Х.Булгантуяа: Зээлийн хүүг дахиад дөрвөн хувиар бууруулах боломж бололцоо бий

115
 
УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкуудын холбоо хамтран Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж буй. Энэхүү төслийг боловсруулахад оролцсон, УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯАТАЙ ярилцлаа.
 
-Яриагаа хамгийн сүүлийн үеийн асуудлаас эхэлье. Жагсаал цуглаан зохион байгуулж буй хүмүүсийн хэлж байгаачлан зээлийн хүүг бууруулж, гурван хувьд хүргэх боломжтой юу?
 
-Монголд өнөөдрийн байдлаар шууд жилийн гурван хувь болгох боломжгүй. 2020 оны төсвийн тодотгол дээр инфляцыг 3.8 хувь, 2021 онд долоон хувьтай байхаар тооцоолсон. Цар тахлын улмаас эдийн засаг агшиж инфляц ч түр багассан байна. Инфляц ийм хэмжээнд байхад хүмүүс мөнгөө банканд нэг хувийн хүүтэй хадгалуулах уу. Банк ямар ч ашиггүй, алдаглал хүлээж ажиллах уу. Банкийг ашигтай ажиллуулахын тулд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж болох уу. Мэдээж зээлийн хүүг захиргаадалтаар шийдэх боломжгүй. Зээлийн хүү зах зээлийнхээ горимоор явах ёстой. Гэхдээ банкууд бас иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, өндөр ашиг олж, мөнгө хүүлж болохгүй. Захиргаадалтын аргаар буулгах гэж үзвэл банк, санхүүгийн олон байгууллага дампуурч эдийн засаг ч улам хүндрэх эрсдэлтэй. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар банкуудыг шахаж шаардах нь зүйтэй.
 
-Ирэх дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүүг дөрвөн хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Ийм боломж бололцоо манай улсад бий юү?
 
-Зээлийн хүүг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн пунктээр бууруулсан. Энэ бол бараг сүүлийн 30 жил хамгийн хурдацтай буурсан үзүүлэлт. Зээлийн жигнэсэн дундаж хүү одоо жилийн 16.3 хувьтай байна. МАН УИХ-ын ээлжит сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө ‘‘Зээлийн хүүг бууруулж, сарын нэг, жилийн 12 хувьд хүргэнэ” гэж тусгасан.
 
Энэхүү зорилтыг Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулсан. Тиймээс бид өнгөрсөн дөрвөн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ дүгнээд, зээлийн хүүг ирэх дөрвөн жилийн хугацаанд дахиад дор хаяж дөрвөн пунктээр бууруулах боломж бололцоо бий. Буруу бодлого явуулбал иргэдийн амьдралын чанарт нөлөөлдөг, амьдралын чанарыг илтгэдэг инфляц, ядуурал, чанаргүй зээл зэрэг үзүүлэлт хурдан мууддаг. Дараа нь эдийн засаг өссөн ч эдгээр үзүүлэлтийг сайжруулахад амаргүй байдаг.
 
-Та бүхэн ийм эрсдэлийг бий болгохгүйн тулд Зээлийн хүүг бууруулах стратегийн төслийг боловсруулахдаа ямар бодлого, чиглэл баримталсан бэ. Холбогдох талууд ямар зүйлд зарчмын хувьд санал нэгдэв?
 
-Зээлийн хүү бууруулахыг олон нийт, УИХ болон холбогдох байгууллагаас нь шахаж шаардаж явахгүй бол аажмаар буурах байлгүй гээд орхиж болохгүй. Монгол Улс хамгийн өндөр зээлийн хүүтэй улсын нэг. Иргэд, бизнес эрхлэгчдийн зүгээс зээлийн хүү бууруулахыг хамгийн их хүсэн хүлээж байгаа. Зээлийн хүүг бууруулах стратегийг Монголбанк болон Банкуудын холбоотой хамтарч боловсруулсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралын үед улс орон болгон өөрийн салбар бүрийн үйл ажиллагааг чамбайруулж дотоод нөөц бололцоогоо тултал нь шавхаж байна. Банкууд ч ийм хүсэлтэй байна. Зээлийн хүүг бууруулахад хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг нь шийдээд өгөх хэрэгтэй. Дөрвөн чиглэлээр энэ удаагийн стратегийг боловсрууллаа. Нэгдүгээрт, эх үүсвэрийн зардлыг бууруулах. Олон зүйлээс эх үүсвэрийн зардал өндөр байна. Экспортыг дэмжих, олон улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах гэх мэт олон ажил үүнд туссан байгаа. Жишээлбэл, өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид өндөр хүүгээр хадгалуулж тэр нь зээлийн хүүг ч хөөрөгдүүлж байна. Хоёрдугаарт, банк, санхүүгийн салбарын зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах ёстой. Жишээлбэл, хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж зээл төлөх хөшүүргийг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийн үүргийг хангуулах ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Хариуцлагагүй зээлдэгчдийн эрсдэл, зардлыг сайн зээлдэгчид үүрээд яваад байж болохгүй. Гуравдугаарт, банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах ёстой. Монгол банкнаас банк, санхүүгийн байгууллагаас авдаг шимтгэл хураамжийн хэмжээг бууруулах арга хэмжээ авна. Нөгөөтэйгүүр банк, санхүүгийн байгууллагууд цахим шилжилт, дундын зарим дэд бүтцийг бий болгож зардлаа багасгах ёстой. Тухайлбал, банк бүр өөрийн АТМ, пос машин гэх мэт маш их зардалтай. Гадаадын улс орнуудад эдгээр зарим дэд бүтцийг гуравдагч тал бий болгож түүнийг нь дундаа ашиглаад явдаг. Эцэст нь бид хөрөнгийн захыг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох замаар санхүүжилтийн зардлыг бууруулах ёстой. Мөн холбогдох шимтгэл хураамжийг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх замаар банкнаас бусад санхүүгийн эх үүсвэрийг дэмжих ёстой. 
Монгол Улсын хувьд нийт санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банк, үлдсэн таван хувь нь санхүүгийн бусад байгууллага эзэлдэг. Банкнаас бусад санхүүгийн байгууллагыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл болгож байна. Ингээд харахаар нэг талаас хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулж нөгөө талаас үйл ажиллагааны зарим зардал чирэгдлийг багасгаснаар зээлийн хүү буурах боломжтой гэж үзэн стратегийг боловсруулсан.
-Зээлийн хүү бууруулах стратегийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсны дараа Монголбанк төдийгүй арилжааны банкууд юунаас ажлаа эхлүүлэх хэрэгтэй вэ?
 
-Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо холбогдох шимтгэл, хураамжийг бууруулах ажлаас эхлэнэ. Үүнтэй зэрэгцэн холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулах ажлыг УИХ намрын ээлжит чуулганаар хэлэлцэж эхэлнэ. Эдгээр хуулиас нэлээдийг нь боловсруулсан байгаа. Хамгийн багадаа зургаан хуульд өөрчлөлт оруулна. Эдгээр ажлыг эртхэн эхэлж байж үр дүн гарна. Өнгөрсөн дөрвөн жил ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарт том үнэлэлт дүгнэлт өгсөн нь санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чухал алхам болсон. Ингээд нөхцөл байдал ямар байгаагаа үнэлээд реформын ажил эхлүүлсэн.
 
-Банкуудын зардлыг хэмнэх талд ямар шийдэл байна вэ?
 
-Банкны реформын ажлын хүрээнд Төвбанкны тухай хууль болон Банкны тухай хууль, Үндэсний төлбөр тооцооны тухай хууль гэх мэт хуульд өөрчлөлт оруулсан. Тэгэхгүй бол банкны салбарын зарим нэг хууль бараг 1990-ээд оныхоороо өнөөг хүрсэн байсан. Банк, санхүүгийн салбар бүхнээс түрүүнд техник технологийн шинэчлэлийг явуулдаг ч үүнийгээ тус бүрдээ хийдэг. Түрүүн хэлсэнчлэн банк бүр АТМ, пос машинтай, хамгаалалтын алба, тусгай хэрэгцээний автомашинтай байдаг. Энэ бүхэн нь тодорхой хэмжээнд зардал нэмж байдаг. Мөн зээлийн мэдээллийн сан болон төрийн эрх бүхий байгууллагын мэдээллийн сан хооронд мэдээлэл солилцох боломжийг бий болгож, мэдээллийн санг бие даасан болгох хэрэгтэй байна. Одоогоор бараг банк тус бүр их зардал гарган үүнийг хийдэг. Зээлдэгч нар олон бичиг баримт бүрдүүлж зардал чирэгдэл ч ихтэй байдаг.
 
-Санхүүгийн зохицуулах хороо стратегийн хүрээнд ямар үүрэг, чиглэл хүлээж байна вэ?

-Зээлийн хүүгийн зардлыг 60 орчим хувийг бүрдүүлж буй эх үүсвэрийн зардлыг бууруулахад санхүүгийн зах зээл чухал үүрэгтэй. Гадаад валютын ханшийн эрсдэлийг удирдах санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх, компанийн өрийн хэрэгслийг хувьцааны бүртгэлээс хөнгөвчилсөн байдлаар бүртгэхтэй холбоотой дүрэм, журам гаргаж биржийн болон биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх гэх мэт арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны оролцоо их чухал. Бид банкнаас бусад санхүүгийн зах зээлийг тус хороогоор л дамжуулж хөгжүүлнэ.Сүүлийн жилүүдэд биржийн арилжаа өндөр өсөлттэй байгаа ч техник технологийн шийдлийг нэвтрүүлэх, иргэдийг санхүүгийн боловсролоор хангах гээд хийх ажил энэ чиглэлд их байна.
 
-Арилжааны банкууд эрсдэлтэй гэх шалтгаанаар зээл гаргахаас татгалзах тохиолдол байдаг. Иймд зээлийн эрсдэлийг бууруулах тухайд ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?
 
