Оршуулгын өндөр зардал сөрөг үр дагавар тээх шинжтэй

585

Оршуулгын өндөр зардал сөрөг үр дагавар тээх шинжтэй

 

Жаргал, зовлон ээлжлэх нь жам ч гэлээ ойр, дотнын хүмүүсээ цөөн хоногийн зайтай алдахад хорвоо хатуу болохыг улам мэдрэх ажгуу. Хүн болгонд тусалж, үргэлж инээмсэглэж явдаг хижээл насны сайхан ах минь хүнд өвчнөөр өөд болоод удаагүй байна. Гэнэт яваагүй болохоор гэр бүлийнхэндээ хэлэхээ хэлж, захихаа захисан. Тэднийх нийтийн жишгээр аваад үзэхэд дундаж амьдралтай айл. Гэр хорооллыг “шүтдэг”. Хэнээс ч, юунаас ч хараат бусаар бүхнийг хашаандаа амжуулж болдог эрх чөлөөний талбар бол гэр хороолол гэж үздэг. Тийм айлын өрхийн тэргүүн биеэ муудахад үр, хүүхэд, ханьдаа өөрийгөө “Ил тавьчихаарай” гэж хэлсэн. Бурхан болоочийг хөдөөлүүлэх ажлын эхнийх нь “алтан сав” нээлгэх. Түүнийг нээсэн лам юу гэж хэлнэ, тэр бүхэн оршуулах ажлын турш дагаж мөрдөх “баримт бичиг” болдог хойно. Үүгээр талийгаачийн шарилыг чандарлаж болохгүй гэжээ. Өөрөө ч захисан, лам бас тэгж хэлсэн болохоор ил тавих нь зүйтэй гэдэг дээр гэрийнхэн, ах, дүү нар нь санал нэгдсэнээр заасан зүгт нь хөдөөлүүлсэн юм. Хотоос хол аваачсан. XXI зуунд талийгаачийг ил тавиад байх нь төдийлөн тааламжтай байх уу.

Бие нь муу хүн юу эсийг бодож хэвтэх вэ. Ах “Би босохгүй нь. Байхгүй болчихоор ажил явдал гэж энэ хэд маань зовох нь дээ. Хүүхдүүд минь тэр үнэтэй ямар хүрээлэн ч гэлээ, тийм газарт аваачих гэж байдгаа барах вий. Тэнд бурхан болоочийг 4.7-15 сая төгрөг төлж оршуулдаг юм байна лээ. Манайхан бага үнэтэйг нь сонгож “онигоо” болоод яах вэ, дунджаар нь шийдье гээд дор хаяж 10 саяыг зарах байх. Хүүхдүүдийнхээ, байрны урьдчилгаанд цуглуулж буй хэдийг тэгж ч үрэн таран болгуулахгүй шүү” гэж бодсон болов уу. Тиймээс өөрийгөө ил тавиарай гэв үү. Хүүхдүүдээ, ханиа гэсэн эцэг хүний санадаг л санаа хэмээн бодном. Эднийх лам, бөөгийн удамгүй, үе дамжсан, заавал ёсчлон биелүүлэх ёстой гэсэн ямар нэгэн уламжлалт зан, үйл гэх юмгүй айл. Гэрт нь цугласан хүмүүсийн яриаг сонсож байхад нэг бүсгүй “Ах минь үлдэж буй хүмүүст зардал, чирэгдэл бага байхыг нь бодож ингэж хөдөөлүүлээрэй гэж захисан юм байх даа” хэмээж байлаа.

