөөр тогтоож байсан санагдана. Тухайн үед АН-ын дарга байсан хүн “50 сая төгрөг өгч чадахгүй хүн нэр дэвшээд хэрэггүй” гэж шулуухан зарлаж байв. Тэгвэл өдгөө энэ тоо өссөөр 500 сая хүрснийг та бид харж буй. Намдаа 500 сая төгрөгийн хандив өгч, сонгуульд нэр дэвших эрхээ халааслаад амжсан бэлтэй нөхдөөс эхлээд амьдардаг орон гэрээ зараад сонгуулийн босго давсан нь ч бий. Хэн нэгний гар, хөл, халаасны хүн болж нэрээ дэвшүүлсэн нэгэн байхад, улс төр дэх ураг төрлийн хэлхээг залгамжлан санал хуваах, эвсэх, нэг тал болж нөгөөгөө хадарч унагах санаа, зорилготой хүн ч байгаа. Энэ мэт түмэн шалтгаантай, мянган зорилготой, үхрийн бөөр шиг алаг горилогчтой сонгуулийг бид үзэх гэж байна. 

Сонгууль тойрсон яриа гол сэдэв болж, зардал ихтэй, өртөг өндөртэй, дэмжигч олонтой “дэвжээ”-нд хүч үзэж байгаа төр түшилцэхээр зорьж буй хүн бүхэн сонгогч, дэмжигчдээсээ хандив, тусламж гуйж, олсон мөнгөөрөө сурталчилгаагаа хийх боломжтой болсон энэ өдрүүдэд нам, нэр дэвшигчийн хандивын дансыг шилэн болгоё. Хэдийгээр Монгол Улс төсвийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн таатай шийдэл олж, Шилэн дансны тухай хуулийг баталсан ч төгс хэрэгжихгүй, “мартагдахад” хүрч байна. Шилэн дансны тухай хуулиар тууштай шоудаад, өөрийн санаархсан албан тушаалдаа очоод ам нь нээгдэхээ больсон цөөн хэдэн хүний шантаажны “зэвсэг” болдог Шилэн дансны тухай хуулийн заалтуудыг нам, нэр дэвшигчийн хандивын аян өрнөж байгаа энэ өдрүүдэд нээлттэй байлгая. 

Иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэлх сая төгрөг хандивлаж болно хэмээн зөвшөөрсөн энэ хэмжээг дагах нь уу, давуулах нь уу гэдгийг нээлттэй хяная. Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй гэдэг. Хандив, мөнгөний сав нь олон амсартай, далдын далдаас халаасны хүнээ дэмжигчид хуульд заасан хэм хэмжээнээс халтирч, халгиж, цалгиулах магадлалтай учраас нам, эвслээс гадна нэр дэвшигчийн дансны мэдээллийг нийтэд зарлая. Ингэж чадвал, гарааны зурхайгаас яг нэг цагт, ижил боломж, тэгш оролцоотойгоор өрсөлдөх боломж нээгдэхээс гадна төр гэх хаалгаар орох гэж байгаа хэн боловч шууд үсэрчихдэггүй, алхаад ордог гэдгийг санаж байх хэрэгтэй биз.

Мөн хэний дансанд ямар хэмжээний мөнгө оров, төгрөг үү, валют уу гэдэг нь тодорхой харагдана. Хандивын дансыг шилэн болгох ёстой ч хэн ч, юу ч хараагүй мэт олны өргөл, барьц, тусламж, дэмжлэгийг авчихаад чимээгүй хав дараад өнгөрүүлчихвэл өнөөх л далд эрх ашиг томрохоос гадна, авлигын ард ямар нэгэн “бялуу” хүртэх, хүртээх гэсэн өр даамжирна. 

НЭР ДЭВШИГЧИД ХАНДИВАА ЗАРЛАЯ

Төсөв мөнгөний зарцуулалт шилэн болсон гэхээсээ авлига шилэн болсон цаг шүү гэдгийг энд онцлохыг хүслээ. Үүнийг сануулан, болгоомжлуулахын учир нь, түмэн хүний дундаас мянган зовлон туулан байж намаасаа дэмжлэг авч, парламентын сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхээ авсан суудал горилогчид сурталчилгаандаа бялуурдаг муу талтай. Ил, далд, ард, урдуур “Дарга аа, даамал аа” гэж гүйдэг нөхөд биш ноход олширдгийг мартаж болохгүйг сануулъя. Яг энэ өдрүүдэд УИХ-ын сонгуульд ялалт байгуулчихсан мэт авирлах горилогчдын дэргэд сүүдэр мэт дагадаг хоёр төрлийн дайсан бий болдог.

