Б.Нямтайшир: Шоронгоос сонгуульд өрсөлдөх анхны тохиолдол ардчилсан нийгэмд гарлаа

482

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж буй Н.Номтойбаярыг төлөөлж түүний аав Б.Нямтайшир СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өнөөдөр гардан авлаа. Иргэн Н.Номтойбаяр УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн. Түүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн сарын 28-нд гаргасан юм. 

Нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардан авсны дараа иргэн Б.Нямтайшир сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр, "Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйлчилсэн СЕХ-нд талархал илэрхийлж байна. Нэр дэвших тогтоолоо гардан авсан байхад түүнийг цагдан хорьсон. Энэ нь сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл. Шоронгоос сонгуульд өрсөлдөх анхны тохиолдол ардчилсан нийгэмд гарлаа. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг боомилохын сацуу Хан-Уул дүүргийн 120 мянган иргэний сонгох эрхэнд халдсан үйлдэл. Шүүх нь хараат бус байх ёстой. Гэтэл үгээр нь яваагүй намын гишүүн, үнэн төрхийг нь илчилсэн иргэн, төрдөө зүтгэсэн ажилтнаа барьж, ял өгдөг жишиг тогтлоо. Миний өвөө, аав хэлмэгдэж явсан. Хэлмэгдүүлэлт ямар гай зовлон дагуулдаг гэдгийг монголчууд мэднэ. Хэлмэгдүүлэлт 20 дугаар зуунтай ард хоцорсон гэж бодож явлаа. Гэтэл өнөө цагт шинэ үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт ирсэн байна. СЕХ-ноос зөвшөөрөхгүй бол шийдвэрээ эргэн харна гэж Чингэлтэй дүүргийн шүүгч шүүх хурлын үеэр хэлсэн юм билээ. Нэр дэвших үнэмлэхээ авсан тул тухайн шүүгч шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна" хэмээв. 

Иргэн Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, анхан шатны шүүх хурлыг энэ сарын 26-нд товлож, түүнийг цагдан хорьсон. Тодруулбал, прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.   

 

С.Мөнхбаатар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>