Үүнээс долоо хоногийн өмнө бас нэгэн бурхан болоочоо хөдөөлүүлсэн юм. Талийгаачийн хүүхдүүд нийслэлээс баруун хойно, Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд байх “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” оршуулгын газрыг сонгож, дундаж зардал төлсөн. Цэвэрхэн, байнгын арчилгаатай нь хүүхдүүдэд нь таалагдсан юм. Ажил явдал өнгөрсний дараа оршуулгад оролцсон нэгэн эмээ “Хоёр хоног л бодлоо. Нас барсан хүнийг хөдөөлүүлэх гэж 10-аад сая төгрөг зарцуулах гэж юу гэсэн үг юм бэ. Эднийх бас ч гэж гайгүй, хүүхдүүд нь орлого сайтай болохоор зохицуулах шиг боллоо. Жишээ нь, намайг яваад өгөхөд хүүхдүүд хүнээс мөнгө зээлдэж хөдөөлүүлэх үү. Ямар гээчийн зовлонтой юм бэ. Тэгж үр хүүхдээ зовоож байснаас ачааны машинаар нутагт минь аваад очоорой, хоёр метр урттай нүх олдож л таарна гэж захих юм байна. Тоглоогүй. Ер нь хэн, хэзээнээс ийм завхрал үүсгэсэн юм бэ. Хөгширсөн болохоос үхэхдээ тулаагүй байна. Энэ асуудлыг хариуцдаг засаг, захиргаа гэж байдаг л байлгүй, очиж уулзана. Замбараагүй, эрээ цээрээ алдсан энэ байдлыг болиулна. Бизнес хийж болно, гэхдээ үхэл, хагацлаар бол болохгүй” гэж уурсав. Тэгснээ тэрбээр “Яг юунд ийм их мөнгө зарцуулж байгааг бодоод ойлгохгүй юм. Биднийг тэнд байхад талийгаачийн үр хүүхэд, дүү нарыг нь дуудаад аваад явсан. Тэр хооронд бидэнд цай, жигнэмэг өгсөн. Сүүлд сонсоход дуудсан хүмүүсийг задгай, гоё машинаар шарил хүртэл авч явсан гэсэн. Энэ мэт үйлчилгээний төлөө тийм их мөнгө нэхэх гэж байх уу. Гайхаад барахгүй нь” хэмээн толгой сэгсэрч байв.

Эмээгийн ярьсны мөрөөр тухайн оршуулгад явсан хүмүүстэй санал солилцоход оршуулгын зардал маш өндөр гэдэг дээр бүгд санал нийлж байв. Нэг нь “Шарилыг цогцос түр хадгалах байрнаас гоё машинаар ачиж явсан. Цайвар саарал өнгийн “Форд” байна лээ” гэв. “Үүнээс өөр ямар зардал байна. Ийм өндөр байхаар “нэмүү өртөг” шингээсэн ямар үйлчилгээ, бүтээгдэхүүн байна вэ. Угаас талийгаачдыг хөдөөлүүлэхэд илүү зүйл байдаггүй. Тэгсэн атал юуны төлөө ийм их мөнгө авна вэ” гэж бодсоор байлаа. Тэр өдөр оршуулгад цуг явсан нэгэн эмэгтэй “Би бас гайхаад тэнд байхдаа асуухад үйлчилгээний ажилтан нь “Сайн мэдэхгүй ээ. Газар нь үнэтэй байх аа” гэж байна лээ” гэв. Хүн оршуулах газар үнэхээр тийм үнэтэй байдаг, эсэх талаар нийслэлийн Газрын албанаас асуухад “Одоо мөрдөж буй Газрын тухай хуулиар нийтийн эдэлбэр газрын үнэ нэг ам метр тутам нь 17 төгрөг. Уг хуулийн 12.2-т зааснаар нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэсэн хариу өгөв. “Юу гэнэ ээ, ам метр газрын үнэ 17 төгрөг юм уу” гэхэд “Тийм ээ” гэлээ. Энд дурдагдаж буй “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”-гийнхэн хуулийн хүрээнд, гэрээний дагуу тухайлбал, таван га газар эзэмшдэг гэж бодвол жилд хэдэн төгрөг төлдөг нь гараад ирнэ. Энгийн тоо хооронд нь нэмж, хасаад, үржүүлж хуваагаад үзэхэд тэр мөнгийг бурхан болооч нэг л хүний оршуулгын зардлаас олохоор.

Ойр дотнынхноо алдаж уй гашуу болсон хүмүүс тухайн үедээ талийгаачаа сүүлчийн замд нь хүндэтгэлтэй үдэхээ бодно уу гэхээс энэ мэтийг анзаарах сөхөөгүй өнгөрдөг нь үнэн билээ. Гагцхүү удаан өвчтэй хэвтэж буй хүмүүс амьд байх өдрийн тоо цөөрөхийн хэрд үр хүүхдээ зовоохгүй гэсэндээ дээр дурдсан хүн шиг аль боломжит, зардал бага орох оршуулгын тухай урьдчилан бодож, захиж үлдээдэг гэлтэй. Мөнхийн орныг зоригсдод ард үлдэж буй хүмүүстээ захих, гэрээслэх зүйл бишгүй байлгүй яах вэ. Гэхдээ л өөрийгөө хөдөө аваачаад ил тавьчихаарай гэж захих хүртэл тавгүйтүүлэх нь энэ цаг үе хэр цөвүүн болсныг гэрчлэх мэт.