Эхнийх нь “Би ялах ёстой” гэх муйхар үзэлтэй, өрсөлдөгч хүчний, багийн довтолгоо бол нөгөө нь “Та л ялах ёстой шүү” гэж хоосон хөөргөдөж, эрсдлийг тооцохгүйгээр бүхнийг балладаг мэдрэмжгүй пиарчид. Ийм хоёр төрлийн буруу тахилчнаас болж нэр дэвшигчдийн рейтинг шавар, шавхайтай хутгалддаг  тохиолдол бишгүй. Малгай өмсгөж, магтаал урсгасан долдой нарт хүлүүлчихдэг эгзэгтэй цагт зарим нь алдрын тавцан дээрээс буухгүй гэж байдгаа бардаг бол ихэнх нь дүрээсээ гарахгүй явсаар буруу гараар орж ирсэн буцалтгүй тусламжийн мөнгөнд даруулах нь бий. Сонголт хийх өдөр ойртох тусам  ихэнх горилогчдийн дотор адын гэмээр бодол, хүсэл ургадаг нь “Ямар ч аргаар хамаагүй ялалтын бамбарыг гартаа атгах юм шүү” гэх улайрал. Ийм шунахайрлаас мөнгө тараая, санал хуваая, эрх ашгаа томруулъя, албан тушаалд очъё, байр сууриа бэхжүүлье гэх мэт башир санаа төрдөг.  

Нэгэнт ийм санаа зүрх, сэтгэлийг эзэмдчихсэн үед бие нь хаашаа одох билээ. Ингээд л шударга өрсөлдөөн, цэвэр ялалт, иргэний эрх ашиг ярьж явсан ардын баатар зүсээ хувиргаад эхэлдэг. Нэгэнт өөр сонирхол үүсээд бурууг бодчихсон хүний тархинд өнөөх сонгуулийн тухай хуулийн заалт, түүнийг дагаж мөрдөх журмууд ямар ч хамаагүй болж, “мартагддаг”. Ой санамж нь арилснаас болоод орой, үдшийн цагаар гэр орондоо сууж байгаад зүс, хэл нь үл мэдэгдэх нөхдөөс их хэмжээний бэлэн мөнгө, валют авсан үйлдэл нь бичлэгээр задардаг хар түүх бий шүү гэдгийг сануулъя. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж үг бий. Тиймээс хандив, мөнгөө хуулийн хүрээнд цуглуулаад, дансаа шилэн болгочих. Тэгж чадвал сонгогдож, дэвших нь яах вэ, ядаж л нэр бүтэн юм даа.   

“ХАРАНХУЙ” ДАНСНЫ ГАЙ 

Хэдийгээр энэ жишээ Ерөнхийлөгчийн сонгуулийнх ч гэлээ өдгөө ч давтагдах магадлалтай учраас тодруулж байгаа хэрэг. 2013 он. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох түүхэн цаг мөч байв. МАН-аас Б.Бат-Эрдэнэ нэрээ дэвшүүлж байсан бол АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Удвал нар нэрээ дуудуулж байлаа. АН, МАН-ын дунд өрсөлдөөн бужигнаж, жинлүүрийн таваг эн тэнцээд байсан үе. Дэвшүүлсэн нам, сонгогдох магадлалаар нь тооцвол өрсөлдөөн хоёр хүний дунд л өрнөсөн. Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ. Ямар ч тохиолдолд энэ хоёрын нэг нь Ерөнхийлөгч болох байв.

Ялагч нь эхнээсээ тодорхой сонгуулиудыг бодвол сонгогчдын санал ч сурталчилгааны хугацаанд хоёр тийшээ савлаж байв. Энэ савлагаа хандивлагч компаниудад ч бас адилхан үйлчилж байсан бололтой. Хожмоо Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн намуудын санхүүгийн тайлангаас харахад, хандиваа тэнцүүлсэн компанийн нэг нь “Энержи ресурс” байсан. Эднийх нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нарт яг ижил хэмжээний хандив өгсөн байсан нь тогтоогдохоор барахгүй одоо ч СЕХ-ны “хавтас”-т хадгалаатай бий. Үүн шиг намуудад болон нэр дэвшигчдэд өгсөн компаниудын хандивыг сонгуулийн бус цагт ч нийтэд ил тод мэдээлж байя. Дансны мэдээллийг хав дарчихвал энэ мэт ээдрээтэй, эрх ашигтай компани, хувь хүн энэ цагт хэдэн зуугаараа тоологдохыг үгүйсгэх аргагүй.

