Шүүхийн “зуны даалгавар”

Шүүх байгууллагын "дээрээс” авсан "зуны даалгавар” гэмээр энэ ажиллагаа дуусаагүй байна. Э.Бат-Үүл нар, Ш.Батхүү нар, Н.Золжаргал нар, Д.Эрдэнэбилэг нарын асуудал удахгүй шийдэгдэхээр товоо хүлээж байна. Шүүхээр шийтгэгдсэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхдүүд "...Хэлмэгдлээ” л гэцгээж байна. Бас "...Шүүх улс төрийн нөлөөгөөр ажиллаж, улс төрийн хоригдлууд бий болголоо” гэх ажээ.
ШЕЗ-өөс гаргасан анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын хэргийн хөдөлгөөний тайланд "...Зургадугаар сарын нэгдсэн тайлан мэдээгээр улсын хэмжээнд нийт 6982 хэрэг хянан шийдвэрлэснээс эрүүгийн 2209 хэрэг хянан шийдвэрлэсэн. Үүнээс Нийслэл дэх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 326 хэрэг хянан шийдвэрлэсэн байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт байна” гэж мэдээлжээ.
Манай улсын Эрүүгийн хуульд "...Нэг бод мал хулгайлсан этгээдэд найман жилийн хорих ял шийтгүүлнэ” гэж заасан. Ийм ял шийтгэлийг ч шүүхээс оноож байгаа. Гэтэл хэдэн сууриар нь, магадгүй хэдэн аймгийн малын тоо толгойн үнэлгээтэй тэнцэх хэмжээний хохиролтой албан тушаалтнууд ердөө л нэг халаасны хулгайчид оноодогтой адил ял авсан нь иргэд, олон нийтийн эргэлзээг төрүүлж буй юм. Тэгэхээр шүүх засаглал хэмээх том нэр, шударга ёсыг тогтоогч хэмээх сүржин цол хаачив гэдгийг олон нийт нэхээд байгаа хэрэг юм.
Уг нь Үндсэн хуульд "...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. ...Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, "...Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн зүйл заалт хэрэгжиж чадаж байна уу. Шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр эдгээр хэргийг шийдэж чадсан уу гэдгийг ч хэнээс ч юм асуух шаардлага бий болоод байна.