З.Бат-Отгонг Монголын Казакуудаас уучлал гуйх хэрэгтэй гэв
Сүүлийн үед зохион байгуулалттайгаар Монгол Улс дахь үндэсний цөөнхийн Үндсэн хууль хийгээд Олон улсын конвенцид заасан бүрэн эрхэнд халдаж, үндэсний эв эеийг бусниулж, хагарал үүсгэх зорилготой мэдэгдлүүд удаа дараа гаргах болсонтой холбогдуулан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн зүгээс дараах мэдэгдлийг гаргаж байна.
Монголын суу ухааны "Манукол” академийн ерөнхийлөгч хэмээх З.Бат-Отгон нь хэдэн хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монгол дахь казахуудын 11 өвөг эцэг жилд хэд хэдэн удаа залуучуудыг цуглуулан Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн газар нутагт Казахын улс байгуулах санаатай байна” хэмээн ор үндэслэлгүй зүйл ярьсан байна. Түүний энэхүү хэн ч итгэмээргүй, болчимгүй яриа нь ямар ч баримт үндэслэлгүй бөгөөд Казах түмнийг гүтгэн доромжилсон үйлдэл юм.