Ийм өглөгийн лай нь данс эзэмшигч дээр буух бөгөөд өглөг, авлага нь төрийн ордонд орсных нь дараа буюу хууль санаачлагч болсных нь ард яригдах нь дамжиггүй. Хүний мөнгө авсан хүн хүний эрхээр “жаргадаг” нь хуульгүй үнэн. 

ЖИЛЭЭС ЖИЛД ТОМОРСОН ХАНДИВЫН ДАНСНЫ БАГТААМЖ БУЮУ НАМД ДАГАН БАЯСАХУЙ

Монголчууд нийтээрээ улс төрждөг болсны шалтгаан нь хандив гэгч хар дансны хэмжээ жилээс жилд томорсон үеэс байж мэднэ. Тухайлбал, 2004 онд сонгуульд оролцсон намууд нийт тэрбум төгрөгийн хандив авч байжээ. Гэтэл энэ тоо 2012 онд 35 тэрбум төгрөг болж өсөв. Хандивын хэмжээ сонгуулиас сонгуулийн хооронд ийнхүү огцом өсдөг нь улс төрийн гол хоёр намаас үүдэлтэй. Хэн намын гишүүний гишгэх шат бүхнийг мөнгөөр “хучна” тэнд улс төржилт, авлига, албан тушаалын наймаа, ар өврийн хаалга, шударга бус тэмцэл өрнөв.

Ийм тэмцэл өрнөх  тусам намуудын гишүүнчлэл олширч, тэр хэрээр хандивын данс томров. 200-180 мянган гишүүнтэй болтлоо үржсэн МАН, АН-ын гишүүд бялуу хуваах ажиллагаанд гар бие оролцохыг хүсэхээс гадна үртэс ч болов амандаа хийхийг хүсэх нь тодорхой. Гишүүдээ албан тушаал гэх “амттанд” алалцуулаад  ар дээр нь дэнчин, хандиваа аваад суух нь намын дарга нарт ашигтай учраас өдгөө аль нэг хүчний харьяалалгүй хүн Монголд алга. Жалга довоороо бүү хэл, эхнэр нөхөр, ээж аав хэд хэд хуваагдаад намаа өмөөрч, ам мурийдаг гаж үзэгдэл Монголд л бэхэжсэн. Гэр бүлийг хүртэл талцуулсан гай нь мэдээж өнөөх хандивын данс, намжсан гишүүнчлэлийн харьяалал. 

ХАНДИВ ХААНААС ЭХЭЛДЭГ ВЭ

Хэн ч мөнгөө зүгээр бэлэглэхгүй. Ард нь заавал давхар эрх ашиг бий. Мөнгөө бариад “Ах аа, намайг бодоорой. Хэрэв гишүүн болчихвол ийм хууль санаачлан батлаад, тийм тендер шийдээд өгөөч” гэсэн сайн дүү олширдог гээд хардчихъя.  Учир нь тэднийхээр мөнгө бол эрх мэдэл. Энэ бол аль нам хэдэн суудалтай байхын хэмжүүр. Ингээд л намууд жил ирэх бүр мөнгөнөөс хараат болж, хандивлагчдын мөнгөө хэд дахин үржүүлж болох “хадгаламжийн данс” болж хувирдаг. “Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар “Сант марал” төв намуудын санхүүжилт, хандивтай холбоотой судалгаа хийсэн юм билээ.

Улаанбаатар, Говь-Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл аймгийн 1200 хүнийг хамруулсан уг судалгаагаар 80 хувь нь хандив өгч, авч буй арга зам ил тод биш гэдгийг онцолсон байдаг. Үүний шалтгааныг 53 хувь нь намууд болон нэр дэвшигчид хандивлагчдаа зарлах хүсэлгүйтэй холбожээ. 52 хувь нь хариуцлага тооцдоггүй, тооцсон ч тэр нь нөлөөлөх хэмжээнд чанга биш гэсэн байх юм. Нээрээ л хэн хэдэн төгрөгийн хандивыг аль намд өгсөн тухай мэдээлэл ил тод биш. Энэ цэвэрхэн “авлига” дансны ард өрнөж, гараас гарт дамждаг.

Тэгэхээр хандив нэрээр 5-20 сая төгрөгийн авлига авч болох энэ аргыг сэдэж, хуулийн хүрээнд зөвшөөрсөн нь өдгөө монголчуудыг нийтээр нь улстөрждөг, талцаж, хуваагддаг үзэгдэл рүү түлхэж байгааг ухааръя. Нэгэнт Сонгуулийн тухай хуулиар зөвшөөрчихсөн хандивыг зогсоож чадахгүйгээс хойш нэр дэвшигчдийн дансыг л шилэн болгоё. 

М.Мөнхтунгалаг

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.