Оршуулга нь бизнес болоод удсан. Бүгд мэддэг. Өдгөө ийм төрлийн ажил, үйлчилгээ эрхэлдэг хүн, байгууллага олон болжээ. Олны танил тамирчин ч ийм компанитай болчихож. Тэд төрийн өмч болох газрыг ам метр тутмыг нь 17 төгрөгөөр эзэмших эрх авдаг юм байж. Шарилыг аятайхан машинаар ачиж аваачих, талийгаачийн гэр бүл, үр хүүхдийг шарил байгаа газарт хүртэлх замд мөн гоёмсог унаагаар тээвэрлэн, оршуулгад оролцогсдыг кофе, жигнэмгээр дайлах гэх зэрэг үйлчилгээ үзүүлдэг юм байж. Гэлээ гэхэд зардлыг ийм өндрөөр тогтоох үндэслэл юунд байгааг ойлгохгүй байгаа юм. Зардалд хайрцаг, шарил ороох торго, хөшөөний чулууны үнийг багтаасан байдаг юм билээ л дээ. Мөн оршуулгын дараах арчилгаа багтдаг гэсэн. Гэсэн ч дундаж амьдралтай айлд ахадсан үнэ. Ямар сайндаа зарим нэг нь амьсгаа хураахаасаа өмнө амжиж, өөрийгөө ил тавиарай гэж байх вэ. Нэгэн бодлын арга ядсан, нөгөө талаас нь үзвэл ухаалаг бөгөөд зоримог эцэг хүний шийдэл гэж бодох ч энэ нь оршуулгын зардал хэтэрхий өндөр байгаагийн сөрөг үр дагавар хэмээн харж байна.

Энэ сэдвээр олон хүнтэй ярилцлаа. Ямар замаар хөрөнгөжсөн нь хамаагүй чинээлэг хүмүүст бурхан болоочоо 15 саяар оршуулах нь асуудал биш аж. Хэтэвч нимгэн хэрнээ бусдаас дутуугүй харагдах гэж наанаа инээж, цаанаа уйлж байдаг нэрэлхүү хүмүүс энэ үйлчилгээг сонгомтгой бололтой гэж амьдрал туулсан ахмадууд хэлж байна. Ийм “гоё” оршуулгын зэрэгцээ нийтийн, Нарангийн энгэр гэх зэрэг газарт оршоох нь бол нээлттэй. Тэр газрыг сонговол зардал 1-3 саяд багтана. Бурхан болоочоо хаана, ямар үнээр оршуулах нь иргэдийн, гэр бүлийн сонголт ч гэлээ манайх шиг ядуу эдийн засагтай, хоногийн хоолоо яая гэж буй айл олонтой улсын иргэд оршуулгад хэтийдсэн хөрөнгө зарах нь хамгаа барж хурим хийхтэй адил зүдэргээтэй ажгуу.

Газар хямд ийм цаг үед улсын иргэн нас барахад ногдох газрыг нь үлдэгсдэд нь хүндрэл багатайгаар олгоод байх нь төрийн үүрэг хэмээн санана. Аливаа ажил, үйлчилгээг бусдад ч, өөртөө ч ашигтайгаар явуулахыг бизнес гэх бөгөөд энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн тул оршуулгын бизнес эрхэлж буй компаниудыг буруутгах, ад үзэх аргагүй юм. Харин ч ажил хөнгөвчилдөгт нь талархах нь зүйн хэрэг. Гэлээ ч гэсэн оршуулгын зардал хэтэрхий өндөр байна гэж буй иргэдтэй санал нийлж буйгаа илэрхийлэн бичлээ. Өндөр настнууд “Үхэж үр хүүхдэдээ өр үлдээх хэцүү цаг үе иржээ” гэдэг. Тэдний сэтгэлийн шаналгааг нэвт шувт ойлгов.

Бэлтгэсэн: Д.Долгормаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>