Орон нутгийн сонгууль: МАН-аас бусад нь эвсэнэ
Монгол Улс Дээд шүүхэд бүртгэлтэй 34 улс төрийн намтай. Үүнээс 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эсвэл, 160 гаруй бие даагч, нийт 660 нэр дэвшигч оролцсон. Сонгуулийн өмнө нийгмийн уур амьсгал "60 тэрбум”, ЖДҮ, концесс, тендерийн наймаагаар мөнгө хүүлж, ард түмнээ туйлдуулсан Ардын намыг сонгохгүй. МАНАН-г халж нар мандуулах сонголтыг хийнэ гэцгээж байв. Гэтэл сонгуулийн дүн гарахад МАН УИХ-д 62 суудал авч, АН 11, бие даагч нэг, "Та бидний эвсэл” , "Зөв хүн электорат” эвслээс тус бүр нэг суудал авсан. Сонгуулийн үр дүнг том зургаар харвал МАН ердөө 30 гаруйхан хувийн саналаар төр, засгийн эрхийг барих боломжийг өөртөө төвлөрүүлсэн. Нөгөө талд нийт сонгогчдын 60 хувийн санал гудамжинд үлдсэн. Олон нам, нэр дэвшигч, бие даагчдын тоогоор санал хуваагдсан. Дээр нь эрх баригч намын зүгээс санал тоолох "Хар машин”-д урьдчилан бий болгосон луйврын тохируулга нөлөөлсөн.Төрийн байгууллагууд бүгд эрх баригчдын дохио зангаагаар үйлчилсэн зэрэг хүчин зүйлүүд бас бий. Сонгуулийн дараа улс төрийн нам, эвслүүд тус тусдаа хурлаа хийж, тайлангаа нэгтгэж, дүгнэлтээ гаргахдаа бүгд дээрх дүгнэлтэд хүрсэн байдаг. Үүнийгээ ил тод мэдэгдэж байв. Сонгууль болохын өмнө болоод сурталчилгааны үеэр эрх баригч нам луйвар хийж байна гэж олон нийтэд мэдэгдсэн хүн цөөнгүй. Үүнийг цагаан дээр хараар бичигдэж үлдсэн өнгөрсөн сонгуулийн үйл явдал, баримтууд гэрчилнэ.
Тухайлбал, МАХН-ын дарга, "Та бидний эвсэл”-ийн тэргүүн Н.Энхбаяр зургадугаар сарын 22-нд болсон сонгуулийн сурталчилгааны хаалтын ёслол дээр хэлсэн үгэндээ "Сонгууль шударга болоосой, улс орны өмнө тулгамдсан улс төр, эдийн засгийн шийдэл гарцууд нээгдсэн сонгууль болоосой гэсэн хүсэлт хүлээлт их байлаа. Гэтэл МАН ялагдахаа мэдчихээд луйвар хийж эхэллээ.
Монгол Улсад сонгуулийн тэгш эрх гэж байхгүй. Үүний хар гайгаар ийм нөхцөл байдалд хүрсэн. 2020 оны сонгууль нам ялах уу, улс ялах уу гэдэг л сонгууль явсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Орон нутгийн сонгуулийн өмнө тэрээр өөрийн цахим хуудаст УИХ-ын ээлжит сонгуулийн луйвар булхайг нэг мөр болгож шийдвэрлээгүй байж дараагийн сонгуулийг явуулах гэж байгааг шүүмжилж байгаагаа илэрхийлээд байна.