Олон улсын олимпын хорооны гишүүнээр Монгол хүн сонгогдлоо

509

 

Олон улсын олимпын хорооны гишүүнээр Монгол хүн сонгогдлоо

 

Олон улсын олимпын хорооны чуулга уулзалт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж тус хорооны гишүүнд нэр дэвшээд байсан таван шинэ гишүүнийг 4 жилийн хугацаатай сонгож, баталгаажууллаа. Шинээр сонгогдоод буй таван гишүүний дөрөв нь бие даасан гишүүн бол нэг нь олон улсын спортын холбооны үйл ажиллагаатай холбоотой гишүүн юм.

Сонгогдсон гишүүд нь Мариадела Каридад Колонь Рюнес (эмэгтэй, 1958, Куба), Колинда Грабар-Китарович (эмэгтэй, 1968, Хорват), Гүнж Рима Бандар Аль Сауд (эмэгтэй, 1975, Саудын Араб), Батболдын Баттүшиг (эрэгтэй, 1986, Монгол) нар бие даасан гишүүнээр сонгогдсон бол Дэлхийн Хөнгөн Атлетикийн Холбооны Ерөнхийлөгч Себастиан Кое (эрэгтэй, 1956, Их Британи) олон улсын холбооны үйл ажиллагаатай холбоотой гишүүнээр сонгогджээ.

Шинээр сонгогдоод буй эдгээр гишүүдээс хамгийн залуу бөгөөд Ази тивийг төлөөлөн сонгогдсон нэр дэвшигч нь Монголын Үндэсний Олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг юм. ОУОХ-ны нэр дэвшүүлэх хорооноос Б.Баттүшигийг олон улсын байгууллагад ажиллах түвшний хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой, ажилласан туршлагатай, ОУОХ-ны Ёс зүйн хорооны өндөр шалгуурыг давсан, Бадминтон болон бусад спорт, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа болохыг онцолсон байна.

ОУОХ-оос нийт шийдвэр гаргагчдын 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлж, залуучуудын төлөөллийг нэмэгдүүлж, нийгэм эдийн засгийн салбар болгоноос төлөөлөл оролцуулах бодлого баримтлах болсон. Энэ удаа сонгогдсон 5 гишүүд нь эмэгтэй болон залуучуудын төлөөлөл байгаа юм. 

Б.Баттүшиг нь МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш ОУОХ болон бусад улсын үндэсний олимпийн хороод, олон улсын спортын холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд онцгой анхаарч ажилласан. Мөн олон улс, үндэсний хэмжээний тэмцээн, уралдааны зохион байгуулалт болон спортын холбоодын үйл ажиллагааг бүх түвшинд дэмжиж ирсэн. Б.Баттүшиг нь "Токио-2020” зуны олимпод оролцох Монгол Улсын багийн ахлагчаар сонгогдсон нь түүнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн спортын зүтгэлтэн болохыг харуулж байгаа юм. Тэрээр Олон Улсын Олимпийн Хорооны нөлөө бүхий Маркетингийн Хорооны гишүүнээр 2018 онд сонгогдож олон улсын түвшинд идэвхтэй ажилласны үр дүнд 2020 онд улиран сонгогдсон. Мөн Дэлхийн Бадминтоны Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүнээр 2016 онд сонгогдсон бөгөөд Монгол хүн олон улсын спортын холбооны өндөр албан тушаалд сонгогдсон цөөхөн тохиолдлын нэг нь боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>