-Зээлийн эрсдэлийг бууруулахад 15 ажил хийхээр төлөвлөсөн байна. Жишээлбэл, төлөх хөшүүргийг ашиглаж, чанаргүй зээлийг нь төлүүлэх, барьцаа хөрөнгөөр нь зээлийн төлбөрийн үүргийг хангуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Барьцаанд байгаа эд хөрөнгийг яах вэ гэдэг банкуудын хувьд том асуудал болдог. Банкны тухайд барьцаанд байгаа эд хөрөнгийг шаардлагатай газарт нь зарж борлуулах үйл ажиллагаа нь удаан үргэлжилдэг. Яагаад гэвэл, энэ бол банкны хийх ёстой үндсэн үйл ажиллагаа биш. Тиймээс гадаад улс орнууд зарим тохиолдолд энэ төрлийн дундын хамтарсан компани эсвэл ийм чиг үүрэгтэй хөндлөнгийн компаниар гүйцэтгүүлдэг. Банкны зээлийн хоёрдогч захыг активын удирдлагын үйл ажиллагааны үндсэнд хөгжүүлэх зорилгоор активын удирдлагын мэргэшсэн удирдлагын институтийн эрх зүйн орчныг бүрдүүлэх гэх мэт ажлуудыг тусгасан байгаа.
 
-Санхүүжилтийн зардлыг бууруулах тухайд ямар зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзсэн бэ?
 
-Төсвийн тогтвортой байдлыг хангах, экспорт, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин валютын нөөцийг өсгөж, гадаад эх үүсвэрийн өртгийг бууруулах, санхүүгийн зах зээл дээр санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дахь дотоод эх үүсвэр гадаад валютаар бүрдэж байгааг бууруулах гээд нийт 24 ажлыг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хийх үүрэгтэй.
 
-Эдийн засгийн гол үзүүлэлтүүд тогтворгүй байвал зээлийн хүү буурахгүй, харин ч нэмэгдэх эрсдэлтэй учраас ирэх жилүүдэд эдийн засгийг тогтворжуулах, тэлэх чиглэлд хэрхэн анхаарах ёстой вэ?
 
-Дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотойгоор эдийн засаг тогтворгүй байна. Төсвийн зардал нэмэгдэж байна. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдлын салбарт урсгал зардал нэлээд нэмэгдэж байна. Мөн энэ зун зарим аймагт зуншлага тааруу байсан учраас өвөлжилт хүндрэх магадлалтай. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахад зарцуулах зардлыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Бид ямар ч тохиолдолд нэн чухал салбаруудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь хийхээс өөр аргагүй. Хүнд хэцүү цаг үед хэмнэлт хийх ёстой ч улс орны үндэсний аюулгүй байдлын хувьд хэзээ ч алдаж болохгүй зүйл гэж бий. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, батлан хамгаалахын салбар гэх мэт. Эдгээрийг нэг удаа алдахад дараа нь хэчнээн их хэмжээний хөрөнгө мөнгөтэй болсон ч алдсан үнэ цэнийг нь эргэж нөхөж авч чаддаггүй. Манай улсын хүн амын дийлэнх хувийг хүүхэд, багачууд, тэтгэврийн насныхан эзэлдэг.
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн 95 хувь нь улсын сургуульд сурдаг. Энэ бүхнээс авч үзэхэд төсвийн зардал өндөр байна. Ирэх жилүүдэд шийдэл ярьж, хийж хэрэгжүүлэх ёстой асуудал бол эдийн засгийг тэлэх бодлого. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх, шаардлагатай дэд бүтцийг ямар байдлаар татах, хууль эрх зүйн орчныг гаднын болон дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд яаж ээлтэй болгох вэ гэдгийг ярьж, шийдэх ёстой.
-Өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг дөрвөн хувиар бууруулсныг зах зээлийнхээ зарчмаар гэж харах тохиолдол гарч байна. Зээлийн хүүг ийм хэмжээнд бууруулахад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь юу байв?
 
-Манай улсын төсвийн сахилга бат сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд маш сайн байлаа. Төсвийн тухай хууль, Үндсэн хуульдаа хүртэл өөрчлөлт оруулж, төсвийг сахилга баттай болгосон. Монгот Улсын төсөв найман жилийн дараа буюу 2018 онд анх удаа ашигтай гарсан. Өнгөрсөн он жилүүдэд төсвийн орлого төлөвлөснөөс дандаа давж биелсэн. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд хуримтлап бий болгосны дүнд энэ цар тахлын үед хүүхдийн мөчгөн тэтгэмжийг 100 болгох, НДШ-ийг тэглэх, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг татварэас чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч чадаж байна. Одоо бид эдийн засгаа дэмжих зорилгоор томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монголбанг нэлээд чанга мөнгөний бодлого хэрэгжүүлсний дүнд манай улсын гадаад валютын нөөц ч нэмэгдсэн. Эдгээр болон бусад хүчин зүйлийн үр дүнд зээлийн хүүг дөрвөн пунктээр бууруулж чадсан. Энэ бол томоохон үзүүлэлт. Ялангуяа манай зээлдэгч нарын хувьд зээлийн хүүг 0.5 хувиар бууруулахад л ихээхэн нөлөөлдөг.
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.