Умард туйлын бүсэд их хэмжээний шатахуун асгарсантай холбогдуулан Владимир Путин онц байдал зарлажээ

53

Умард туйлын бүс нутагт оршдог голын усанд 20,000 тонн дизель түлш асгарсан ослын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тухайн газар оронд онц байдал зарлах шийдвэр гаргажээ. Баасан гарагт Норильск хотын цахилгаан станцын шатахууны нөөцийн саванд эвдрэл гарснаас дизель түлш гадагш асгарсан байна. Өчигдөр болсон видео хурлын үеэр Путин цахилгаан станцыг эзэмшигч Норникель компанийн захирлыг ослын талаар төвд шуурхай мэдээлэл өгөөгүй гэж буруутган хатуу зэмлэжээ. “Засгийн газар яагаад хоёр өдрийн дараа ослын талаар мэдэв? Ийм ноцтой ослыг бид сошиал сүлжээнээс түрүүлж сонсох ёстой гэж үү? Та ер нь эрүүл байна уу?” гэх зэргээр Путин компанийн тэргүүн Сергей Липинийг зэмлэсэн байна. Норильск хот харьяалагддаг Красноярск мужийн захирагч ослын талаар дөнгөж Ням гарагт анх сошиал сүлжээнээс мэдээлэл авснаа Путинд хэлжээ. 

ОХУ-ын мөрдөн байцаах товчоо дээрх осолтой холбогдуулан гурван төрлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ өчигдөр мэдээлсэн байна. Мөн бүс нутгийн байгаль, гол нууруудыг бохирдлоос цэвэрлэх ажлыг тус улсын онцгой байдлын ерөнхий газар эхлүүлэхээр болжээ. Алдагдсан шатахууны хэмжээ асар их тул нуун дарагдуулах боломжгүйг World Wildlife Fund сангийн ОХУ дахь салбарын тэргүүн Алексей Книжников хэлж байна. 2007 онд Хар тэнгисийн Керчийн буланд 5,000 тонн газрын тос асгарсан нь ОХУ-ын хувьд ийм төрлийн хамгийн том осол байсан бөгөөд цэвэрлэх ажиллагаанд зэвсэгт хүчин болон олон зуун сайн дурынхан оролцож байжээ. Тэгвэл Норильск хотын орчимд гарсан осол нь хэмжээгээр үүнээс хавьгүй том юм. Шатахуун асгарсан Амбарная гол нь зам харгуй муутай, алслагдсан байрлалтай тул цэвэрлэх ажиллагаа явуулахад маш хүнд хэцүү гэж албаныхан үзэж байна. ОХУ-ын байгаль орчны сайд Дмитрий Кобылкин асгарсан шатахууныг шатаах санал гаргасныг зарим хүмүүс хэт эрсдэлтэй гэж үзжээ.  

Р.Төмөр 

Эх сурвалж: Associated Press

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.