Сэрэмжтэй, хямгач хэрэглээг чухалчилъя
Даян дэлхийг айдаст автуулж, бараг бүх орныг хамран 13 сая гаруй хүнд халдварлаж, 600 мянга орчим хүний амь насыг аваад байгаа “COVID-19” хэмээх шинэ төрлийн тахал улс орнуудын дэг журам, ёс заншил, уламжлал хэвшлийг нь өөрчлөн шинэчлэхэд хүргэж, тэдгээрийн тусгаар төрх, биеэ даах төлөвийг харуулж, хүн ардынх нь зан чанар, сэтгэлгээний онцлог, сахилга, хариуцлагыг ч илчилсээр байна.
Арлын 5.7 сая хүн амтай Сингапур тариалах газар нэн хомсдолтойгоос газар тариалангийн гол бүтээгдэхүүн будаа, гурилаа импортоос голлон хангадаг байсан нь багагүй хүндрэлд учруулж, Засийн газар нь нутгийнхаа фермүүдийн санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, “Илүү ихээр, түргэн ургуулах, хүнсээ хямгач хэрэглэх” зорилт дэвшүүлэн олон давхар байщин, машинуудын зогсоолын дээвэр дээр хүртэл тариалалт хийж эхэлжээ. Энэчлэнгээр улс орон, хүн бүхэнд энэ аюулт тахал элдвийг, ихийг бодогдуулж, ажил амьдралд өөрчлөлт шинэчлэл, арвич хямгач байдлыг шаардаж, идэж уух, өмсөх зүүхдээ ч зохих хязгаарлалт тогтоохыг сануулж байна.
Монголчууд бид азтай, тэнгэрлэг учир дотоодод цар тахал тархахгүй байгаа юм огт биш. Гол нь Засгийн газрын чигч бодлого, тууштай ажиллагаа, хил хамгаалалтынхан, халдварын голомтод аюулт өвчинтэй, өвчтөнүүдтэй нүүр тулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй ачит эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын ухамсартай, хариуцлагатай, тэвчээртэй, мэргэжлийн ур чадвартай холбоотой. Товчхондоо тэд Монгол эх орноо, Монголоо, Монголчууд биднийгээ хамгаалж чадаж байна. Эрүүл энхийн сахиусан тэнгэр эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан та нартаа баярлалаа. Та бүхний энэ гавьяат үйлс, үнэнч сэтгэл, зүтгэл, мэргэжлийн ур чадвар чинь төр засагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд анхаарагдаж байгаа нь үнэхээр бахархалтай.